Хяргас нуур, Зүүнговийн “Уртын булаг”, Тэсийн “Нарийны гол”, Увс “Багануур”-ын ээлжит аялал Үргэлжлэл

2024-01-26  

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу!

    Хяргас нуур, Зүүнговийн “Уртын булаг”, Тэсийн “Нарийны гол”, Увс “Багануур”-ын ээлжит аялал  Үргэлжлэл

Зүүнговь сумын “Уртын булаг”-т.

   Тал нутгийн саад бартаагүй замаар гучин км давхиад л Зүүнговь сумын төв ороод ирэв. Эндээс арван таван км давхиад зорьсон газраа хүрэх гэнэ. Элст толгодуудын дундуурх замаар хэсэг давхилаа. Баттөмөр ахлагчаа дагаад заримдаа оройгоор нь ч давхицгааж л байлаа. Эргэж тойрч бага зэрэг будилсаар ахлагч маань зорьсон айлаа олоод буув. “Урт булаг”-ийн эхэнд байдаг дотно танил айл нь юм байна. Зүүнговь сум “Тохой”, “Өгөөмөр”, “Суврага”, Баяннуур”, “Зэлийн гол” гээд таван багтай гэнэ. Бидний буусан малчин Баянмөнхийнх “Баяннуур” багийнх аж. Эднийх бод бог нийлсэн дөрвөн зуугаад малтай гэнэ. Гэрийн эзэн Баянаа сумын алдарт уяач аж. Эзэгтэй Сарантуяа нь их л яриа хөөрөө, дуу шуутай нэгэн юм. Ус булагтаа аялчихаад эргэж хоол унд болоод явцгаана биз дээ гэж байна тэр эзэгтэй. Эдний хотноос холгүйхэн юм тэр Уртын булаг нь. Дөнгөж хөдлөөд л шахуу тэр гол усан дээр бид нар буучихлаа. Элсэн толгодын наахнуур нов ногоон зүлэгээр эмжээрлүүлсэн том гол мурилзаж тахиралдаад л мяралзан урсаж байх юм. Алтран шаргалтах их элс, нов ногоон зүлэг, нар тосон мэлтэлзэх гол ус нийлж хослоод үнэхээр үзэсгэлэн төгөлдөр юм аа энэ хавийн байгаль. Гэр майхантай арваад хүнтэй нэг баг аялагчид тэнд буучихсан байв. Тэдэнтэй мэнд ус болчихоод манай багийн эрчүүд гол уснаа умбаж шумбацгаалаа. Элсэн тогоотой энэ голын их ус бүлээн дулаахан байв.

Бид хэд нааш цааш хэсэг сэлж булхаж байгаад уснаас гарч ирэхэд багийн бүсгүйчүүд маань ойр зуурын ууш зууш бэлтгэчихсэн байлаа. Хөнгөн зуур цайлчихаад хөдлөх гэж байсан чинь энд амарч

