ХЯРГАС НУУР, ЗҮҮНГОВИЙН "УРТЫН БУЛАГ","ТЭСИЙН НАРИЙН ГОЛ",УВС "БАЯННУУР"-ЫН ЭЭЛЖИТ АЯЛАЛ

2023-12-29  

     Ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш өмнө хэвлүүлсэн “Аян зам, бодол эргэцүүлэл” номынхоо дараагийнх болох  хоёрдахь номыг хэвлэлд бэлтгэж буй юм байна. Тэнд орох тэмдэглэлийнхээ заримаас манай сайтад ирүүлснийг толилуулж байна. 

Хяргас нуур, Зүүнговийн “Уртын булаг”, Тэсийн “Нарийны гол”, Увс    “Баяннуур”-ын ээлжит аялал

-Тэс Петролиумын Төөмбий, Самдангэлэг генералын Саша нартай зам нийлэв-

    Жил жилийн зуны улирал эхлэнгүүт л нийслэлийнхэн тал тал тийшээгээ нутаг орноо зорих ч юм уу эсвэл урьд өмнө очиж үзээгүй газар орон руугаа аялахаар хөлгийн жолоо залах нь элбэг болжээ. Бараг л аль гэр бүр төмөр хүлэгтэй болсон цаг үе гэхээр, нийслэлээс хөдөөг зорих цуваа ч бөглөрөл түгжрэл үүсгэдэг болчихож. Энэ жил наадмын амралт  урт, бүтэн долоо хоног үргэлжлэв. Бага хүү, эхнэр бид гурав сүүлийн хэдэн жил аялаж амарч буй Хяргас нуурынхаа зүг наадмын урт амралт өндөрлөх цагаар зорин гарлаа. Өнгөрсөн жил Хяргас сумын 100 жилийн ойд оролцоод амралт  маань албархуу талдаа болсон. Их ойд зориулсан “Хяргас 100 жил” ном бүтээх ажлыг хариуцаж ойн өдрөөс өмнөхөн Нутгийн зөвлөлтэй хамтран уг номын нээлтийг “Интерном”-д ёслон хийж, тэр оройгоо Хяргас нутгийн зүг гарч байлаа. “Хяргас 100 жил” ном маргааш нь ачигдаж бидэнтэй уралдсаар нутагт очсон байв. Номын редакцынхан ч сум орныхоо 100 жилийн ойн зочид болцгоож албан ёсны олон арга хэмжээнд оролцсон юм. Энэ жилийн хувьд элдэв ёслол, ийм тийм ажил албанд оролцохгүй, аймаг сум орж ах дүү хамаатан саднуудаар зочлохгүйгээр зөвхөн нуур усны эрэгт “Хяргас нуур”, “Өгөөмөр Хяргас тур” гэх аялал жуулчлалын хоёр баазад нийт найм хонохоор эртнээс захиалга өгч жин тан болгочихоод аялалдаа гарав. Хяргас руу зорихоос хэд хоногийн өмнө УИХ-ын Байнгын хорооны дарга, эрхэм гишүүн Б.Баттөмөр анд маань найз нөхдийн нэгэн уулзалтын үеэр Хяргас, Тэс гэх маршрутаар амарч аялахаар төлөвлөснөө ярьж байв. Тэрээр миний Хяргас явна гэдгийг сонсоод аян замын ганзага нийлэх юм биш үү гэх санал надад тавьсан юм. Наяад оны сүүлээр Москвагийн Намын дээд сургуулийн нэгэн үеийн сонсогчид байх цагаасаа нөхөрлөж, сүүлийн жилүүдэд ч ойр дотно яваа болохоор түүний тэр санал надад таатай байлаа. Дөрвөн жилийн өмнө Увс Хархираа, Хяргас нуур, Тэс сум, Нарийны гол гээд хамтдаа амарч аяласан таатай цаг үе бидний хувьд бас байсан. Хувь эзэмшдэг Хархираагийнх нь амралтад нь бидний хэсэг  нөхөд гэр бүлээрээ амарч тэндээсээ Тэс сумын “Нарийны гол”-д Баттөмөр андын охины хурим буюу “Баядын хөшиг тайлах” найрт оролцож дуу хуураа өргөж наадаж найрлаж явцгаалаа. Энэ тухай миний бие өмнө нь сонин хэвлэл, цахим сайтад “Увс, Хархираа”, “Тэсийн хурим” нийтлэл бичиж хэвлүүлж байв. Ийм л андтайгаа энэ удаагийн аялалд зам нийлэхээр болсон юм. Тэгээд л наадмын дараахан Хяргас нуурыг зорьж билээ. Эрхэм анд маань дүү нар болон найз нөхөд гээд олуул явах тул өглөө эрт гарчихлаа гээд замаасаа утасдаж байв. Холбоо харилцаа асуудалгүй болсных хаа яваагаа харилцан мэдээлээд л давхиж байцгаав. Гурван машинд хуваагдан суусан тэд Архангайн Чулуутад очиж хоноглоно гэцгээж  байна гэнэ. “Эртхэн очиж загасчлаад Архангайн Чулуутад хүлээж байя” гэж цувааны ахлагч Төөмбий (Бид Баттөмөрөө ийн дотночилдог юм )над руу замаасаа утасдлаа. Хүү бид гурав нийслэлээс өглөө аажуухан гарч  үдээс хойхонтоо Архангайн төв Цэцэрлэг хот оров. Архангайд томилолтоор ажиллаж буй анд Ц.Нарангэрэл маань урьдын заншил ёсоороо бидний ийш тийш аялахдаа буудалладаг “Ундрам” зочид буудлын ресторанд хоол унд захиалчихсан хүлээж байх. Ойр зуурын сонин, найз нөхдийн талаарх хөнгөн дурсамж ярьж инээдэм наргиан болж байгаад зоогоо өндөрлөж аян замдаа шуудрав. Замдаа амтлаарай гээд Архангайн сарлагийн өрөм, ааруул хурууд эхнэрт маань Нараа өгч байх. Энэ нь ч бидний хувьд заншил болчихсон тухай аян замынхаа тэмдэглэлд өмнө би бичиж байсан даа. Бидний найз нөхдүүд баруунтаа аялахдаа Нараа андаараа ингэж үйлчлүүлээд бүр дасчихсан юм. Хэл чимээгүй өнгөрчихвөл Нараа маань гомдох аястай болоод буй. Бид ч Архангайд төлөөлөгчийн газартаа гэж л хоорондоо ярьцгаадаг юм. Хариуцан бариулж буй 940 ортой эмнэлгийн цогцолбороо энэ намар ашиглалтад өгөх гээд чардайж байгаа юм билээ. “Ойр тойрны сумуудын болон аймгийн 100 жилийн ойн баяр, зуны наадам наргиан олшроод ажил хийдэг амьтан хүн цөөдөөд хэцүүхэн байна...” гэж ажил хэрэгч инженерийн зовлон тоочиж байв Нараа инженер. “Буцаж ирэхдээ хэл чимээ өгөөрэй” гэсээр биднийг тэр үдэв.

