ХЯРГАС НУУР, ЗҮҮНГОВИЙН "УРТЫН БУЛАГ", ТЭСИЙН "НАРИЙНЫ ГОЛ", УВС "БАГАНУУР"-ЫН ЭЭЛЖИТ АЯЛАЛ /Үргэлжлэл/

2024-01-03  

     Хяргас нуур, Зүүнговийн “Уртын булаг”, Тэсийн “Нарийны гол”, Увс “Багануур”-ын ээлжит аялал  /Үргэлжлэл/

Хар тэрмэст.

     Хагас цаг шахам давхиад “Хар тэрмэс”-тээ ирцгээлээ. Энд аялал амралтын баазууд ч олон юм. Захиалга өгсөн “Өгөөмөр Хяргас нуур” амралтын газраа сураглаад олцгоолоо. Эднийх эндээ хамгийн том, байр байшин ч олонтоо, тохижилт сайтай нь гэх юм билээ. Нийт 18 байшинтай, боловсон нойлтой, зоогийн газар нь нэг удаадаа 80-100 хүн хүлээн авах багтаамжтай гэх мэдээлэл цахимд нь байсан. Хоёр давхар орчин үеийн хийцтэй шилэн байранд нь зоогийн газар, оффис нь байдаг аж. Эхнэр хүү хоёр захиалсан байр байшингаа авахаар тийш одов. Удаж төдсөнгүй байраа заалгаад ирцгээлээ. Нэг сонин нь миний өгсөн захиалга байхгүй байна гэнэ. Уг нь наадмаас нилээд  өмнө, долоон сарын нэгэн, хоёрны үеэр утсаар захиалгаа өгсөн юм. Улам баталгаатай болгох санаатай хаширлаж энэ амралтын эзэдтэй худ ургийн холбоотой Улаангомд ажиллаж амьдардаг үеэл дүү бүсгүйгээр бас тийш нь яриулж байв. Миний тэр захиалга, нэр маань байгаагүй ч гэсэн эднийд сул байр байшин, гэр хангалттай олон байгаа аж. Тийм болохоор захиалгыг маань эднийхэн тоогоо ч үгүй энд тэнд тэмдэглээд л орхисон юм байлгүй дээ. Энэ “Хар тэрмэс”-ийн амралтад бид анх удаагаа л ирж буй. Дөрвөн ортой модон байшинд байрлацгаав. Нэг загварын ийм байшин арав гаруй бололтой. Хоногийн үнэ 150 мянган төгрөг гэх. Угаалтуур , нойл нь гадаа юм. Дотроо устай, нойлтой гурван том байшин нь бүгд амрагчидтай байгаа гэнэ. Хоёр өрөөтэй гал тогоотой хагас люкс нь хоногийн 350 мянга, дөрвөн өрөөтэй  бүтэн люкс нь хоногийн 750 мянган төгрөгийн үнэтэй гэх аман мэдээлэл бид авлаа. Өрөөндөө байршчихаад Баттөмөрийн багийнханаа сураглав. Тэднийхэн хагас люкст байрласан сурагтай, бүгд л нуур ус руу явчихаж. Их үдийн нар шарсан халуун өдөр үргэлжилж буй болохоор арга ч үгүй. Бидний байр, амралтын энэ газар маань нуурын эргээс зуугаад метр гэхээр юм. Нуурын захад түм түжигнэж бум бужигнаж байлаа. Яг эрэгт нь тулгаад барьчихсан майхан, тэнд сойсон машин тэрэг ч тун олон. Зарим майхных нь амрагчид оройн хоолоо бэлтгэж буй бололтой хийн зуух галлаад л, зарим нь ч хоолоо зооглож буй бололтой ширээнээ заларцгаачихаж. Хэдэн жилийн өмнө Улаангомоос Увс нуурын хөвөөнд очиход нэг иймэрхүү дүр зураг угтаж байсныг би шүүмжлэн бичиж байж билээ. Нуурын эрэгт тогоо шанага, гал хөс болчихсон, зарим галынхан хонь мал төхөөрөөд л, ёстой л нэг дүрвэгсдийн лагерь шиг дүр төрх харагдаж байсан юм. Хяргас нуурын Хар тэрмэсийн энэ хэсэг түүнээс нэг их дутахгүй сэтгэл эмзэглүүлж байв. Нуур усанд ирсэнийх хэсэг умбаж шумбацгааж энэ сайхан нуураа хайрладаггүй машинтнууд, майхантнуудыг шүүмжилж байгаад байр руугаа очицгоов. “Өгөөмөр Хяргас нуур”

