УТААТ УЛААНБААТАРААС УРИН ДУЛААН ТАЙЛАНДАД

2024-06-11  

Утаат Улаанбаатараас Урин дулаан Тайландад

-Хахир хүйтэн өвөл, хотын утаанаас зугатсан нийслэлийн иргэд Тайландын Бангкок, Пукет  рүү  руу олноороо цувж байна-

   Тайланд орон сүүлийн үед манайханд олон юмаар танил болоод буй. Энэ улс оронтой  олонхи монголчуудын эхэлж танилцсан шинэ цагийн түүх гэвэл Бумрунград гэх эмнэлэгтэй нь холбогдох байх. Эрүүл мэндийн салбарт бизнес эрхэлдэг манайхны нэг компани Тайландын энэ эмнэлэгтэй харилцаа тогтоогоод өвчинд шаналсан хэсэг хүнийг тийш зүглүүлсэн хэрэг. Үнэ төлбөр нь ч манайхны халаасны нимгэн зузаанд дүйцсэн байсан биз. Эмчилгээнийх нь чанар чансаа, үйлчилгээ манайхны санаа сэтгэлд таарсан юм байлгүй, сүүлийн жилүүдэд бидний монголчууд тийшээ олноороо цувах болсон. Ийн байтал 2017 оноос нийслэл Бангкок руу нь манай МИАТ компани шууд нислэгтэй болсон. Эмчилгээ сувилгаанд явах хүмүүсийн тоо ч энэ зүгт эрс нэмэгдсэн байх. Манайхан ганцаараа явах биш, хань үр хүүхдүүдээ дагуулаад явах нь бий. Эмчлүүлж илааршсан зарим нь халуун дулаан энэ оронд нуур ус, далай тэнгист нь амарч алжаал тайлах нь ч олширсон гэх. Эдний эмнэлэг, эмчилгээ, үйлчилгээнийх нь чанар ч дэлхийн түвшнийх гэгддэг юм билээ. Миний бие өмнөх нэгэн аялалынхаа үеэр Бумрунград эмнэлгээр нэг ороод гарсан юм. Хотын төв хэсэгт оршдог юм билээ. Таван одтой зочид буудалд ороод ирэв үү гэхээр л сэтгэгдэл надад тэгэхэд төрсөн. Хар нөмрөгтэй, зөвхөн нүдээ гаргасан халхавчтай араб бүсгүйчүүд, торгомсог цагаан хувцастай том алаг нүдтэй араб залуус, хүүхдүүд эмнэлгийн хүлээн авах хавиар олноороо холхиж байх юм билээ. Баруунд ч, Америк европын аль ч шилдэг эмнэлгүүдэд эмчлүүлэх боломжтой баян арабууд энд ирж эмчлүүлж буй нь нэгийг хэлээд буй хэрэг. Ингээд бодохоор манайхан энд ирдэг болсон нь сайн тал. Өвлийн хатуу хахир цагаар хотын утаанаас зугатсан нийслэлийн иргэд шууд нислэгтэй Бангкок  руу амрахаар, эмнэлгийн үйлчилгээ авахаар ч, бас Пукет, Патая гэх далайн эргийн аялал амралтын газар луу ч олноороо цувах болжээ. Манай агаарын тээврийн компаниуд ч энэ зүгт нислэгийнхээ тоог нэмчихэжээд. МИАТ долоон жилийн өмнөөс долоо хоногт ганц хоёр удаа шууд нислэг хийх болоод байсан бол  одоо Бангкок руу долоо хоногт гурван удаа, Пукет рүү өвлийн улиралд долоо хоногт дөрвөн удаа нисдэг болжээ. “Аэро Монгол”, “Хүннү Аэр” ч бас эднийхтэй өрсөлдөөд л нисч байна. Хоёр жилийн өмнөөс Тайландын агаарын тээврийн “ThaiVietJet” компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх болсон тухай мэдээлэл сонин хэвлэлд гарч байсан. Зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжаа нэмэгдүүлнэ гэж тэдний төлөөлөгч ярилцлага өгсөн байх юм. Нислэгийн тоо ийн нэмэгдсэнээр аялал жуулчлалын компаниуд ч энэ чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Жуулчин, Нью Жуулчинтурс, Газарчин, Тэнгэртравел, Аэрмаркет гээд олон компани Бангкок, Патая, Пукет рүү аялагч амрагчдаа урин дуудаад л өрсөлдөж байх. Аялагчдаа тавь жараар нь багцлаад үнэ төлбөрийн аятайхан санал тавьдаг болж. Олуул аялаж жуулчлах ийм нөхцөл бүрдэж буй болохоор нислэгийн болон зочид буудлын үйлчилгээний үнэ тариф аялагчдадаа нилээд хямд тусдаг юм байна.