     Чулуутын хавцалд. Цагаан даваа, Тамирын гол, Тэрхийн цагаан нуур гээд л Архангайн үзэсгэлэнт байгалийг харж бахдан давхисаар харуй бүрий болж байхад Чулуутын голд орж ирлээ. Төөмбий маань багийнхантайгаа Чулуут голын хавцлын дээхэнтээ байрлах тохижилт сайтай, ая тухтай амралтын газарт байрлачихсан байв. Бидэнд ч гэр буудал авчихаж. “Чулуутын хавцал” хэмээх энэ амралт, аялал жуулчлалын бааз нь арав гаруй гэр, бас тэр тооны модон байшингуудтай юм.  Зоогийн газар нь 40-50 хүний суудалтай гэнэ. Монгол, солонгос, европ хоолны цэсээр үйлчилдэг аж. Гадаах хоёр сүүдрэвчид нь залуус гитардаж дуулаад сууцгааж байна лээ. Эндээ мах шарах үйлчилгээний ВВQ нэртэй хоёр саравчтай юм. Цэцэрлэг хотын “Ундрам” зоогийн газарт оройн хоолоор дайлуулчихсан болохоор эдний үйлчилгээ хүртэх шаардлага бидэнд байсангүй, тэгээд ч Төөмбийгийн багийнхан маань оройн зоог гээд хэд хэдэн төрлийн шарсан, чанасан  мах шөл, гэдэс гээд өдий төдий амттан ширээнээ өрчихсөн биднийг хүлээж байв. Бүсгүйчүүл нь ч түргэн шуурхай үйлчилцгээж байх. Багийнханаа анд маань танилцууллаа. Оюунаа, Аюуш, Алтай нарын бүсгүйчүүл нь Баттөмөрийн төрсөн дүү нар аж. Төөмбийгийн ихэнх хувийг нь эзэмшдэг шатахуун түгээгүүрийн Тэс Петролиум компанид нь алба хашицгаадаг бололтой юм. Баттөмөрийн гэргий Эрдэнэчимэг нь бидний гэр бүлийн хуучны танил, өмнө би нэгэнтээ дурдсан “Хархираа” амралт, Тэсийн хуримын үеэр дуулж хуурдаж бүжиж, наргиж наадаж танилцсан нэгэн билээ.Тэрээр зээ нараа эрхлүүлээд л сууж байв. Тээр жилийн Тэсийн хуримын “эзэн” Бямбадулам охиных нь охид аж. Аав Б.Бат-Очир нь охидтойгоо хамт энэ аялалд хамт яваа юм байна. Аюушийн нөхөр Нямдаваа гээд бөх байрын хүдэр зузаан эр, бас хөдөө гадаа хаа сайгүй л бидний аялалд оролцож үйлчилгээ аж ахуй, хангамж хариуцаж явдаг хөнгөн шингэн залуу Эрдэнэбат хоёр Баттөмөрийн багийнхны унааг залуурдаж бас бус бусад ажил албыг нь эрхэлж явцгаана лээ. Нэгэн гадаад зочныг Баттөмөр анд бидэнд танилцуулсан нь түүний садан төрлийн Железников Александр Сергеевич гэх орос эр байв. Удам угсааныхаа талаар бичсэн Баттөмөрийн “Мэргэн Самбуу” гэх номноос би энэ эрийн тухай мэдээлэл өмнө уншиж байсан болохоор энэ монгол, оросын эрлийз эрийг би ерөнхийд нь мэдэх юм. Монголын нэртэй Генерал Самдангэлэгийн хүү гэдгийг нь социализмын үеэс л би сонсож байсан. Надтай хамт Москвад суралцаж байсан Лувсандандарын Хангай, багадаа Сансар, 12 дугаар хороолол хавиар амьдарч байхдаа дүүтэй нь найзалж ойрхноос мэддэг байсан, хожим нь Парис хотноо Элчин сайдаар сууж байхад нь  ярилцлага хийж хүүхэд үеийнхээ үүх түүхээс ярьж танилцаж явсан Шүхэртийн Алтангэрэл эрхэмтэй энэ Саша дотно найз гэдгийг би найз нараасаа сонсож л явлаа.  Саша, Баттөмөр хоёр гуравдахь үеийн үеэлүүд аж. Тэс сумын уугуул, түрүүч Самдангэлэг Москвад цэргийн сургуульд суралцаж байхдаа орос бүсгүй Людмила Железняковатай гэрлэсэн гэдэг. Саша  Генералын дунд хүү аж. Улаанбаатарт Зөвлөлтийн Орос гуравдугаар сургуульд суралцаж төгсөөд Монгол улсын их сургуулийн Монгол хэлний факультетэд суралцаж төгссөн гэнэ. Социализмын үед Монголын ШУА-ийн Эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдэд ажиллаж байж. Монгол эхнэр авч арваад жил Монголдоо амьдарсан гэх. Нэг охинтой, тэр нь одоо Парист амьдардаг гэнэлээ. Хожмоо хоёрдахь амьдралаа орос бүсгүйтэй холбож, одоо түүнтэйгээ Москва хотноо аж төрж буй аж. Хүү, охинтой, ач зээ гуравтай гэнэ. Эрхэм Александр Сергеевич Железников одоо ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Улс төр, социологи судлалын төвийн удирдагчаар ажилладаг юм байна. Улс төрийн ухааны доктор цолтой аж. Оросын Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний энэ хүрээлэнд ажиллах болсноор Оросын Холбооны Улсын иргэншил авсан юм байх. Ээжийнхээ орос овгийг авсан гэнэ. Аавыг нь Цэргийн Академид сурч байх үеэс нь орос найзууд нь Самдан-Гэлэг нэрнийх нь эхний хоёр үсэг болох СГ хоёрыг авч Сергей гэж дууддаг байж. Тийм болохоор хүү Саша нь монгол аавынхаа энэ орос нэрийг отчество болгож Александр Сергеевич Железников хэмээгдэх болсон юм байх. Ийм нэгэн холимог баг аян зам нийлээд явж буй маань энэ бөлгөө. Гэр гэртээ тав тухтай унтаж амарцгаачихаад Төөмбий андын дүү бүсгүйчүүлийн бэлтгэсэн өглөөний цай унданд орчихоод аян замаа хөөхөөр болцгоов. Гэргий хүү хоёр маань гэр буудлынхаа үнийг төлөх санаатай асууж сурагласан чинь “Тэс Петролиум”-ын эзэгтэй Эрдэнэчимэг тооцоог нь хийчихсэн гэж амралтын менежэр бүсгүй ярьж гэнэ. “Чулуут хавцал”-ын сайтад гурваас дөрвөн ортой гэрийн хоногийн үнэ 120-180 мянга гэсэн мэдээлэл харагдаж байсан. Нэг хэсэгтээ л “Тэс Петролиум”-ынхны хишигийг ийн хүртээд явах нь бололтой. Байгалийн үзэсгэлэнтэй нутаг газарт хоноглосных бид хэд хавцалын эргэн тойрноор хэсэг алхаж зураг хөргөө татуулцгаалаа.