амралтын газрын байрууд нь  тохитой юм. Эдний жижиг байруудын ихэнх нь амрагчгүй сул байлаа. Майхантнууд уг нь энд амгалан тайван амарч хоноглож болохоор л юм. Энэ амралтынхны эдийн засагт ч, цаашдынх нь хөгжил дэвшилд ч, бас дураараа дургиж буй энэ амрагчдын ая тух талд ч хэрэгтэй л баймаар. Бидний дүү Ж.Пүрэвдоржийнхон хүүхдүүдтэйгээ энд амарч байв. Ирээд  гурав дөрөв хонож байгаа юм байх. Өнгөрсөн зун эднийхэн энд бас амарсан аж. Пүүжээ дүүгийн ярих нь өнгөрсөн жил нуурын эрэг  энэ жилийнх шиг замбараагүй байгаагүй гэнэ. Замын цагдаагийн хоёр байцаагч ажиллаж нуурын хамгаалалтын зурвасаас цааш машин тэрэг, майхантай амрагч аялагчдыг нэвтрүүлдэггүй, байршуулдаггүй байсан гэх. 

Бид хэд арын шар байруудын нэгд нь Пүүжээгийнхтэй хөрш болж байрлацгаав. Баттөмөр гишүүний багийнхан тэр зурагт харагдаж буй арын хос хоёр байрны нэгд төвхнөцгөөж. Тэд бид гурвыг оройн зоогт урьлаа. Эдний буусан энэ хагас люкс нь унтлагын хоёр өрөө, зочны болон гал тогооны хэсэгтэй хаус маягийн өргөө аж.  Ийм байр нь ч, хоёр бүтэн люкс нь ч дүүрэн амрагчидтай гэж амралтын менежер бүсгүй ярьж байсан юм. Бүтэн люксийн нэгд нь Увс нутгийн УИХ-ын гишүүн, Шадар сайд Чимидийн Хүрэлбаатар гэр бүлээрээ байршсан сурагтай. Тэрээр Цагаанхайрхан сумын

ойн наадамд оролцохоор явж буй гэх яриа амрагчдын дунд явна лээ. Баттөмөр гишүүнийг нутгийн сайддаа бараалхаж уулзах юм биш үү гэхэд тэрээр, “Ах настай би арай ч тэгж түргэдэхгүй шүү...” гэж суусан. Төөмбий анд биднийг хамтдаа Тэс явцгаая гэж уриалж байх. Майхан машин тэрэг шавааралдсан ийм газарт та хэд нервтээд нуур усанд тавтай орж амарч чадахгүй дээ, Зүүнговиор дайрч элсэн дундаас ундран гардаг “Уртын булаг”, манай Тэс талын Увс нуурын “Бага нуур“-ыг үзээд амьтан хүн магтаж шагшаад байдаг “Тэсийн давсан нуур”-т ороод явах нь хавьгүй дээрдээ гэж ятгаж байв. Бид гурав зөвлөлдөж байгаад тэр ятгалгыг нь хүлээж авахаар болов...  Маргааш өглөө нь би эртхэн босоод нуур зүглэв. Нэг өдөр ч гэсэн нуур усандаа орж эрдэсжээд авах санаатай...  Майхантай амрагчид босоцгоож нуур захлан нүүр гараа угааж, зарим нь ч майхнаасаа хэд алхаад “морь харж” байцгаав. Энэ хавийн хог, ус ундааны сав нүд “чичилж” байх. Нуурын давалгаанд савангийн боодлын цаас, гялгар уутны тасархай хөвж нэг хэсэг нь давалгаанд туугдан нуурын торгон эрэгт цугларч байлаа. Энэ бүхэн сэтгэл эмзэглүүлнэ. Нэгэнт зорьж ирснийх