     Аялалын минь оршил. Тайланд оронд би гуравдахь удаагаа ирж байна. Эхнийх нь хориод жилийн өмнө Балбын нийслэл Катмандуд болсон Ази Номхон далайн орнуудын Хэвлэл мэдээллийн салбарынхны удирдах ажилтны уулзалт семинарт оролцчихоод Энэтхэг орныг үзчих санаатай Дели нисэхдээ Катмандугаас нислэг байхгүй тул Тайландын Бангкок орж байж тийшээ явсан билээ. Бангкокт суугаа манай улсын Элчин сайдын яамны ажилтан Д.Гансүх намайг онгоцны буудалд угтаж бага шиг буурчийн газарт хонуулаад явуулсан санагдана. Оройхондоо Гансүхтэй хамт хотын гудамжаар цаг гаруй алхалсан. Европынхон ч юм уу, америк англичууд ч юмуу цагаан арьст дэнхийсэн дэнхийсэн европ ч юм уу, америк англичууд ч юмуу эрчүүд тай охид сундалчихсан энэ нутгийн хүмүүс шиг л давхилдаж буйг харж явав. Зарим нь жар дал гарчихсан гэхээр л хөгшчүүл байх нь нүдэнд содон байсан юм даг. Олон улс оронд ажиллаж амьдарсан бидний нэг найз “...Америкчууд ч, европыхон, ялангуяа гэр бүл, сексийн эрх чөлөө өндөртэй франц эхнэрүүд нөхрөө Тайланд явахад нь чемоданд нь нилээд хэдэн хайрцаг бэлгэвч хийж өгдөг гэх юм билээ...” гэж сонирхуулан ярьж байсан нь Бангкокын шөнийн гудамжаар явж байхад санаанд орж найзын тэр үг үнэний хувьтай байх магадлалтай юм байна гэж санагдаж байлаа... Хоёр дахь удаагаа очихдоо Японоор аялж Токиод сүмогийн Хару баше үзчихээд Тайландад бууж байлаа. Тэнд миний эртний анд Чимэддоржийн Баттөмөр Элчин сайдаар ажиллаж байсан тул түүнийг бараадсан хэрэг гэж ч хэлж болох. Тайландын төр засаг хямарсан тийм нэг цаг үе тэгэхэд таарсан юм. Ерөнхий сайд хатагтай Инглак Шинаватрагаа огцруулах гээд сөрөг хүчин нь жагсаал цуглаан хийж гудамжны үймээн самуун дэгдээгээд Эзэн хаан нь зарлиг гаргаад онц байдал тогтоочихсон тийм цаг үе байв. Нийслэл рүү орох хөл хөдөлгөөн хязгаарлачихсан байсан юм. Элчин сайд андын замчилсанаар миний бие Бангкокийн төвд болж буй жагсаалыг үзэж сонирхож явлаа. Машин унаа тийшээ орохыг бүрэн хориглосон тул хотын төв тойрогт болж буй олон мянган хүн оролцсон тэр жагсаалыг явганаар хоёр цаг гаруй дагаж сонирхсон билээ. Бангкокт ийн хатуу хөл хорио тогтоочихсон тул тайван бүс болох