буй аялагчид бид хэдийг гэрийн өмнөх сүүдрэвчиндээ урьж байх юм. Баттөмөр гишүүнийг танимхайрч буй нь тэр аж. Амрагчдын зарим нь Дархан хотын иргэд гэнэ. Тойргийнхоо гишүүнтэй энэ сайхан газар таарч уулзсандаа их баяртай байна гэцгээж байв тэд. Ахлагч нь бололтой дуу шуутай нэг эр томоос том, гурван литрийнх бололтой “Грэй гусь” сархад гаргаад хундагалж эхлэв. Тэдний хоёр ч амрагч бүсгүй өөрсдийгөө Төв аймгийн Угтаалынх гэж байх. Намайг сонин хэвлэлийн хүн гээд Төөмбий танилцуулсан чинь хижээлдүү нэг бүсгүй нь “Манай Угтаалцайдамын Мягмарсүрэнг таних уу?” гэж байх. Би “Танихаар барах уу, нэгэн цаг үед хамт ажиллаж байлаа”гэв. Энд яригдаж буй Жамбалын Мягмарсүрэн нь 1990 онд Төрийн төв хэвлэл болох “Ардын эрх” сонинд миний удирдсан Улс төр мэдээллийн хэлтэст сурвалжлагчаар анх ажилд ороод хожмоо 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын эвсэл сонгуульд 50 суудал авч Төр Засгийн эрх барих үед “АЭ” сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдон ажилласан нэрт ардчилагч, сайн нийтлэлч нэгэн билээ. Түүний “Мал дагавал мал болно” улс төр, нийгмийн сэдэвт нийтлэл, байгаль болон амьтны сэдэвт “Долоон хөхний гавар”, “Барын зулзага бамбар” хэмээх шилдэг ном бүтээлүүдийг нь уншигч түмэн сайн мэдэх байх. Ерээд оны сүүлээр УИХ-аас батлан гаргасан “Чөлөөт хэвлэлийн хууль”-ийн заалтыг үндэслэн “АЭ” сонин төрийн статусгүй болж сонинг татан буулгаж байр байшин, хэвлэлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нь хувьчилсан билээ. Тухайн үед “АЭ” сонинг удирдаж байсан Ж.Мягмарсүрэн, тэнд ажиллаж байсан сонины хамт олон өөрсдөд ногдох хувьцаагаараа сонины үйлдвэр, сонины байрны зарим хэсгийг өмчлөн авч “Өдрийн сонин” гэх өдөр дутмын хүчирхэг сонинг “АЭ” сонины буурь дээр үүсгэн байгуулсан түүхтэй юм. Өнөөдөр ч энэ сонин, эдний баг хамт олон сонин хэвлэлийн салбарт манлайлагч болон ажиллаж байна. Ерөнхий эрхлэгч Жамбалын Мягмарсүрэн 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртлээ. Тус сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч, зохиолч Б.Цэнддоо 2010 онд Монгол Улсын Төрийн соёрхол, орлогч эрхлэгч Жамбалын Сандагсүрэн Мягмарсүрэний дүү  2021 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртэж байв. “Танай нутгийн Мягмарсүрэн, түүний удирдсан сонин ер нь мандаж яваа шүү...” гэж аян замд тааралдсан тэр хатагтай, тэдний багийнханд магтаад авав. Яриа хөөрөө ийн үргэлжилж ганц хоёр хундага татацгаалаа.

Багийн ахлагч Баттөмөр маань тойргийн сонгогчидтойгоо тааралдсаных машин руугаа ухасхийж бага шиг шилтэй шарз авчирч хундагалан амралтаа ая тухтай сайхан үргэлжлүүлэхийн ерөөл тавьж тэднийг хүндэлсэн юм. Тэгээд л бид “Урт булаг”-аас эх аван урсах элст голын үзэсгэлэнт эрэгт хоорлон зогсож зураг татуулаад  тэндээсээ хөдөлцгөөлөө. Түрүүхэн буусан малчин, аймаг сумын алдарт уяач Баянмөнх эрхэмийнхээ гэрт бууж Сараа хатагтайн гарын цай хоолоор дайлуулчихаад Тэс сумын зүг одоцгоов.

