ДҮРЭМ ЗӨРЧИЖ ИЗРАИЛИЙН ТАМИРЧИНГ МӨРГӨСӨН НЬ МОНГОЛЧУУДЫН НИЙТЛЭГ АРАНШИНГУУДЫН ИЛРЭЛ Л ДЭЭ

2024-05-22  

Монголчууд шуугиан, хэрүүлээс уйдах биш. Тэдгээрийн нэг шуугиан нь мэдээж А.Анандын үйлдэл. Нийгэм хоёр хэсэгт хуваагдан А.Анандын талаар шуугилаа. Яг юу болсныг товчхон хэлэхэд, 3х3-ын сагсан бөмбөгийн тэмцээнд олимпийн эрх авах хариуцлагатай тоглолтыг Израилийн багтай манайхан хийсэн. Тоглолтын турш Израилийн хүчирхэг багийг манай шигшээ баг илүүрхэн хожиж байсан. Гэтэл багийн лидер тоглогч болох А.Ананд тоглолтын хувь заяа хэдийнэ манайх руу эргэчихсэн үед өрсөлдөгч багийн гишүүнийг толгойгоороо мөргөж дүрмийн бус үйлдэл гаргасан. Үүнээс болоод дараа дараагийн тоглолтуудад Монголын шигшээ баг хожигдлоо. Олимпод орох эрхгүй боллоо. Дэлхийн спортын хөгжил багийн төрөлд хурдацтай хөгжсөөр байгаа. Энэ хөгжлөөс манай улс бараа сураггүй хойно хоцорсныг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр чамгүй наашлуулсан нь үнэн. Үүнд нь монголчууд багийн спорт Монголд одоо л хөгжих нь гэж баярласан. Учир нь манайд өнгөрсөн хугацаанд ганц хүний спортын төрөл л хөгжиж ирсэнтэй холбоотой. Хувь хүний спортын төрөлд тухайн тамирчнаас өөр хэн ч хариуцлага хүлээдэггүй. Өөрөөс нь өөр хэн ч ашиг шимийг нь хүртдэггүй. Үндэсний бөх гэхэд л ганц хүн улсын цол авснаараа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ. Морины уралдаан ч мөн адил. Энэ мэт бусад хүмүүст ямар ч ашиг, ач холбогдол байхгүй хувь хүний спортыг монголчууд сайн хөгжүүлсэн. Эсрэгээрээ багийн спорт бол нийтээрээ хариуцлага хүлээдэг, нэг хүн бусдынхаа өмнө ёс суртахууны өндөр хариуцлага хүлээдэг, ашиг шимийг нь оролцсон бүгд хүртдэг. Тиймдээ ч дэлхийн спортын чиг хандлага багийн спортын төрөлд илүү ач холбогдол өгдөг. Нэг хүний спортыг үздэг, дэмждэг хандлага ч эрс багассан. Харин багийн спорт буюу хөл бөмбөг, сагсан бөмбөгийг дэлхий нийтээрээ үзэж, дэмжиж, шимийг нь хүртдэг учраас хурдтай хөгжсөөр байна. Монголчууд багийн спортоор тивдээ гарч ирж чадсан.

Цаашлаад дэлхийд гарч ирэхэд нь монголчууд бидний төрөлх зан араншин саад боллоо. Үүний нэг тод жишээ саяны А.Анандын үйлдэл. Уг үйлдлийг хувь хүний алдаа гэхээс илүү ерөөсөө монголчууд бидний араа боддоггүй, бас эрх өссөн, хөөрүү зантай холбож ойлгох хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй цаг мөчид өөрийгөө ялж чаддаггүй нүүдэлчин монголчуудын цусанд байдаг бодлогогүй хөнгөмсөг зан бидэнд гай болсоор л. Гэхдээ А.Ананд л монголчууд бидний энэхүү нийтлэг зан араншинг гаргаж байгаа биш л дээ. 2016 оны олимпийн үеэр чөлөөт бөхийн төрөлд мөн адил үйл явдал болсон. Олимпийн наадмын сүүлийн өдрийн сүүлчийн найдвар Г.Мандахнаран тун харамсалтайгаар Олимпийн дэвжээг орхиж байсныг монголчууд мартаагүй. Бас л өрсөлдөгчөө илүүрхэн ялж байсан. Цаг дуусч байхад манай бөх нэг онооны илүүтэйгээр хожиж байлаа. Гарцаагүй олимпийн хүрэл медаль авлаа шүү гээд омогшоод найзтайгаа хундага тулгаж байснаа санаж байна. Гэтэл юу боллоо. Манай бөх цаг дуусаагүй байхад ялчихлаа гэж баярлаж гүйж байгаад хожигдсон. Үнэхээр ч цаг дуусаагүй байхад манай бөх өрсөлдөгч бөхөө үл тоон дэлхийн дэвжээн дээр байгаагаа умартан хөөрсөн. Уг үйлдлээс нь болоод өрсөлдөгч бөхөд нь шүүгчид шууд ялалтыг өгсөн.