Чулуутаас хөдөлж хэсэг давхиад Тариат сумын төв хүрч очиход тэндэхийн “Тэс Петролиум”-ынхан “  манай багийнхныг хүндэтгэн угтав. Шинэхэн хайлмаг, сүүтэй цайгаар биднийг дайллаа. Зам зуурын Завханы Тосонцэнгэл, Сонгино сумын шатахуун түгээгүүрийнхэн компанийхаа удирдлагуудыг ийн хүндэтгэн угтаж аян замыг нь ая тухтай болгож байлаа. Баттөмөр гишүүний нэг дүү нь компаний захирал бололтой юм. Шатахуун түгээгч бүсгүйчүүлийн зарим нь Оюунаа захиралаа гэцгээгээд л ажил албаа танилцуулж байцгаана лээ. Тосонцэнгэлийн шатахуун түгээгүүрийн захирал нь гэртээ урьж хонины шинэхэн гэдэс, мах шөлөөр биднийг дайлж байв. Зам зуурын сум болгонд дайлуулж цайлуулсаар манай багийнхан үдээс хойхонтоо “Хяргас нуур” амралт аялалын баазад хүрч очив.

    “Шар сугас” бужигнасан “Нуурын шугам”-д. Гэр буудлаа авч хөнгөн цайлчихаад  “Нуурын шугам” руу аялацгаалаа. “Нуурын шугам” гээч нь ямар газар болохыг өмнөх нийтлэлүүддээ би хангалттай бичсэн дээ. Баазаасаа арваад минут давхиад л тэнд бууцгаалаа. Төөмбий маань загасчлах гээд  биднийгээ яаруулчихсан юм. Чулуутын хавцалд загасчлах бодолтой очсон хэдий ч гол үертэй, улаан бороор эргэлдээд боломж олгосонгүй гэж байсан юм. “Нуурын шугам”-д орос, монголын загасчдын десант буучихсан хөл хөдөлгөөн ихтэй байв. “Нуурын шугам” гэх энэ газар нь нуур руу цүлхийж орсон хэдэн км өргөн хойг маягийн хошуу байснаа хумигдаж нарийссаар нарийссаар нуурын их ус хоёр талаасаа нийлсэн тэр үзүүр газар юм. Энэ үзүүрт загас элбэг болохоор газар газрын загасчид жил жилийн зун намарт дуртайяа цуглардаг гэх юм билээ. Орос загасчдын долоо найман жип, тав зургаан майхан энд ярайж байв.

Бидэнтэй хамт энд ирсэн амралтын баазын эзэн Л.Банзрагч эрхэм “Их үдийн алдад нуурын энэ баруун үзүүр бараг л загасаар давалгаалах шиг болдог юм. Нуруу сэрвээгээ шаргалтуулсан загасан сүрэг ёстой л сүлжилдэж өгнө шүү. Өдийд нуурынхаа гүн рүү цаашилчихсан байгаа” гэж ярьж байв. Багийн тэргүүлэх загасчин Баттөмөр анд маань нуурын энэ нарийн үзүүрт гуч дөчөөд метрт дэгээ шидээд удаж төдсөнгүй хагас метр шахмын урттай шар сугас гаргаад ирлээ. Цаг шахам болоход дахиад дөрвийг уургалчихлаа. Хоёрыг нь жижиг юм гээд усанд нь буцаагаад тавьчихна лээ.

