29 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ЭГШИГЛЭСЭН "18 НАС"

2024-02-16  

Монголын хөгжмийн ертөнцөд олон жил оршин тогтнож, үе үеийн залуусын сонсох дуртай хит дуунуудыг “төрүүлсэн” хамтлаг тун цөөхөн. Тэдгээр цөөхөн уран бүтээлчдийн дотроос топ гэж хэлж болохоор нэгэн хамтлаг нь “Камертон”. 1995 онд байгуулагдсанаас хойш өдгөө 29 жилийг үдэж буй тус хамтлагийн зарим дуунууд одоо ч хит хэвээр байна. Тус хамтлагийн түүхийг эргэн сануулъя.

 “Пентатоник” наадмын "Шилдэг Дебют хамтлаг"

“Камертон” хамтлаг тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежоос эхлэлтэй. Сургуульд байхдаа Эба, Ганаа хоёр нэг анги байсан бол доод  ангид нь Д.Болд, Мээдээ хоёр сурдаг байв. Харин хамтлаг байгуулах санааг анх Д.Болд гаргажээ. Түүний саналыг найзууд нь 1995 оны зургаадугаар сарын 24-нд  Хөгжим бүжгийн коллежийн хоёр давхарт хүлээж авснаар домогт “Камертон” хамтлагийн түүх эхэлсэн байдаг. Тус хамтлагийн анхны уран бүтээлийн нэг нь “Маамуу нааш ир” дуу. Энэхүү бүтээлийг хөгжимгүйгээр өнгө салган дуулж, дүрсжүүлсэн нь сонсогчдоос өндөр үнэлгээ авчээ. Харин өнөөдрийг хүртэл хит хэвээр байгаа “18 нас” дуу нь 1995 оны намар олны хүртээл болжээ. Тухайн үед томдсон хослолтой дөрвөн залуу 18 насны хайр дуулан зогсох нь өдгөө "өхөөрдөм" харагддаг. Тус клипийг Монголын Үндэсний Радио Телевизийн студид хийж тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж чадсан ба телевизээр цацагдах үед  Монголын анхны FM радио болох 102.5 долгион болон Үндэсний Радиогоор олон нийтэд хүрч, цацагдсан даруйдаа хит болж, амжилт тогтоосон гэдэг. “Камертон” хамтлаг тухайн үед Монголын рок попын ертөнцөд цоо шинэ өнгө аяс авчирч залуусыг байлдан дагуулж чадсанаар тэр жилдээ “Пентатоник” наадмаас "Шилдэг Дебют хамтлаг" шагналыг хүртсэн байдаг. Дөнгөж байгуулагдсан хамтлагийн нэр алдар Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, fm радиогуудаар “18” нас дуу тасралтгүй эгшиглэсэн 1995 оны зуны тэр нэгэн орой хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн дөрвөн залуу анхны тоглолтоо хийх гээд догдлон зогсож байв. "18 нас" тоглолтын өмнөх орой тэдний сэтгэл хөдөлж, хэн нь ч унтаж чадаагүй гэж нэгэн дурсамжиндаа бичсэн байдаг.  Тоглолтын тасалбар хэдийнэ хоёр хоногийн өмнө дуусчихсан. Тиймээс "Камертон"-чууд аав ээж, ах дүү, хамаатан садандаа "шаг"-ийн үнээр тасалбар худалдан авч өгсөн аж. Хамтлагийн гишүүд тоглолтынхоо тухай "Анхны тоглолт байсан учраас тэр өдөр бидний санаанаас огтхон ч гардаггүй. Бид дуундаа хэт автаад, өөрсдийгөө ч мэдрэх чадваргүй болчихсон байсан" хэмээн  дурссан нь бий.

Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой

Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод

Алтан нарны болорхон туяанд

Анхны болзоонд зогсмоор санагдана.

Аяа миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Аяа миний 18 нас

Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас...