Ялалтын баярын сэтгэл хөөрлөө ердөө дөрвөн секунд л тэвччихсэн бол олимпийн хүрэл медаль бүрэн утгаараа манайх болох байлаа. Энэ нь Г.Мандахнарангийн буруу гэхээс илүү нөгөө л монгол хүний унаган зангаас шалтгаалсан алдаа байгаа юм. Дөхүүлээд л хаядаг, хяналтгүй хөөрдөг, нэгэнт энэ хүртэл дийлээд ирсэн юм чинь намайг дийллээ гэж үзнэ гэх мэтчилэн. Дээрээс нь дүрмийг дуртай үедээ,нэрд гарсан үедээ, баян болчихвол, дарга аварга болчихвол нэг удаа зөрчиж болдог гэсэн ойлголт. Үгүй дээ, дүрэм л бол дүрэм, үүнийг зөрчиж болохгүй. Зөрчвөл үр дүн нь яаж гардгийг саяны хоёр жишээ харуулна. Үүнээсээ болоод би гэдэг үзэл нь хэт өндөр давамгайлчихсан нь суурин соёлд маш том гай болсоор байгааг бид анзаарсан ч засаж чадахгүй өдийг хүрлээ. Монголчуудын би гэдэг үзэл өнөөгийн Улаанбаатар хотын иргэдэд хамгийн их гай болж байгааг бид мэдэрдэг болсон. Үүний тод жишээ нь нийслэл хотын замын түгжрэл. Энэ уулзвараар би л түрүүлээд хурдхан гарчихвал боллоо гэж дайрсаар байгаад л уулзвар дээр түгжирч зогсдог. Эсрэгээрээ би түр хүлээж байгаад энэ хүнийг урдуураа оруулчихвал уулзвар дээр түгжрэхгүй шүү гэсэн бодлоор замын хөдөлгөөнд оролцдог монгол хүн цөөхөн. Ихэнх нь би эхлээд гаръя, би түрүүлээд явчихъя, би гялс орчихъё гэж дайрсаар байгаад хөдөлгөөнийг нь чагталчихдаг. Монголчуудын би гэдэг үзлийг баталж байгаа юм шиг замын түгжрэлийн шалтгааны 80 хувь нь жолооч нараас үүдэлтэй гэдгийг гадны судалгааны байгууллага олоод тогтоочихсон нь ичмээр. Энэхүү судалгааны дүн аль арваад жилийн өмнө л гарсан. Гэтэл одоог хүртэл түгжрэлийн гол шалтгаан нь жолооч бид өөрсдөө атлаа тэрийгээ засаж чадахгүй байна гэдэг монголчуудын шинжлэх ухаан, судалгаа, баримт тооцоололд итгэдэггүйн тод жишээ. Суурин соёл иргэншилд өөрийнхөө эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ гэсэн хатуу дүрэм ч бий, хууль ч бий. Нэг сая гаруй хүн амтай хотод дүрэм, хуулийг хатуу мөрдөж л амьдрах ёстой. Гэтэл бидэнд нийтийн дунд амьдрах хүмүүжил үнэхээр төлөвшөөгүй байгаа нь энгийн өдөр тутмын үйлдлээс л тодорхой харагдаж байна. Хатуу мөрдөх ёстой дүрэм, хуулийг юу ч болоогүй мэт зөрчдөг энэ хандлага монголчуудыг дэлхийд гарахад хамгийн том саад, тээг болсоор байгааг бид саяны багийн спортоос харлаа. Бусад спортын төрлүүдэд ч энэ алдаагаа олон давтсан. Дүрэм зөрчсөн л бол алдаа болдог. Гэтэл монголчууд алдаагаа олон давтаж байгаа нь дүрэм зөрчсөнийхөө хариуцлагыг мэдрэхгүй байна гэж ойлгож болох юм. Хэлээд хэлээд ойлгохгүй хүүхдэд алганы амт үзүүл гэж монголчууд ярьдаг. Үүн шиг хууль дүрэм зөрчсөн бол хүлээх хариуцлагыг ясанд нь тултал мэдрүүлэх хэрэгтэй юм шиг.

Хариуцлага сул, бүр хүлээлгэдэггүй учраас л дүрмийг зөрчих гэж гаргадаг. Түүнчлэн Монголын хууль гурав хоног гэсэн ойлголт өргөн тархсан байх. Тиймээс хууль, дүрэм зөрчсөн л бол хүлээлгэх хариуцлагыг нь хатуу оногдуулдаг байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр монголчууд бид алдаа гаргасан хүнийг өрөвдөж, өршөөх дуртай үндэстэн юм аа. Гэтэл энэ нь нөгөө хариуцлагатай байх, хариуцлагаа үүрч сурах мөн чанартайгаа тэрсэлдээд байгаа юм биш үү гэлтэй. Дүрэм зөрчвөл хариуцлага үүрнэ гэдэг ойлголтыг хатуу санамаар байна. Чөлөөтөөр олимпийн медаль хүртэх боломжтой байсан Г.Мандахнаранг тухайн үед хайрлаж, хамгаалаад л өнгөрсөн. Дараа нь амжилтаа ахиулсан уу. Саяны дүрэм зөрчиж, Израилийн тамирчныг мөргөж унагаасан нөхөрт дэлхийн шүүгчид хариуцлага тооцож байхад монголчууд өрөвдөж, хайрлаад л байна. Бас л А.Анандын буруу биш ээ л гэж байна. Нэгэнт л дүрэм зөрчсөн бол хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Тэгж байж тэр хүн дараа дараагийн тэмцээндээ багаа хөөдөхгүй, багийнхаа өмнө ямар өндөр үүрэг хариуцлага үүрч яваагаа ойлгож багийн спорт гэж юу болохыг, юу чухал байдгийг мэдэх юм биш үү. Хайрлаж, хамгаалж, хариуцлагаас мултлах тусам л хүн хүнээ байдаг цаг шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин, Э.МӨНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?