Биднээс цаахантай загасчилж яваа залуус бас тав зургаан шар сугас бариад буцаж байв. Холгүйхэн орос загасчид моторт завьтай загасчилж явна лээ. Ер нь нуурын энэ шугам загас элбэгтэй нь илт. Манай багийн Саша ямар нэртэй загас болохыг биднээс асууж сонирхож байна. Оросоор юу гэж нэрлэдэгийг нь бид мэдэхгүй юм. Саша надаар нэг загасыг нь бариулж байгаад Москвад буй хүү рүүгээ утасдаж дүрс дүрсээ харан энэ ямар загас болохыг асууж лавлаж байна. Хүү нь загасны лавлах энэ тэр харж байгаад эргээд холбогдоё гэж байх. Энэ хооронд Саша Москвад буй гэргийтэйгээ бас дүрстэй дуудлага хийгээд аян замынхаа тухай хуучлаад авна лээ. Тэр яриа дууссаных нь дараа Сашагийн хүү Москвагаас залгаж бидний барьсан “Шар сугас” загасны орос нэр нь “Осман” гэдэг болохыг мэдээлж байв. Монголын харилцаа холбооны хөгжлөөр энүүхэн зуур бид хэд бахархаад авлаа. Хэдэн жилийн өмнөх нэгэн тохиол миний санаанд орж байх. Социализмийн үе буюу наяаад оны эхээр Булган аймгийн Хутаг өндөр сумын намын дарга нэгэн эрхэм утас холбооны асуудлаас болж “Намын улаан”-аасаа салах дөхөөд уйлах нь холгүй байсан гэх тэр нэгэн түүх юм. Тэр тохиолын тухай миний бие ном товхимолдоо бичиж үлдээж байж. Зөвлөлт Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко 1982 онд Монгол оронд зочилж Өмнөговь, Булган аймаг, Эрдэнэт хотоор аялаад Эг, Сэлэнгэ мөрнөөр аялаж усан замаар нутаг буцсаныг манайхны уншигчид сонин хэвлэл, телевиз радиогийн мэдээ мэдээллээс үзэж уншиж сонсож байсан байх... Эрхэм Евтушенко болон түүний багийнхан Эрдэнэт хотод зочлоод буцахдаа Хутаг өндөр сумаар дайрч хоноглож. Энэ багт Зөвлөлтийн “Известия” сонины сурвалжлагч, нэрт нийтлэлч Леонид Шинкарёв, Эрхүүгийн Их сургуулийн ректор, профессор И.Пархоменко гээд олон алдартнууд, Монголын “Үнэн” сонин, Үндэсний телевиз, радиогийн сурвалжлагчид, бас тэр үеийн Намын төв хорооны ажилтан багтаж явсан юм билээ. Хутаг өндөр сумын намын дарга нь энэ төлөөлөгчдийг хүлээн авч дайлж цайлаад тэр дайллагынхаа үеэр сум орныхоо ажлыг танилцуулж нам засгийн буянаар иргэдийнх нь аж амьдрал их сайжирч буй талаар баахан магтаал, сайн сайхны жишээ баримт ярьж. Сумын төвийн сургууль соёл, клуб, халуун ус, шуудан холбоо гээд бүх салбар нь аймагтаа ч, улсад ч дээгүүр орохоор хөгжиж буй гэсэн юм байх. Сумаасаа бид аймаг нийслэл, тэр байтугай гадаад орнууд руу ч утсан холбоогоор ярьдаг болсон гэж ярьж. Дайллага цайллагын дараа Евгений Евтушенко сумын халуун усанд орж зам зуурын алжаалаа тайлмаар байна гэсэн юм байх. Намын дарга сандарч сумынхаа албатуудыг дуудаад халуун усаа галлуулахаар болж. Ядаж энэ үеэр сумын дарга нь аймаг ороод эзгүй байж. Зуны сард тэр бүрий ажилладаггүй болохоор халуун ус нь бэлэн байсангүй, усаа зөөж, мод түлээгээ бэлдсээр байтал гурав дөрвөн цаг өнгөрч их найрагч уурлаж ундууцаад усанд орохоо больсон аж. Тэгээд л нөгөө алдартан Лондонд буй эхнэртэйгээ утсаар яримаар байна. Хүү маань гурван настай нялх амьтан үлдсэн, тэднийхээ байр байдлыг мэдмээр байна гэж. Холбооныхоо бүсгүйг дуудуулж ирүүлчихээд их найрагчийг намын дарга өөрийнхөө утастай өрөөндөө оруулаад хүлээлгэчихэж. Холбоочин бүсгүй нь Улаанбаатараар дамжуулаад Москва руу залгуулах гэж баахан оролдоод бүтэлтэй юм болоогүй аж. Тэр үед гадаад руу ярихад Москвагаар дамжиж олон дамжлага болж аймаг хотын залгагч нарт үг дайж ярьдаг байсан юм байх. Аймаг, хотын залгагчид нь Москва, Москва... гэж   баахан хашгичаад ч холбогдож чадаагүй аж. Сумын намын дарга холбоо саатаад болохгүй нээ гэж учирлаж. Хүлээж залхсан эрхэм Евтушенко Цэдэнбал дарга руу ярихаас, түүнтэй холбуулаад өгөөч, танай удирдагч намайг очсон газраасаа надтай ярьж бай гэсэн юм гэж... Хутаг өндөрийн дарга золтой л ухаан алдаад уначихаагүй гэсэн. Энэ тухай нь надад энэ багт хамт аяласан Үндэсний Телевизийн зураглаач Ч.Тогтох ярьсан юм. Тэр намар нь миний бие Үндэсний Телевизийн зураглаач Л.Умбанямтай хамт сурвалжлах ажлаар явж байхдаа Хутаг өндөр суманд өнжиж намын тэр даргатай хальт таарч байсан юм. Умбаа бид хоёр хэрэгт дуртай сэтгүүлчдийн зангаар тэр үеийн тухай дурссан чинь тэр дарга “Ёстой босоо ороолонтой таарсан шүү, золтой л намын “улаан”-аасаа салчихаагүй шүү...” гээд толгой сэгсэрч байсан. Амьдрал, ажил байдлаа гоёчилж сайрхдагийнхаа балагийг л энэ дарга хүртсэн хэрэг гэдгийг Тогтох зураглаач, Умбаа сэтгүүлч бид хэд тэр цаг үед хоорондоо хүүрнэж байсан юм. Евтушенко найрагч ч тэр даргын гоёчлолыг мэдээд түүнийг хашраах гэж л аягласан байдаг. Хамт явсан хэддээ ч найрагч тэр тухай хэлж байсан гэнэ лээ. Миний бие наяад оны сүүлээр Евгений Евтушенко найрагчтай Москвад уулзсан тухайгаа бичсэн нэгэн нийтлэлдээ энэ тохиолын тухай нилээд дэлгэрэнгүй дурсан тэмдэглэж байв (Монголын Шилдэг нийтлэл 32 дугаар боть 404 дүгээр хуудас 2012 он). Үүнийг энд дурсахын учир нь Монгол орны маань сум орон гэлтгүй бүр алс хөдөө газраас ч гадаадын аль ч орон руу шууд холбогдон ярих боломж бололцоотой боллоо, бүр тэр байтугай дүрсээ хараад ч ярьчихдаг, зураг хөрөгтэй мэдээлэл сэлт шууд солилцчихдог болсоныг л илэрхийлж ярих гэсэн хэрэг. Намын улаан батлахнаасаа салах дөхсөн тэр хурган даргын айдас одоо аль ч сум орны удирдлагад байхааргүй нийгмийн хөгжил дэвшил ирээд буй нь бодит юм. Аялалынхаа хүүрнэлээс нилээд алс явчихлаа. Нуурын энэ нарийн үзүүр үнэхээр л загас элбэгтэй байлаа. Төөмбий “загасчин”-ыхаа олзыг аваад бид хэд тэндээс унаа руугаа алхацгаав.

     Орос загасчид. Унаа хүрэх замдаа орос загасчдын заримтай нь тааралдаж танилцав.

