Ромын Пап лам Франциск Италийн Ром хотын эмэгтэйчүүдийн шоронд зочилж, хоригдол 12 эмэгтэйн хөлийг Ариун ёслол үйлдэх үеэрээ угаажээ. Энэ бол Ромын Пап лам эмэгтэйчүүдийн хөлийг угааж байгаа анхны тохиолдол боллоо гэж CNN мэдээллээ.
Нас өндөр болсны ( 87 настай) улмаас явах гишгэхэд хүндрэл учирч, тэргэнцэр дээр голдуу суух болсон Пап лам Ромын эмэгтэйчүүдийн Ребиббиа шоронд Ариун ёслол үйлдэх мөчдөө тэргэнцрээсээ бууж, хоригдол 12 эмэгтэйн хөлийг өөрийн гараар угааж ариутгахад тэдгээр эмэгтэйчүүд нүднээсээ асгарах нулимсаа барьж дийлэхгүй байжээ. Энэхүү хөл угаах зан үйл нь Есүс Христ нас барахынхаа өмнөх шөнө бүх шавь нарынхаа хөлийг угааж байснаас үүдэлтэй гэж түүхчид үздэг юм байна. Хожмоо энэ ёслолыг Улаан өндөгний баярын өмнөх Пүрэв гарагт үйлддэг уламжлал тогтжээ. Жил бүрийн өдийд энэхүү ёслолыг зөвхөн Ватиканд үйлддэг байсныг Пап лам Франциск эвдэж, Ватиканы хилийг хальж, хоригдол, дүрвэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зовлон зүлгээр эдэлж буй хүмүүсийн хөлийг угааж Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг болжээ.
- Эмэгтэйчүүдийн хориход нийтдээ 360 эмэгтэй, нэг хүүхэд хоригдож буй. 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр манай хорих байранд Ромын Пап лам зочилсон нь анхны тохиолдол боллоо. Хоригдол 12 эмэгтэйн хөлийг угааж, үнэн сэтгэлээсээ үнсэж байгаа нь түүний хүнлэг, энэрэнгүй сэтгэл , дотнын хүнээс нь дутахгүй хайрлах сэтгэл, энгийн даруу зан чанарыг илтгэлээ гэж хорих ангийн дарга Надя Фонтана CNN-д ярилцлага өгөхдөө онцоллоо. Түүний өмнөх пап лам XVI Бенедикт зөвхөн эрчүүдийн хөлийг л угаадаг байсныг пап лам Франциск ийнхүү өөрчилсөн нь Ватиканы зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.
Ц.ЭНХБАТ