нуурынхаа зөөлөн бүлээн усанд хэсэг умбаж шумбаж сэтгэлээ тайтгаруулж байв. Хагас цаг гаруй болж байтал салхи шуурга гарч нуур тун ширүүнээр давалгаалж эхэллээ. Хэсэг хормын дараа шуурга бүр ширүүсч майхантай амрагчдыг сандрааж байв. Заримынх нь майхан ширүүн шуурганд унаж нурж харагдана лээ. Элс шороо ч нүүр нүдгүй балбаад эхлэв. Амрагч олон бүгд сандарч майхан саваа буулгаад машин тэргэндээ ачицгааж байна лээ... Байрандаа буцаж ирээд цайгаа уугаад хөдлөх үед ч салхи хараахан намдаагүй байв. Харин нөгөө нуурын эрэгт багширч байсан амрагчид ашгүй ор сураггүй арилж өгсөн байлаа. Нуурын эрэг хавь цэмцийснийг харсан Төөмбий “Та ч салхи шуургатай хамтарч байгаад тэр хэдэд хатуухан арга хэмжээ авч дээ...” гэж намайг егөөдөж байх. “Байгаль өөрөө, бас бурхан тэнгэр тэднийг гэсгээж буй нь тэр байх” гэж бүсгүйчүүд энэ ярианд оролцож байв. Хөрөнгө мөнгө зарж хоёрын хоёр ийм давхар зурвас татаж хамгаалалтын бүс байгуулчихсан байхад түүнийг даваад нуур ус луу орчихсон машин тэрэгтэн, майхан савтануудыг уг нь үүнээс илүүтэй ч гэсгээж болохоор. Салхи шуурганд л найдахаас өөр нуур усаа хамгаалах олигтой засаг захиргаа өнөөхөндөө Хяргас нуурт маань алга шив дээ. нуурт маань алга шив дээ. Ойроор нь УИХ-ын гишүүн анддаа хуурай агсам тавьж, түүний удирдалцаж буй төр засгийг нь муулж үзлээ. Байгаль орчин, нуур усаа хамгаалахаар манай засаг төрөөс гаргасан хууль, дүрэм огт цөөдөөгүй ээ, даанч түүнийг биелүүлж хэрэгжүүлэх орон нутгийн механизм нь тааруу ажиллах юм даа гэж харамсаж байлаа тэрээр. Зуны гурван сард автын байцаагч ажиллуулаад л цэгцэлчихэж болох ажил гэж амрагчид ярьж байна лээ гэж түүнд үг дайв.

Хамгаалалтын зурвасын гадна амрагчдын майхан савыг байршуулаад татвар хураамжийг нь авч орон нутгийнхаа төсөвт уг нь нэмэр болгож ч болохоор шүү дээ. Иймэрхүү яриа хөөрөө болж байгаад Хяргас сумын зүг хөдлөцгөөв. 