аялал жуулчлалын Патаяа хот руу явж тэнд гурав хоног аяласан. Буцаж ирээд Элчин сайдын яамаараа орж тэндхийн ажил байдал, орчин тойронтой нь танилцчихаад тэндээсээ элчин яамны унаагаар галт тэрэгний буудал хүргүүлээд Лаос руу аялахаар явж байлаа. Бангкокт үзэж харсан жагсаал цуглаан, мөн Патаяагийн аялалын тухай “Эзэн хаан Адулятедийн Тайланд орноор” тэмдэглэл бичиж өдөр дутмын сонин сайт, мөн “Аян зам бодол эргэцүүлэл” номд (хуудас 209-226) хэвлүүлж нийтлүүлж байв. Энэ удаа Пукет, Бангкок гэх маршрутаар Тайланд оронд арав шахам хоног аялаж амраад ирлээ. Манай уламжлалт цагаан сарын өдрүүд энэ үетэй давхцав. Том хүү маань алба ажил, амралт хослуулаад гэр бүлээрээ Тайланд явахаар болж өвөө эмээдээ хүрч ирж золгох ач нар маань ч аав ээжтэйгээ хамт тэр зүг одох гэнэ. Гол золгогчид явчихаар хэнийг хүлээж суух вэ дээ гээд л өвөө эмээ хоёр нь тэдэнтэй хамт Тайландад аялахаар онгоцны тийз, зочид буудлын захиалга хөөцөлдөж эхлэв. Аялалын багт ороод явчих санаатай хэд хэдэн аялалын компанид хандлаа. Бүгд л зай завсаргүй, багаа бүрдүүлчихсэн гэх. Цаг тулчихсан болохоор Пукетийн шууд нислэгийн тийз олдохгүй, Бангкокын тийз худалдаж авлаа. Хүүхдүүдийн нислэг, тэдний зорчих маршрут, буух зочид буудлуудтай өөрсдийнхийгөө уялдуулах гэж хөөрхөн ажил алба болж байлаа. Сүүлийн хоногт Пукетийн шууд нислэг олдож Бангкокийн тийзээ буцаав. Шууд нислэг гээд хямдарсан юм байхгүй, харин ч Бангкокоор дамжиж ниссэнээсээ үнэтэй тусаж байв. Нэг бүтэн өдөр хоног хэмнэх юм гэж л тайвширцгаав. Авиа компаниуд бүгд л, манайх ч гадных ч ялгаагүй зорчигчдын ийм тулгам байдал дээр өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхлоо тулгаж тийзийн үнийг эрээ цээргүй нэмнэ. Ийм байдалтай мань мэт нь олонтоо таарч байгаа хэдий ч  хашрахгүй тэдний энэ хавх, урхинд байсхийгээд л орчихдог юм. Ажил асуудлаа эртнээс төлөвлөж унаа хөсөг, буудал суудлаа аль болох урьдчилан захиалж байхыг л хатуу сануулаад байгаа хэрэг. Хүүхдүүд биднээс гурав хоногийн өмнө Бангкок нисэв. Тэнд ажил албаа эхлүүлчихээд Пукетэд бидэнтэй хамт хэд хоног амраад дараа нь Бангкокт алба ажлаа үргэлжлүүлэх юм билээ.