Зарим нь нуурын гүнд загасчилж явцгаана лээ. Сергей Соурпис гэх хижээл эр Тувагаас энд аялаж амарч яваа юм байна. Нийслэл Кызылд Зам барилгын том компанид орлогч захиралын алба хашдаг аж. Хяргас нуурын эргээр явж буй Улаангом Улаанбаатарын замыг хаанахын ямар компани барьсаныг тэрээр сонирхож байв. Дорнод аймгийн Чойбалсан хот, Баянтүмэнд далаад оны сүүл наян оны эхээр хугацаат цэргийн алба хааж байсан тухайгаа энэ эрхэм хүүрнэж байлаа. Соурпис гэх овог нь Норвегиэс гаралтай гэнэ. “Орос орон их том, олон үндэстэний бүрдэл, миний Норвеги овог ч түүний илрэл, олон үндэстний цус холилдсон би гэдэг хүн одоо Тувачуудтай хамт танай хилийн хойхонтоо л аж төрж амьдарч байна. Монголд, энэ баруун хязгаарт би ирж очиж явдаг нэгэн, гэр бүл найз нартайгаа нуурын энэ эрэгт ирээд хэд хонож байна” гэж ярьж байлаа. Субедобов Андрей гэх арай залуу эр нь “Норильск Стар” компаний онгоцны нисэгч аж. Тэдний онгоц Ази Европ тивийн улс орнуудад хаа сайгүй л нисэж байдаг юм байх. Америк, Африк тив рүү ч нислэг хийдэг гэнэ. Филиппин, Вьетнамд загасчилж байсан тухайгаа Андрей ярьж байна лээ. Саяхан Африкийн Кени, Этиоп нисээд ирсэн гэнэ. Олон улсын хоригт орсноос хойш Африк тивийн улс орнуудтай Орос улсын улс төр эдийн засгийн харилцаа нилээд тэлж тэр зүг рүү нислэг олширсон аж. Эдний толгой компани нь “Норильск Никель” юм. Оростоо төдийгүй дэлхийд дээгүүр эрэмблэгддэг компани болохыг манайхан мэднэ дээ.” Норильск Никель”-ийн босс нь оросын нэртэй тэрбумтан Владимир Потанин Нэгэн үе Оросын Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын орлогч байсан, одоо ч оросын улс төр эдийн засаг, бизнесийн ертөнцөд өндөр эрэмбэтэй явдаг нэгэн. “Форбес” сэтгүүлийн 2023 оны жагсаалтад Норильск Никелийн эзэн Владимир Потанин 23.7 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийд 62 дугаарт, Оростоо хоёрт эрэмбэлэгдсэн байна лээ. Хяргас нуурт загасчилж аялаж яваа

        Зурагт: Баруун гар талынх нь Сергей Соурпис, зүүн гарт Субедобов Андрей

Субедобов Андрей гэх энэ эр өндөр нэр төртэй тэр баян компанийн нэг салбар компанид алба хашдаг аж. Ажилладаг компаниараа ч бахархдаг биз, компанийхаа тугийг майхан, машин дээрээ зоогоод мандуулчихсан байна лээ. Юм юманд гар татаж нарийлахааргүй том бизнесмэнүүд Хяргас нуурт иржээ гэдгийг би хэлэх гээд л энэ бүхнийг тэрлээд байна. Нуурт аялаж амарч, загасчилсаны татвар шимтгэл гээд хэдэн төгрөгийн хураамж орон нутгийн төсөвт ч юм уу, эсвэл энэ нуурын шугамд байрлаж буй аялал жуулчлалын баазад төлөх ёстой гэвэл тэд огтхон ч татгалзахааргүй хүмүүс. Энэ Андрейгийн аав Владимир Субедобов нь Красноярск мужийнх гэнэ. Хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэж худалдаалдаг хувийн компанитай юм байх. Улаангомын хүнсний компанитай харилцаа холбоотой ажиллаж, тэднийд зарим тоног төхөөрөмж нийлүүлж угсралтын ажлыг нь хариуцан туслаж байж. Сүүлийн хэдэн жил Улаангом, энэ Хяргас нуур гээд л амралт ажил албаны шугамаар Монголд олонтоо ирж байсан гэнэ. Энэ удаа Субедобовынхон олуул ирсэн бололтой юм. Аав хүү Субедобовын гэргий нар нь загасчидын барьсан шар сугас загасыг давсалж хатаах, тэдний бага насны хоёр хүү загасны нурууны махыг шулж бэлтгэх ажлыг хариуцан хийж байлаа. Загасны хэвлийн хэсгийг толгойтой нь нуураас зайдуухан цахлай шувуунд хаяж өгөх ажлыг энэ отогийн арваад насны хоёр хүү гүйцэтгээд гүйлдэж явна лээ. Цахлайнууд тэднийг хүлээгээд хайрган нуруудын энэ тэрүүгээр эгнэн сууцгааж бууж суун нисэлдэж харагдсан. Энэ нуурын цахлайнуудыг бэлэнчлэх сэтгэхүйд сургаж залхуу болгож байна даа та нар гэж манайхны нэг нь

тэдэнд наргиа дайж байв. “Хэвлий хэсгийг нь яагаад хаядаг юм бэ?” гэж намайг асуухад Владимир Субедобов “Ийм төрлийн загасны хэвлийд нарийхан урт цусан судал байдаг юм, тэр нь хоолны хордлого өгөх магадлалтай...” гэж байх юм. Гурван жилийн өмнө бидний хэдэн аялагчид яг энэ нуурын үзүүрт баахан загасны сэг зэмтэй тааралдаж сэтгэл эмзэглэж байсан. Энэ тухайгаа ч сонин хэвлэл, сайтад зураг хөрөгтэй нь тавьж нийтлүүлж байснаа саналаа Үндэсний шуудан сонин -2021 он № 014, Control.mn  сайт. Манай багийн аялагч ТВ9 телевизийн хэмээгддэг Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Цэндийн Энхбат энэ талаар шүүмжлэлт нэвтрүүлэг бэлтгэж өөрийн Коментатор телевизээр нэвтрүүлж, мөн Control.mn сайтдаа тавьж байв. Тэрээр мөн энэ бүс нутаг хавийг түр хариуцан ажиллаж байсан Увс аймгийн Хан хөхийн бүсийн байгаль хамгаалах газрын ажилтан

С.Бумжаргалтай “Хяргас нуур” амралтын баазад тааралдаж түүнээс ярилцлага авч нэвтрүүлэгтээ оруулж байсныг би мэдэх юм. Аймаг сумын байгаль орчныхонд утас цохиж хил гаалийнхандаа хэлж ярьж орос тувагийн тэр загасчид аялагчдыг тодруулаач гэх хүсэлт тавьж байж билээ ...