     Хяргасын музейд. Хяргас сум эндээс 80 км гэдэг. Зам харгуй бартаагүй, газар нутаг үзэсгэлэн төгөлдрийг би мэдэх юм. Энэ замаар гурвантаа явж байлаа. Нутаг орон, нуур усандаа сүүлийн хэдэн жил ойр ойрхон ирээд байгаа хүн л дээ би. Үеэл дүү Ц.Бадамдорж руугаа утасдаж сумын төвөөр дайраад Зүүнговь, Тэс чиглэлд аялахаар боллоо гэдгээ хэллээ. Өөрийн өссөн төрсөн нутгаараа дайрч явж буй, тэгээд ч бас зүгээргүй УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга албан тушаалтай төрийн том хүн, бас оросын том эрдэмтэнтэй хамт яваа болохоор зам зуурын нэг аялагч шиг гараад явчихаж болохгүй байв. Миний үеэл дүү Бадамдорж бол энэ сумын удирдлагад олон жил ажилласан нэгэн. Аав Ганжаагийн Цэдэв нь социализмын үеийн Хяргас сум нэгдлийн алдар цуутай дарга байлаа. “Баттөмөр гишүүн, хамт яваа энэ орос эрдэмтнийг зүгээр нэг зам зуурын хүмүүс шиг явуулчихмааргүй байна, яах ийх вэ? гээд үеэлтэйгээ зөвлөлдлөө, ядаж сумынхаа музейгээр нэг оруулаад... цай цүү болоод сум орны ажил алба яриад гаргавал...” гэж ярьлаа. Сумын хоёр дарга амарчихсан, орлогч нь бий, цай цүү ч болох байх, харин “Орон нутаг судлах музей” хариуцдаг Соёлын төвийн дарга нь хөдөө багийн өдөрлөгт оролцохоор явчихаж, өдөрлөгийнхөө дараа нь ажилтнуудтайгаа “Хар Тэрмэс”-т хагас бүтэн сайн тааруулаад амрах юм гэнэ, наана чинь очсон байж магад, цагаан микроавтобустай яваа, учир явдлаа хэлээд музейн түлхүүрийг нь аваад ир гэж байв. Хашир нь дээр гээд хөдлөхөөсөө өмнө хажуугийн хоёр амралтаар орж сураглалаа, цагаан автобусыг ч хайлаа, харагдсангүй. Нөгөө гурван машиныхаа жолооч нарт цагаан микро харвал зогсоно шүү гэж сануулчихаад бид цуваагаар хөдөллөө. Гуч дөчөөд км давхиж байгаад цагаан микротой “Соёлын төв”-ийн даргатайгаа тааралдлаа. Өмнө уулзаж учирч явсан Баяндүүрэний Балжинням гэх эр байв. Миний багад сумандаа зартай Лувсанцэрэн гэх мэрэг төлөг хийчихдэг, улайдсан хутга, хайч долоочихдог... гээд ойр тойрондоо нэр гарсан тэр нэгэн домогт хүмүүн байсныг би ч, миний үеийнхэн сайн мэдэх юм. Түүний үр удам, ачинцар нь гэдгийг би өмнө сонссон байв. Хяргас сумын 100 жилийн ойн ном хийж байх үеийн уулзалт, бас ойд оролцох үеэрээ энэ Балжиннямтай хэдэнтээ тааралдаж явсан болохоор би сүрхий танимхайрч уулзав. УИХ-ын эрхэм гишүүнээ ч түүнд танилцууллаа. “Танилгүй яахав л” гэж байна тэрээр. Орос эрдэмтэнээ танилцууллаа. Ингээд л бид музей үзэх санаатай гэдгээ хэллээ. Бадамдорж дарга, сумын удирдлагуудтай бид “Хар Тэрмэс”-т байхдаа ярьсан, өөрийг чинь тэр амралт руу очсон байх, учир байдлаа хэлээд музейн түлхүүрийг нь аваад ирээрэй, бид хариуцаад музейг үзүүлчихье” гэж хэллээ гэдгийг түүнд хэлэв. “Музейн түлхүүрээ би хүнд дамжуулахгүйээ...” гээд тэрээр биднийг халгаасангүй. Парчин туульч, оросын судлаач Бурдуковын талаарх түүх, зураг хөргийг энэ орос эрдэмтэн бас сонирхоод байгаа юм гэж Сашаг заагаад ч “Соёлын төв”-ийн тэр захирал зөөлөрсөнгүй, нутгийн би бухимдуухан үлдэв... Замд зөөлөн бороо шивэрч зам шороо тоосгүй нутгийн уул толгод улам бүр ногоорч үзэсгэлэн төгөлдөрөө гайхуулж байв. Ендэртийн гол бага ч гэсэн устай, уулынх нь ой мод саглайж сүглийгээд бид хэдийг талархан угтах шиг. Төд удалгүй хагас цаг шахам давхиад “Замт”, “Шар толгой” уулнаас сумын төвийн бараа харагдлаа. Багийнхандаа өөрийн мэдэх ганц ч гэсэн юм үзүүлье гэж бодоод сумын төвийн урдхан Билүүгийн голд барьсан усан сан буюу “Тэрэм хадын хөв цөөрөм”рүү тэднийг дагуулав. УИХ-ын гишүүн асан, энэ Хяргас сумын харьяат Намсрайн Цэрэнбат Байгаль орчны сайд байхдаа энэ хөв цөөрмийг санаачилж бариулсан гэдэг. Энэ тухай багийнхандаа, Баттөмөр гишүүнд мэдээлэл болгон ярив. Голын гольдрол ногоороод л сайхан харагдаж байна. Сумын төвийнхний ногооны талбай юм билээ. Цаашихнаа ч нилээд олон хүлэмж үргэлжилж байх. Арваад хүлэмж бий гэсэн яриа би сонссон юм. “Хөв цөөрөм” барьснаар энэ хавийн байгаль ихэд сэргэсэн гэх юм билээ. Өнгөрсөн зун сумын 100 жилийн ойд оролцох үеэрээ бид энэ хөв цөөрөмтэй танилцаж дэлгэрэнгүй мэдээлэл сум орныхноос авч байсан юм. Хөв цөөрөмтэй танилцаж зураг хөрөг болцгоочихоод сумын захиргаан