Уналт ба сэргэлтийн он жилүүд

Хамтлаг байгуулагдсанаас хоёр жилийн дараа Д.Болд, Б.Эрдэнэбат нар АНУ-д, Л.Ган-Эрдэнэ Германд сурах гэж байсан ч Д.Болд, Б.Эрдэнэбат хоёрын виз бүтээгүй аж. Хожим нь Эба "Болдоо бид хоёрын виз бүтээгүйд маш их баярлаж явдаг. Хэрэв бид явчихсан бол "Камертон" хамтлаг өнөөдрийн энэ өндөрлөгт хэзээ ч хүрэхгүй байсан" гэж дурссан удаатай. Үнэхээр хувь тавилан гэж байдаг бол уулзах ёстой хүмүүс нэгэн цаг дор учирч, хүсэл зорилгоо нэгтгэн хамтлаг байгуулж, 29 жил тасралтгүй эгшиглэнэ гэдэг жирийн тохиол биш гэлтэй. 1996 онд “Камертон” хамтлаг анхны цомгоо гаргаснаар, Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийгөө тунхагласан юм. Ийнхүү шил дараалан "Хэн ч уйдаагүй хайр", "Сартай шөнийн дуу", "Халуун тэнгэр" зэрэг дуунууд нь  FM, радиогоор хит болж эхлэв. Энэ үед дебют цомог болох "18 нас"-ыг бичүүлж Германд хэвлүүлсэн түүхтэй. Цомгийн борлуулалт өндөр байсан ба тухайн үедээ “Хар сарнай” хамтлагийн "Бүтээнэ, сөнөөнө", дуучин Б.Сарантуяагийн "Аргагүй амраг" цомгуудтай өрсөлдөж 1996 оны шилдэг цомгийн нэг болж амжив. Харин 1997 онд "Зүүд", "Гудамжинд", "Хүсэл хясал" гэсэн шинэ дуунуудыг гаргасан нь амжилт дагуулж, хөгжмийн чаартуудыг тэргүүлж эхэлжээ.  Энэ ондоо хоёр  дахь бие даасан тоглолтоо "Хүсэл хясал" нэртэйгээр хийв. Тоглолт амжилттай болсон ч хамтлаг тарах шуугиан дэгдсэн юм. Харин энэ үед продюссер Л.Тайванбат хамтлагийг буцааж нэгтгэсэн гэдэг.  Тоглолтын дараа гишүүд хэсэг хугацаанд соло уран бүтээлүүд дээрээ ажиллажээ. Д.Болдын "Ухаарал", Б.Эрдэнэбатын "Амьдрал", Л.Ган-Эрдэнийн "Чамтай хамт явмаар байна" зэрэг дуунууд энэ үед “төрсөн” түүхтэй. Энэ үед Камертон дараагийн  цомгоо гаргахад хангалттай олон дуутай болсон байв. Ингээд 1998 онд "Уйлахдаа ухаар" цомог гарсан ажээ.

Сорилттой тулгарсан ч, байр сууриа хадгалж үлдсэн нь

Харин 1999 он “Камертон”-ы хувьд жинхэнэ тэсрэлтийн жил байсан гэдэг. Учир нь Монголын хөгжмийн ертөнцөд “Сүнс”, “Номин талст”, “Guys 666”, “Найм дахь гариг” зэрэг  шинэ хамтлагууд хүч түрэн гарч ирэв.  Энэ нь “Камертон” хамтлагийг байр сууриа хэрхэн хадгалж үлдэх вэ гэсэн томоохон сорилын өмнө аваачжээ. Тэд бууж өгсөнгүй. Харин ч  хөгжмийн зохиолч Л.Балхжавын  "Амин нутаг" дууг дуулж, дөрөв дэх удаагийн бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулжээ.  Мөн Д.Болдын зохиосон "Харууслын аяз", "Санахын жаргал" болон "Явах цаг боллоо" зэрэг дуунууд бэлэн болсон байв. Ингээд Камертон анхны сингл цомгийг гаргахаар шийдэж дөрвөн шинэ дуунаасаа бүрдсэн "Амин нутаг" цомгоо гаргав. "Явах цаг боллоо" дуунд “On and Off” продакшн видео клип хийсэн нь цоо шинэ тэсрэлт болсныг “Камертон”-ны үнэнч фэнүүд санаж байгаа байх. Үүнээс хойш тэд 2000 оны дундуур хэсэг завсарласан ч бие даасан цомгууд дээрээ амжилттай ажилласаар байв. Тухайлбал, дуучин Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2” зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид” шинэ цомгоороо фэнүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо 2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд, Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд тус тус гаргаж, 10, 20 жилийн ойн тоглолтуудаа амжилттай зохион байгуулсаар ирсэн. Харин ирэх жил тус хамтлаг 30 нас хүрнэ. Тэд ойн баяртаа зориулж, “Сэтгэлийн хүч” шинэхэн уран бүтээлээ цацаад байна. Энэхүү бүтээлд дуучин Д.Болд ээжтэйгээ, Эба аавтайгаа, Мээдээ охинтойгоо, Ганаа хүүтэйгээ хамтран дуулжээ. Тэд энэхүү бүтээлээрээ хайртай хүмүүстээ чин сэтгэлийн үгээ хэлсэн юм. 29 жил зүрхэнд эгшиглэсэн “Камертон” 30 жилийнхээ ойгоор яг л 18 нас шигээ эргэн тайзнаа нэгдээсэй. 

Амжилт

• 1995 онд “Пентатоник” наадмын шилдэг дебют хамтлаг

• 1996 онд “Пентатоник” наадмын шилдэг хамтлаг

• 1997 онд Шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл

• 2000 онд Шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл

• 2003 онд “Алтан микрофон” наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог

Гаргасан цомгууд

• 18 нас (1995)

• Уйлахдаа ухаар (1998)

• Амин нутаг (1999)

• Retro 2 Remix (2000)

• June 24 (2000)

• Төгсөшгүй (2001)

• Өнөөдөр (2003)

• Хайрын хот (2003)

• June 2004 (2004)

• Celebration (2004)

• Хязгааргүй (2017)

Тоглолтууд

• 18 нас

• Хүсэл Хясал

• Greatest Hits

• Unplugged

• 4 жилийн ойн тоглолт

• Хувьсал

• June 24

• Төгсөшгүй

• Camerton & No Mercy

• 24 цаг

• June 2004

• 10 жилийн ойн тоглолт

• 15 жилийн ойн тоглолт

• 19 жилийн ойн тоглолт /2014 оны 5-р сарын 14/https://www.youtube.com/watch?v=-xv50BsQYW0

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?