Бидний энэ удаа тааралдаж танилцсан орос загасчид маань зургаан том шар сугас загас майхныхаа өмнө эгнүүлчихэж. Нилээдийг манайхны борц хатаадаг шиг хэц татаад ирийлгэчихсэн байв. Шинэ барьсан загаснуудаа биднийг аваач гэж саймширцгаалаа. Манайхан өөрсдийн барьсан хэдээ зааж

бидэнд энэ маань хангалттай гэцгээж байлаа. Орос загасчид биднийг ширээнээ урьлаа. Хүүхдүүд нь шаламгайлан загас шарж, бүсгүйчүүд ширээ засаж эрчүүд нь “Самогон” хэмээх гэртэй нэрдэг хатуу нэрмэлээ хундагалав. Манайхны нэг нь машин руугаа гүйж 0.5-ын шар “Чингис” авчирч ширээнээ тавина лээ...  Красноярскийн энэ багийнхан сүүлийн хэдэн жил нуурын энэ үзүүрт ирж загасчилж байгаа гэцгээж байв. Дээр бидний танилцсан Сергей Соурпис ахлагчтай Тува Кызылийн багийнхантай эднийхэн энэ зун энд таарч танилцаж хамтдаа буудаллаад байгаа нь энэ аж. Найм есөн жип, төдий тооны майхан, хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн гучаад хүн байх шиг. Эдний жил жилийн ийм загасчлалд манай талын ямар ч хяналт саад тотгор байгаагүй аж. Энэ талаар тэдэнтэй яриа өрнүүлэв. “Зөвшөөрөл энэ тэр гэж байдаг бол бид түүнийг нь аваад, татвар шимтгэлээ төлөхөд асуудал байхгүй л дээ, тийм шаардлага тавьсан хүн бидэнтэй таарч байсангүй, танай аймгийн Хүнсний салбарынхантай ажил төрлийн холбоотой байдгийн хувьд аймаг орон нутгийн эдийн засгийг дэмжихэд бид огтхон ч татгалзахгүй шүү дээ” гэж багийн ахмад нь болох эрхэм Владимир Субедобов ярьж байв. Эдний багийнхан сүрхий чинээлэг хүмүүс болох нь илт. Том жипүүдтэй, бас моторт завиуд ачаад ирчихсэн, хоёр завь нь нуурт хөвж дөрвөн залуу нь тэнд загасчилж явна лээ. Хүү ач нартайгаа, гэр бүлээрээ аялаж яваа бизнесмэн Субедобов Владимир нь өөрийнхөө Субедобов гэх овгийг Сүбээдэй жанжинтай холбон тайлбарлаж байв. “Чингис хааны шадар баатарын энэ нэр манай элэнц хуланцын үеэс л бидний овог болж ирсэн. Эртний тэр баатар, түүний удмынхан манайхны өвөг дээдэс байх аа” гэж тэрээр ярьж байв. Хожмоо энэ эрийн зургийг харж байхад тэр яриа магадлалтай байж мэдэх санагдав. Маргаашаас эрхэм Субедобовын найзын

тэргүүлсэн бас нэг баг нуурын үзүүрт ирж эдний халааг авна гэж энэ багийнхан ярьж байна лээ. Олон тооны оросууд ирж загасчилж эдний боловсруулсан шиг нилээд их хэмжээний загасан бүтээгдэхүүн авч буцах бололтой юм. Нийслэлд ирж энэ нийтлэлээ тэрлэж байхдаа Увс Хүнс компанийн захирлаар ажиллаж байсан, Хяргас сумын сургуульд нэгэн цагт хамт нэг сурч байсан, сайнаар яривал садан төрлийн холбоотон болох Монгол улсын гавъяат эдийн засагч Түнжингийн Лхагвасүрэнтэй утсаар холбогдлоо. Түүнд Хяргас нуурт Владимир Субедобовтай авахуулсан зургаа илгээж таньж мэдэх талаар нь асуув. “Яг энэ эртэй уулзаж явснаа санахгүй байна, манай инженер,  ажилтнууд түүнийг таньдаг байж магадгүй. Манайхан Красноярскт очихдоо “Субедей” гэх компанитай харилцаж тэднийхнээс зарим материал, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл авч байсныг би мэдэх юм. Тэднийхний оросууд ч манай үүгээр ирж очиж л байдаг юм ...” гэж тэр ярив.   

    Их л нөөц бололцоо, эдийн засаг алдаж байна даа. Хяргас нутгийн уугуул миний бие, нэрт сэтгүүлч Цэндийн Энхбат бид хэд сүүлийн хэдэн жил Хяргас нуурт ирэх болгондоо л нутаг орныхон маань их л нөөц бололцоо алдаж буй тухай нь нийтлэл тэмдэглэл, нэвтрүүлэг бэлтгэж бичиж нийтэлж байцгааж. Герман, Бельги, Австрийн гучаад аялагчид аялалын дунд гарын тав зургаан автобустай нуурын эрэгт байрлачихсан нэг хэсэг нь нуур усанд сэлж, зарим нь хийлдэг завьтай нуурын дунд хэсэгт аялаад л, зарим нь машиныхаа дэргэд хийн зууханд хоол унд бэлтгээд л тухтай сайхан амарцгааж байсантай бид таван жилийн өмнө тааралдаж байлаа. Гэрэл зургийн сурвалжлага ч хийж тэр аялагч амрагчидтай татвар шимтгэлийн тухай ч бас ярилцаж байж билээ.