   “Нарийны гол”, “Бага нуур”-т

   Их үд өнгөрч байхад Нарийны голд давхиад ирцгээв. Энэ гол нь “Бөөрөг дэл”, “Алтан элс”-ний  их элсэн манхануудаас  эх авч Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумын нутгийг дамжин элст талаар  126 километр урсаж, Увс нуурт цутгадаг арвин их гол ус юм. Эрэг хавиараа өвс ургамал сайтай  үзэсгэлэнт сайхан газар нутаг болохоор голын ай савд нь малчин түмэн олноороо зусаж намарждаг аж. Одоогоос таван жилийн өмнө Баттөмөр андын урилгаар энэ нутаг, энэ голд ирж охин Бямбадуламынх нь хуримд найз нөхдийн хамт оролцож байсан юм. “Тэсийн хурим” хэмээх зураг хөрөгтэй бэсрэг тэмдэглэлийг “Опен доор” сонин 2019 он, 44 дугаар , “Контрол. Мн” сайтад нийтлүүлж байв http.www.control.mni20448. Ийм л хуучин танил нутаг усанд хоёрдахь удаагаа ирж буй минь энэ. Бидний цувааг хээр морь зайдан унасан залуу угтаж байх. Хэдий нутаг усандаа ирж буй ч Төөмбий маань энэ голын наана цаана зусаж буй олон арван хот айлаас ач дүүгийнхээ олно гэдэг амаргүй бололтой. Хөдөө хээр хаа сайгүй барьдаг болсон утас сүлжээний  ачаар л холбоо барьж байгаад л ач дүү Цэрэндоржийн Отгонбаатараараа угтуулж буй нь энэ аж. Зочдодоо зориулаад эднийхэн Тэсийн баядуудын урласан найман ханатай том гэр хотондоо барьчихаж. Бид хэд тэнд тухлан байрлацгаав. Манай багийн залуус гэрийн хойхонтоо майхнаа алаглуулан барьцгааж байна лээ. Хожмоо хоол ундны дараа Отгоо дүүтэй яриа хөөрөө болж танилцав. Аймаг сумынхаа наадамд морь уядаг, сумын алдарт уяач цолтой нэгэн аж энэ Отгонбаатар. Бидний оролцсон Бямбадуламын хуримын үеэр тал талын ажилд нилээд үүрэг оролцоотой ажиллаж байсныг нь би санаж байна. Сөн түшиж, дуулж хуурдаж, хүргэний  талтай авьяас чадвараараа өрсөлдөж байсан нэгэн билээ. Гурваас арваад насны гурван хүүхэдтэй тавуулаа амьдардаг аж. Адуу үхэр нийлсэн зуугаад бод, дөрвөн зуугаад бог малтай гэнэ. Нүүж суух, мал мах, ноос ноолуураа ачиж тээх ачааны том Зил 130 машин, ойр зуурын ажил, мал хайх эргүүлэхэд давхих хөнгөн хөлийн мотоциклтэй юм энэ Отгоогийнх. Нарны зай хураагуураар зурагт, хөргөгчөө ажиллуулчихдаг аж. Том охин нь сумынхаа арван жилийн ахлах ангийн сурагч, үнээгээ бие даан саачихдаг юм билээ. Өрөм ааруул,  идээ цагаа сайтай айл юм эднийх. Оройдоо бид эндээ амарч хоноод маргааш нь Тэс сумын төв явцгаав. Хөдлөхийн өмнө орос эрдэмтэн орчин цагийн малчин  эр хоёрыг гэрийн гадаа зогсоож байгаад зургийг нь дарав.

Тээр жилийн хурим хийсэн Бямбадулам бүсгүйн хадам, Баттөмөрийн худ, нутаг усандаа “Тожоо” хэмээн алдаршсан Баяртогтохынх сумын төвд суурьшдаг аж. Социализмийн үеийн драмын жүжгийн нэрт зохиолч Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн нэг гол баатар Тожоо жолооч гээд олон нийтэд алдаршиж түгсэн тэр дүрийн нэр манай хот хөдөөгүй л хүмүүст танил дотно болж нэг нэгнээ тэр дүрийн нэрээр нэршүүлж дотносох нь дээхэнтээ элбэг байдаг байж билээ. Ажил сайтай, гарын дүйтэй, тэрэг техниктэй нэгнийг “Тожоо” гэцгээх нь бий. Эрхэм Баяртогтох бага залуугаасаа гэрийн мод хийж, тэрэг техниктэй ойр явсан болохоор нутаг усныхнаасаа “Тожоо” нэрийг авсан биз. Дархан мужааны цех ажиллуулдаг тухай нь би тээр жилийн нийтлэлдээ дурдан бичиж байж. Сумын төв дэх гэрт нь энэ удаа зочлохдоо аргагүй л ажил хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээ, юм юмны ур дүй сайтай нэгэн юм гэдгийг дахин мэдэрлээ. Өөрсдийнх нь тухай нийтлэл тэмдэглэл бичиж, өнөө жил дахин зочилж буйд талархаж буй юм байлгүй эрхэм Баяртогтох надад өөрийн гараар урласан Тэсийн бургасан шээзгий бэлэглэв. Гэргий Л.Дүрзээ нь Увс нутгийн “Грэй гусь” хэмээн нэрлэгдэх болсон идээний дээж, ааруул цагаа эхнэр бид хоёрт өргөн барьж байх юм. Эднийд бид бууз хуушуур хоол унд, идээ будаа болж байгаад Увс нуурын ойрхонтоох “Давс”-анд орохоор хөдөлцгөөв. Дараа нь Увс нуурын Тэс сум талын үзүүр болох “Бага нуур”-т орж өнжөөд буцахдаа сумын төвийн хажуухантайх “Харз”-д ороод тэндээсээ Тожоо худынд ирж оройн зоог барьцгаачихаад “Нарийны гол”-руугаа очиж хонох тийм хөтөлбөртөө байв. Хориод км давхиад давсанд хүрлээ. Хааш хаашаагаа гурван зуугаад метр юм уу гэхээр талбайтай энд тэндээ хэсэгхэн цөөрөмтэй цас шиг цайрсан цагаан давсан талбай байх юм. 