     Пукетийн “Өнө мөнх амралт”-ад. Сар шинийн өмнөхөнтөө Пукет нислээ. Тайландын  хамгийн том арал хот гэгддэг юм билээ тэр Пукет. Монголчууд ч тийшээ олноороо зүглэх болж энэ нэр бидэнд аль хэдийнээ танил болсон. Энэтхэгийн далайн Андаманы тэнгист оршдог гэх. Ойр тойрных нь 31 арал ч энэ Пукетэд хамаарч тэнд нь аялал жуулчлал бүс, отгууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл байх юм билээ. Энэ арлуудыг нь оролцуулаад бүхэлд нь Пукет муж гэнэ. Нийтдээ 576 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 360-аад мянган хүн амтай, мужийн нийслэл нь Пукет хот. Энд нь 80 мянга орчим оршин суугчидтай. Пукетчүүд жилдээ 10 сая гаруй жуулчин хүлээн авч, эндээс олсон орлогоороо хот, мужийнхаа хөгжлийг голчлон хангадаг гэх. Иймэрхүү мэдээлэлтэй Тайландын Пукетийг зорин нисэв. Манай МИАТ-ийн Боинг 737 онгоц дүүрэн зорчигчтой хөөрч таван цаг хагас нисээд Пукетэд их үдийн хавьд газардлаа. Пукетийн олон улсын онгоц буудлын терминальд Малайз, Сингапур, Оросын авиа компаниудын таван том онгоц хоолойд залгаатай зогсож байх. Манай онгоц болсон хойно даруухан талдаа, задгай талбайд зорчигчдоо буулгав. Улс орны маань хомсхон эдийн засгийн илрэл биз ээ. Гурван том автобус ар араасаа цуварч байгаад зорчигч биднийг багтааж авав. Манайхны ная ерээд хувь нь аялалын “Газарчин”, “Тэнгэр травел”, “Нью Жуулчинтурс”-ийн аялагчид. Олны танил хүн гэвэл Улаанбаатар хотын Засаг даргын орлогчоор нэг хэсэг ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, Боловсрол соёлын сайд асан, одоо УИХ-ын даргын нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажилладаг хатагтай Ц.Цогзолмаа нөхрийн хамт энэ аялалын группийн нэгэнд багтаад аялаж яваа аж. Автобусанд шахцалдаад тэр эрхэмтэй мэнд мэдэлцсэнээс төдий л хэтэрсэнгүй. Аялалын ийм багт багтах санаатай бид хөөцөлдөөд бараагүй билээ. Аялал жуулчлалын компаниудын энэ цагийн эрэлт хэрэгцээ их л өндөр байдаг аж. Онгоцны буудлаас гадагш гарахад “Газарчин” гэсэн эмблемтэй люкс ангиллын лимузин автобус зорчигчдоо хүлээгээд зогсож байна лээ. Тэр автобусны хажууханд манай хэд бид хоёрыг угтлаа. Онгоцны буудлаас холгүй зочид буудал захиалсанаа хүүхдүүд бидэнд хэлж зураг хөргийг нь үзүүлж байсан юм. Олон цаг нисэж ирээд хол явахгүй амар юм билээ. Хүүхдүүдтэйгээ ярьж хөөрч арваад минут алхаад л зочид буудалдаа хүрчихлээ. Бидний буух “Perennial Resort” буудлын хүлээн авах буюу ресепшний хэсэг гаднаасаа ийн харагдаж байх. Үгчлэн орчуулбал “Өнө мөнх амралт” гэхээр юм уу... Амралтын газар гэдгээр нь “Амар амгалангийн орон” гэж ч буулгаж болмоор юм шиг. Хүүхдүүд хоёр жилийн өмнө энд буудаллаж байсан, нам гүмдүү тайван тансаг орчин гэж тэд ярьж байсан юм. Амралтын нэр нь тэр амар амгалантай нь ч холбоотой биз. Таалагдсан болохоор дахин сонгосон хэрэг байх. Ресепш нь гурван давхар байшингийн доод давхарт юм. Тэнд нь зоогийн газар байна лээ. Дээд хоёр давхар нь зочид буудлын өрөөнүүд аж. Бид хүлээн авах хэсэгт нь