“Хяргас нуур” амралтын баазаас ус ундаа гээд ойр зуурын хангамж авч байгаа гэж аялалыг нь хариуцаж явсан хөтөч орчуулагч Оюунцэцэг бүсгүй ярьж байсан юм. “Та нар эднээс байгаль орчинд байрласны хураамж гээд хэд гурван төгрөг авч болохгүй юу?” гэж амралтын эзэгтэй Ж.Саруулаас бид тэр үед бас асууж байсан юм. Дараахан нь эзэн Л.Банзрагчаас ч асууж лавлаж байж. Тэд ярих нь бидэнд тийм хураамж хураах эрх мэдэл, зөвшөөрөл энэ тэр байхгүй гэцгээсэн. Ер нь хууль журмаараа бол монгол загасчдын баг ч татвар шимтгэл уг нь төлж баймаар. Аялал жуулчлалынх нь бүсэд, нуурын эрэгт  майхан барьж хоноглож буй амрагчдаас ч таарч тохирсон тав гурван төгрөг авч болохоор. Хөвсгөл, Хэнтийн аялал жуулчлалын зарим баазууд өөрийн бүсэд хонож өнжсөн майхантаа амрагчдаас өдөр хоногоор нь тооцоод хураамж авдаг юм билээ. Байгаль орчны байцаагч ч тэнд нь ажиллаж байсан. Хэдэн жилийн өмнө тэр тухай нь сонин хэвлэлд бичсэнээ “Хяргас нуур” баазынханд дуулгаж та нар бас ингэж ажилламаар юм даа гэх санал зөвлөгөөг ч тухайн үед өгч байсан юм даг. Аймаг сумынхаа засаг захиргаанд хэлж яриад байгаль орчны байцаагч аваад ажиллуулчихаач, эсвэл энэ талын эрх зөвшөөрөл авчихаа ч гэж бид тэдэнд зөвлөж л байсан юм.  Аялал амралтаас буцаж ирээд миний бие ч, Энхбат сэтгүүлч ч бичсэн нийтлэл тэмдэглэлдээ тэр санаа бодлоо бас дурдаж байж. Тэр үеэс хойш өнөө хүртэл юу ч өөрчлөгдсөнгүй,  эдний баазын эргэн тойронд нөгөө л майхантай амрагчид, гадаад дотоодын машин тэрэгтэй загасчид, моторт завь хөлөглөсөн нь ч нуур усыг нь чөлөөтэй эзэгнэсээр л байна. Аялагч, амрагчид, загасчдад буруу өгөх юм алга. Эдний тарьсан хог хаягдалыг амралтын ажилчид л цэвэрлэж зайлуулдаг гэцгээх. Нуурын үзүүр ч эднийхэнд хамаарч байна. Ийм үүрэг хүлээдэг ч эрх мэдэл эдэнд алга. Нуурын нөгөө эрэгт орших “Хэцүү хад” амралт аялал жуулчлалын баазынхан ч энэ талын бэрхшээл зовлонтой байдаг юм билээ. Байгаль орчны ч юм уу, татвар шимтгэлийн эрх өгчихвөл бид арай зоригтой ажиллаад амралт, аялал жуулчлалынхаа ажлыг ч өөд татаад, энэ хавийнхаа байгалиа хамгаалаад ч байх боломжтой. Аймгийн засаг захиргаа, байгаль  орчныхонд бид хүсэлт санал гаргаж л байсан юм, шийдсэн юм алга...” гэж гурван жилийн өмнө тус амралтын газрын менежер Г.Өлзийт ярьж байсан юм. Аймаг сумын захиргааны хүн хүч нь хүрдэггүй юм бол аялал жуулчны баазынхандаа эрх мэдлийг нь өгчихмөөр. Засаг захиргааны тамгатай, дугаартай цаасыг нь өгчихөөд олсон орлогоос нь багахан шимтгэлийг төсөвтөө авсан ч уг нь болно доо...    

    Нуурын үзүүрээс буцаж явахдаа “Хяргас нуур” аялал жуулчлалын баазын эзэн Лүндэнгийн Банзрагчтай энэ талын яриаг дахин өрнүүлэв. Энэ сэдвээр бичсэн нийтлэл тэмдэглэлээ ч урьд өмнө түүнд цахимаар илгээж уншуулж байсан юм. Тийм болохоор бид хоёрын хувьд энэ сэдэв элэгдэж зурагдсан пянз шиг л болоод буй. Эдний баазын эзэмшдэг 8.0 га газар нутгаар энэ олон загасчид, аялагчид дайрч дамжин нуурын тэр үзүүрт хүрдэг юм билээ. Хан хөхийн хамгаалалтын захиргаанд Хяргас нуурын энэ эрэгт байцаагч тавьж өгөөч гэж сүүлийн хэдэн жил хүсэлт тавиад төдийлэн амжилт олоогүй гэдгээ Л.Банзрагч хэлж байна лээ. Манайханд байгаль орчны байцаагчийн нэг эрх өгчихөөч гэж хэлээд ч аймгийн холбогдох албад,  байгаль орчны газар нь шийдэж өгөхгүй байгаа аж. Улиг домог болсон иймэрхүү яриа хөөрөөтэй “Нуурын шугам”-аас буцаж ирэв... Төөмбий андынхаа барьсан дөрвөн загасыг гал тогооныхонд хүлээлгэж өгцгөөлөө. Тэд цэвэрлэж янзлаад өглөөний цайнд шарж өгөх юм. Нөгөө оросуудын хэлсэн хортой судлын тухай яриа гарахад баазын эзэн Банзрагч эрс тэс үгүйсгэж байна лээ. “Олон жил бид энэ нуурынхаа загасыг хоол хүнсэнд хэрэглэж л байна. Хоолны хордлого болчихлоо гэсэн хүн гарч байсангүй, Оросын нутагт байдаг нуур далайд нь энэ төрлийн тийм  хорт хэвлийтэй загас байдаг юм байлгүй...” гэж байв. Би ч Банзрагчтай санал нэг байлаа. Хэдэн жилийн өмнө “Хэцүү хад”-д найз нөхдийн хамт амрахдаа бид өдөр оройн хоолонд тэндэхийн загасыг шаруулаад идэж л байсан. Арав шахам жилийн өмнө би энэ нуурын шугамд амрахдаа найз нөхдийнхөө барьсан тав зургаан загасыг давслаж авч яваад найз нартаа  шар айрагны зууш болгон амсуулж амтлуулж байсан юмдаг. Тэд ам сайтай л байсан, хэн нь ч хордлого авчихлаа энээ тэрээ гэж байгаагүй билээ... Шарсан “Шар сугас”-аа өглөөний цайнаар амталцгаав. Орос эрдэмтэн Александр Сергеевич ч амт чанарыг нь магтаж байна лээ.