Хүүхэд багачууд, бүсгүйчүүд цөөрөмд булхчихсан харагдана лээ. Бидний танил хүмүүс ч тэдний дунд бас байв. Эхнэр хүүхэд, хамаатан садануудтайгаа энд аялаж яваа төрийн хянан шалгах байгууллагад удирдах алба хашиж явсан Давст сумын харьяат Цэрэнхүүтэй гишүүн Баттөмөр маань ажил төрлийн ойр харилцаатай явсан дотно танилууд аж. Тэд биднээс өмнөхөн ирж давсанд ороод цав цагаан бүрхүүлтэй болчихоод явцгааж байв. “Цөөрөмд хэсэг хэвтээд гарахад л үдийн халуун нар ийм болгочихож байна, бүрэн эрдэсжиж байна аа” гэцгээж байв тэд. Бид ч хувцас хунараа тайлаад тэдний нэг адил эрдэсжиж цайрцгаав. Тээр жил Тэс-д ирэхэд Баттөмөр анд биднийг энэ давс руу очихыг хэдэнтээ ятгаж байж билээ. Хорь дугаар зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнх аварга маань Тэсийн энэ давсанд орчихоод “Танай энэ давс чинь ДОХ-оос бусдыг нь ер нь эмчлээд эдгээчихээр эд юм биш үү?...”гээд цайрч хужиртсан гуя хаагаа үрж байсан тухай Төөмбий тэр үед ярьж энэ давсан нуураа магтаж байсан юм. Даанч тэр үед бид цаг хугацаанд шахагдаад энд ирж  чадаагүй билээ...  Нутгийн их аваргын магтан ярьж байсан тэрхүү давст цөөрөмд би гэдэг хүн энэ удаад хүрч ирж ийнхүү нэг хэсэг тансаглав.

Эндээсээ манай цуваа Увс нуурын зүүн хэсэгт  очлоо. Тэсийнхэн нуурынхаа энэ хэсгийг  “Багануур” хэмээдэг аж. Тэнд ирэхэд Баяртогтох худ, эдний хүү, Төөмбий андын маань хүргэн Б.Бат-Очир нар идээ будаа засчихсан биднийг угтлаа. Нуурын энэ хэсэг үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, торгон элстэй тун ч тансаг тогтоц юм. Ганц хоёр хундага тогтоож идээ цагаа хүртэж нуур усанд сэлж булхаж бас дуулж бүжиглэж бяцхан өдөрлөг зохиоцгоов.

Үдийн халуун өнгөрч нар доошилж байхад сумын төвийн дэргэдэх “Харз”-д орохоор бид “Бага нуур”-ын эргээс хөдөлцгөөв. Аймаг хотоос ирсэн бололтой жип хөлөглөсөн залуус тэнд усанд ороод булхаж сэлж баясацгааж байв. Бид ч тэдний нэг хэсэг болж “найрлацгаав”.

Ар талаараа битүү зэгсээр хучигдсан, эрэг хавь нь торгон элстэй, үзэсгэлэн төгөлдөр тогтоц юм. Ус нь бүлээн дулаан, бас цэвэр тунгалаг байлаа. Нуур ус, гол мөрнөө дээдлэн магтах Тэсийн уугуул Төөмбий андын хүргэн Бат-Очирын гараас “Увс нуур” буюу Увсын Грей гусь хэмээн алдаршсан нутгийн идээний дээжийг хүртсэн шигээ энэ харзнаа наргиж байлаа бид хэд. Давст цөөрөм,

“Багануур”, Зэгст “Харз”-д аялаж  амарсан манай цуваа оройхондоо “Харз”-наас сумын төв рүү хөдлөж Тожоогийндоо бууцгаалаа...          Үргэлжлэл бий

                                                                                                                                                          Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?