ДЭЛХИЙН ШИНЭ ДАЙНЫ ӨМНӨХ ЭРИН ЦАГТ БИД АМЬДАРЧ БАЙНА

2024-04-01  

    Ингэж Польш улсын ерөнхий сайд Доналд Туск шийдэмгий  мэдэгдлээ. Энэ цаг үе бол дэлхийн шинэ  дайны өмнөх эрин. Оросын өдүүлэх энэ дайныг сөрөн зогсоход бас л" урт замыг туулах болно " гэж тэр нэмж хэллээ.
" Шинэ дайныг  өнгөрсөн дайнтай зүйрлэх аргагүй. Огт төсгүй. Дайны гал аль хоёр жилийн өмнө ассан. Цаашаа яаж ч даамжирч, гал нь хаа ч хүрч дүрэлзэж  мэднэ.  1945 оноос ийм аймшигтай үйл явдалтай өнөөг хүртэл нүүр тулж явсангүй гэж Германы "Дие Вэлт"  сонинд ярилцлага өгөхдөө Польш улсын ерөнхий сайд Д.Туск онцоллоо. 
-Хэтрүүлэг, сүржигнэл шиг сонсогдож магад. Ялангуяа залуу үеийнхэнд.
Надад сүржигнэх шаардлага огт байхгүй.  Өдрөөс өдөрт улам бүр тодорхой болж буй юмны тухай л би анхааруулж байна. Дахин хэлье. Хүн төрөлхтөн шинэ дайны өмнөх цаг үед амьдарч байна шүү. Болгоомжлогтун. Сэрэгтүн.
  2022 оны хоёрдугаар сард Оросын арми Украйн улсад халдсан тэр цаг мөчид шинэ дайны гал дүрэлзсэн. Дээрх  мөргөлдөөн нь  хил залгаа  хэсэг улс  руу дамжин  халих аюул улам бүр наашилж буйг Европын Холбооны удирдагчид гүн гүнзгий мэдэрсэн. НАТО-гийн орнууд руу довтлохгүй гэж Путины удаа дараа хэлж буй үг бол ор үндэсгүй.  ОХУ-ын өдүүлж буй энэхүү дайн нь хүйтэн дайны дараагаас  даян дэлхийд тогтсон улс төрийн нөхцөл байдлыг бүрэн эвдсэн. Энэ бүхэн нь  Европын улсуудыг яаралтай  нэгдэж, цэрэг зэвсгээ хуримтлуулж, хөрөнгөө төвлөрүүлж, ард иргэдийнхээ аюулгүй байдал, улс орныхоо хамгаалалтандаа нэн яаралтай шилжихийг хатуу  сануулж байна.
Хамгийн их дундыг баригч Финлянд, Швед улсууд НАТО-гийн гишүүн болчихлоо шүү дээ. Энэ бол нөхцөл байдал хэр даамжирч байгаагийн тод илэрхийлэл.  Балтикийн орнууд болох Эстони, Литва улсууд цэрэг зэвсгийнхээ  төсвийг нэмлээ. Украйнтай хил залгаа Молдав улс ч Европын Холбоонд  элсэх хүсэлтээ  ирүүлсэн. Бүгд л хүчээ зузаатгахыг зорьж байна.
Яг одоогоор Франц- Украйн- Польш гэсэн гурван улсын нэгдэл Европыг Оросын түрэмгийллээс хамгаалан торгоож  байна.
Өнгөрсөн долоо хоногт  гэхэд л Оросын цэргийн онгоц Украйны газар нутаг дээгүүр нислээ.  АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Украйныг дэмжиж буй ч, Доналд Трамп сонгогдвол байдал өөрөөр эргэх нь.  " Орос улс Украйнтай юугаа хийнэв, НАТО-той яанав? гэдэг бидний сонирхох  асуудал биш. Дураар нь орхих хэрэгтэй  " гэж  тэр өөрийн баримтлах байр сууриа ил тод илэрхийлсэн. АНУ-д бидний асуудал хамааралгүй болох нь. Тиймээс хэн нь ч АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэсэн бид Трансатлантик эвслээ л улам цэгцлэх  ёстой.
Санаж байвал, 2002 онд зэвсэглэсэн Чечень эр  Дубровкийн театрт 800 ердийн иргэдийг барьцаалсан. Дараа нь 2004 онд мөн зэвсэглэсэн чеченьчүүд   1200 хүүхдийг  барьцаалсан хэрэг Беслан сууринд гарсан. Путин иймэрхүү эмгэнэлт явдлыг улс төрийн зорилгоор ашиглахдаа туйлын гаргуун. Крокуст болсон алан хядлагыг ч Украйны эсрэг  Путин эвлэг ашиглана. Крокусын адан хядлагт  аль хэдийнээ Украйныг буруутгаж эхэлсэн. Энэ бол Украйн луу дахин довтлохын шалтаг. Шинэ дайны гал бусад орон дуу үсрэх гэж байхад Европ тив бэлэн бус байгаа нь түгшүүртэй  гэж тэрбээр байр сууриа илэрхийллээ.

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?