Их үд өнгөрөөд нуурын усандаа тарвалзацгаалаа. “Аргагүй сайхан нуур ус юм аа” гээд Саша анд сэтгэл хангалуун байв.  Би түүнд “Энд ирэх болгондоо л би энэ Хяргас нуураа,  усных нь эрдэслэг чанар, эмчилгээ сэргээшийн ид шидийг нь магтсан нийтлэл бичдэг юм. Манай нам төрийн нэг удирдагч социализмын үед хэдэн жил дараалан ирж амарч тархи толгой, зүрх судасны эмгэгийг илааршуулахад ач тустай гэж бас магтаж байсан юм билээ...” гэсэн чинь “Майдар дарга уу?” гэж Саша асууж байх. Социализмын үеийн улс орны том удирдагчдын нэг тэр дарга энд амарч моторт завиар ойр зуур аялаж явахдаа нуурын шуурганд завь нь туугдаж сүүлдээ шатахуун нь дуусч шөнөжин сураггүй болж нам төрийнхнөө сандаргаж байсныг нь Саша бас сонссон байж. Түүний аав Самдангэлэг генералын сонорт ч тэр мэдээ хүрч цэрэг армийнхан бас түргэн авч байсан биз. Нуур усандаа сэлж эргийнх нь халуун элс хайрганд нүцгэн биеэ ээж тарвалзаж байхдаа элдвийг  ярьж хүүрнэж байцгаасны маань нэг яриа хөөрөө тэр байв. Нуур усны ид шид, ач тусын тухай өөр нэг мэдээллийг би багийнхандаа ярив. Монголын “Морин хуурын хуурын чуулга” Японд Эн Эйч Кэй-д айлчлан тоглоход миний бие сурвалжлах ажлаар Токио болон бусад хотуудад тус чуулгынхантай хэд хоног явсан юм. Нуур усны талаарх нэг ярианы үеэр гоцлол морин хуурч Р.Амаржаргал намайг Хяргас сумынх гэдгийг сонсож, Хяргас нуурт амарсан тухайгаа надад ярьлаа. Хоол унд уусны дараа түүний цээж хорсдог байж. Тэр тухай нь нутгийн нэгэн сонсчихоод “Нуурын ус уу” гэж түүнд зөвлөсөн гэнэ. Амараа тэнд хоёр гурав хонохдоо нутгийн хүний зөвлөгөөг  дагаж. Цээж хорсох нь багасч байсан болохоор тэндээс хот явахдаа нуурын уснаас нилээд хэдэн литрийг савлаж авч яваад хэсэг уусан юм байх. “Хяргас нуурын усыг тэгж уугаад л миний цээж хорсохоо больсон. Би байнга л хүнсний соод халаасалж явдаг байсан хүн шүү дээ. Түүнийгээ мартаад одоо гурван жил болж байна” гэж ярьсан юм. Нутгийн маань нуур усны ид шид ийм юм билээ...  Оройн зоогийн үеэр амралтын эзэн Л.Банзрагч дүү авъяас юугаа үзүүлж баядын хуурын татлагаар бидний сонорыг мялаав. Бас “Алтай Хангайн магтаал”-ыг дуулж, хуурдаж хөөмийлж биднийг баясгав.

“Загас барина, хуурдана, дуулна бүжиглэнэ...” гээд л тал талын авьяастай юм Банзрагч гэж манайхан түүнийг  магтлаа. Аялагч, амрагчдыг татахад авьяас чадвар нь бас ч хэрэг болдог биз...     

    Маргааш өглөө нь Баттөмөр анд маань багийнхантайгаа “Хар Тэрмэс” явлаа. Тэнд нэг хоёр хоночихоод төрсөн нутаг Тэс сум руугаа явах гэнэ. Бид хоёр хоногийн дараа “Хар тэрмэс”-т очно. Тэндэхийн “Өгөөмөр Хяргас нуур” амралтад бид гурав хонохоор захиалгаа өгчихсөн байгаа. Төөмбийгийн багийнхнаа үдчихээд оройхондоо нуур усандаа орж айвуу тайвуу амарч өнжлөө. Энэ жил өнгөрсөн жил шиг л гандуухан байгаа болохоор хаа сайгүй ногоорч байдаг хөмүүл ургасангүй. Хөмүүл түүж түүнийг савлаж даршилна гэдэг бол хүсүүштэй сайхан ажил амралт байдаг юм. “Сааль бэлтгэхээр сав суулгаа...” гэдэг үг байдаг даа гээд би гэдэг хүн хотоос баахан шил сав бэлтгээд гарсан юмсан уг нь. Нэг хоёр удаа бороо орчихвол хөмүүл ногоороод гардаг юмсан гэж байцгаана лээ энэ амралтын бүсгүйчүүл. Гурван жилийн өмнө бид энд амрахдаа ганц үдийн хугаст багагүй хөмүүл түүж давсалж дараад хотын найз нар, хамаатан саднууддаа нутаг усны энэ амтат брэндтэй очиж байлаа. Амралтын эзэгтэй Жамбалын Саруулыг энэ сайхан ногоог оюутан сурагчдаар түүлгэж аймаг хот оруулж борлуулдаг бизнес болгооч гэж зөвлөж байсан юм. Энэ тухайгаа ч “Нутаг орноороо зорчихуй...” нийтлэлдээ бичиж байв. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй...” гэдэг үг байдаг, тэр л болж дээ миний мөрөөдсөн энэ зуны хөмүүл. “Хяргас нуур” амралтынхан энэ жил бага шиг тохижилт хийчихэж. Модон жорлонгоо халж боломжийн нойл, душтэй болчихож. Баттөмөрийн багийнхан ч, энэ багийн хүндэт гишүүн, арван баядын хошуунаас төрсөн Самдангэлэг генералын хүү Саша буюу Александр Сергеевич эрхэм ч хоёр хоног  тавтай амарцгаалаа гээд сэтгэл хангалуун байцгаасан. “Хар тэрмэс” явахынхаа өглөө эдний зоогийн газрынхантай байр хоолныхоо тооцоог хийнгээ амралтын эзэн Банзрагчид тэдний талархлыг уламжилж хэдэн үг солилоо. Тэрээр “Урд орой ажлаар Улаангом ороод буцахдаа “Хар тэрмэс”

дайрч Баттөмөр гишүүний багийнхантай уулзаж бас дайлуулж цайлуулж яваад ирлээ, УИХ-ын гишүүнийх нь хувьд Баттөмөр гишүүнд Хяргас нуур хавийн амралт аялалын талаар санал бодлоо илэрхийлж бас заавар зөвлөгөө ч авлаа. Гишүүн өөрөө аялал жуулчлал, амралтын газарт бизнестэй хүний хувьд миний ажил байдал, зовлон жаргалыг бас сайн ойлгож байна лээ” гэж ярьж байв. Би ч сүүлийн хэдэн жил эдний амралтад амарч ойр тойрноор нь аяласан хүний хувьд үзсэн харсанаа үндэслэж зарим санаа оноо Банзрагч дүүд хэлж ярив. “Юуны өмнө аймаг орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны газруудтай хэл ам ололцоод зэрлэг загасчлал, сайн дурын аялал амралтад зохих хяналт хязгаар тогтоолгооч ээ. Засаг захиргаа хөдлөх дургүй юм бол зун намартаа байгаль орчны нэг байцаагч ажиллуулах эрх олж аваач ээ. Эндээс олсон орлого шимтгэлээрээ амралтын газраа өөд нь татаач ээ. Байруудаа хөшигтэй болгох, нэг дор буй эрэгтэй, эмэгтэй нойлоо холдуулж тусгаарлах зэрэг ойр зуурын эдийн засаг тэр татвар шимтгэлээс чинь босоод ирнэ шүү дээ“ гэх мэтийг зөвлөв.      Үргэлжлэл бий

                                                                                                                                 Д.Цэдэн-Иш  МУСГЗ, сэтгүүлч

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?