дээр очицгоов. Үеэл дүү Ц.Бадамдорж биднийг угтаад захиргааны үүдэнд зогсож байна. Бороо сүрхий зүсэрч шивэрч байлаа. Мэнд мэдэлцсэний дараа Б.Баттөмөр гишүүн маань “Танай суманд бид хур бороо авчирлаа... “гээд ойр зуурын яриа хөөрөө болов. “Хувьтай хүн хур борооноор... гэдэг, бороо хур дагуулж авчирсан та нарт их баярлалаа” гэж байв Бадаа дүү. Сумынхаа “Орон нутгийг судлах музей” гэсэн хаягтай хүрэн дүнзэн байшинд зочдыг урьж байх юм. “Яаж музейгээ онгойлгочихов, цоож цуургыг нь эвдээ юу?” гэж би сэм асуусан чинь, “Аргыг нь олно шүү дээ” гэж байв. Биднийг музей үзэж байхад сумын орлогч дарга О.Ганбат хүрч ирж мэнд ус болов. Сум анх үүсэн байгуулагдсанаас хойших хөгжил дэвшлийн 100 жилийн түүх, хүн ам, нутаг дэвсгэр, ан амьтан, ашигт малтмал, ургамал ус гээд л олон арван сэдэв, нутаг орон, иргэдийнх нь ахуй амьдралыг баримт сэлтээр харуулсан өргөн дэлгэр үзмэртэй сайхан музей юм. Дэжэйлингийн хүрээ хийд, Богдын засгийн газрын сайд, Да лам Цэрэнчимэд, хоёр тэмээтэй хойноос орж ирж баруун хязгаарт эзэн суух дөхсөн хувилгаан Дамбийжаа, Монголын хувьсгалт нам төрийн удирдагч Жамбын Батмөнх, Түмэнбаярын Рагчаа нарын сайн муугаараа улс орны түүхэнд тодрон үлдсэн нэрт хүмүүстэй холбоотой бичиг баримт, хувцас хунар, эд агуурс гээд ховор үзмэрүүд энд хэд хэдэн өрөө тасалгаа дамжин үргэлжилж байх. Баядын хошуудын төв болсон олон зуун лам хуврагуудтай Дэжэйлэнгийн хүрээний манз цавын тогоо гэхэд л 500 ламын  хоол ундыг нэг дор чанаж бэлтгэх багтаамжтай байж. Монгол даяар ийм тогоо бүрэн бүтнээрээ хоёрхон үлдсэний нэг шүү дээ гэж Ц.Бадамдорж үеэл маань зочдод тайлбарлаж байв.

Дараа нь тэд биднийг сумын ёслол хүндэтгэлийн их өргөө гэрт урьж, баяд нутгийн брэнд идээ болох “хөгшин боов”, баядын өтгөн шаргал цайгаараа дайлж халуун дулаан яриа өрнүүллээ. Сумын орлогч дарга О.Ганбат, Нутаг оронд нь аялаж зочилж яваад талархаж УИХ-ын эрхэм гишүүн Б.Баттөмөр, ОХУ-ын эрдэмтэн Железняков Александр болон “Тэс Петролиум”-ын салбарын захирал Нямдаваа нарт  “Хяргас сумын 100 жил” ойн медаль

гардуулав. Энгэртээ ойн медаль гялалзуулсан манай баг эндээсээ аяллын дараагийн цэг болох Зүүнговь сумын “Уртын булаг” руу хөдөлцгөөв. Элсэн дороос ундарч элсэн дундуур гол болон урсдаг байгалийн өвөрмөц тогтоцтой гол ус гэх юм билээ. Үндэсний телевизийн нэрт сэтгүүлч Г.Бадамсамбуугийн “Аялалын цаг” нэвтрүүлгээр хэдэн жилийн өмнө энэ тухай бас үзэж сайхан байгаль, өвөрмөц тогтоцоор нь бахархаж суусан билээ. Тийм болохоор энэ аялалд дуртайяа нэгдсэн юм бид.        Үргэлжлэл бий

                                                                                             Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?