 бүртгэл тэмдэглэгээгээ хийлгээд тэндээс цааш нэвт гарцгаав. Цэцэг навч, мод бут, бага шиг усан оргилууртай дан байшингууд биднийг угтаж байх. Байшингуудын хооронд цардмал замтай юм. Бид хоёрыг хүүхдүүд бяцхан цэнхэр усан оргилуурын цаадтайх энэ байшинд буулгав. Ач охин маань байшингийн сүүдрэвч дахь дүүжин даажинг үзүүлж эмээгээ 

баясгаж байлаа. Бидний буусан байшин дөчөөд ам.метр талбайтай юм. Нэг л том өрөө, тэнд нь унтлагын өргөн ор, явган ширээ, буйдан, хоёр кресло, хөргөгч, телевизор мэт байх. Нойл душ нь тусдаа, тэр нь харин ч том талбайтай юм. Хүүхдүүд манай байшингаас арай том зэргэлдээх байшинд төвхнөсөн байв. Нэг хоногийн өмнө ирсэн болохоор эндэх байр байдлыг судлаад бид хоёрыг аятай тухтай байлгах бэлтгэлийг дажгүй хангачихаж. Жимс ногоо, ус ундаа, шар айргаар хөргөгч цэнэглэчихэж... Онгоцны буудлаас цөөхөн минут алхахад л эндхийн халуун агаар хөлс асгаруулчихсан юм. Шүршүүрт орж хөлс, замын алжаалаас салж байтал ач нар шуугилдаад орж ирлээ. Манайд очицгооё гээд хөтлөж байх. Тэнд ширээ засчихаж. Жимс, ус ундаа, цай кофе, боов печень болцгоолоо.  

Ийнхүү хэсэг тансаглаж байгаад хажуухантайх далайн эрэг явцгаав. Бидний буусан энэ орчинд бага шиг зочид буудал, буурчийн газар олон аж. Нисэхийн болон хил гаалийн ажилтнуудын орон сууцны дөрөв таван давхар улаан байр байшингууд энэ хавийн гудамжийг эзэгнэн оршдог юм байна. Далайн эрэг хавиар албан газрууд байдаг бололтой. Тийм болохоор эндхийн эргийн наран шарлагын газар нь амрагч аялагчид цөөнтэй юм. Амралт аялалын хөлтэй орчин шиг далайн эргээ харьяалсан том зочид буудал, амралтын газар ч энд үгүй. “Nai Yang” гэсэн хаягтай энэ наран шарлагын газар нь такстай аж. Нэг хүний бүтэн өдрийн такс нь “200 баат” гэнэ. “Манайхаар бол 20000 төгрөг, ард нь нэг тэг нэмээд л эдний үнэ ханшийг гаргачихад амар юм билээ” гэцгээж байв хүүхдүүд. Оройн нар доошилж амрагч аялагчид тэндээс буцаж наран шарлагын хуванцар вандангаа эргийн үйлчилгээнийхэн нь эргүүлэн хурааж байсан тул бидэнд такс төлөх шаардлага тавьсангүй.

Хүйтэн өвлөөс ирсэн бид хэд хотын зүүн зах дахь Энэтхэгийн далайн Андаманы тэнгисийн  халуун бүлээн  усанд хэсэг сэлж булхаж эргийн халуун элсэн дээр нь тарвалзаж байгаад буудал руугаа буцацгаав. Бидний буусан энэ байр байшингуудад үнэхээр л нам гүмд амрах гэсэн тийм хүмүүс ирдэг бололтой. Хажуугийн байшинд нэг европ гэр бүл төвхнөсөн байв. Хижээлдүү  халзан эр үүднийхээ саравчинд явган ширээнээ баахан бичиг цаас болчихсон, зөөврийн компьютерт юм бичээд л, эхнэр нь цаахантай нь дүүжин торонд ном уншсан шигээ амарч байна лээ. Цаад байшинд нь ази гаралтай ээж охин хоёр орж гарч харагдсан. Монголчууд ч байж магад гэхээр санагдсан юм. Ойр тааралдвал мэндлээд үзье гэж бодогдож байлаа. Манайхны байруудын хойхонтоо цэвэр цэмцгэр сайхан усан сан байна. Хүүхдүүд

маань өнөө өглөө энд хэсэг сэлсэн гэж байв. Далайгаас ирчихээд эндээ оройн хоолонд орлоо. Дотроо гуч гаруй, гаднаа хориод суудалтай юм манай энэ зоогийн газар. Оройн сэрүүн орж байсан болохоор бид хэд гадаа сууцгаав. Хэдэн төрлийн тай хоол захиалаад л тал талаас нь хүртэцгээлээ. Үнэ өртөг нь ч буудлынхаа адил хямд талдаа. Манайхаар бол зуугаад мянган төг болж байна гэцгээж байв хүүхдүүд. Бидний буусан байшин хоногийн төлбөр 84 ам. доллар юм билээ. Оройн хоолны дараа ач нар намайг бассейнд оръё гээд уруу татацгаалаа. Харуй бүрий эхэлж байгаа хэдий ч эндхийн цаг агаар нэмэх гучин хэм шахуу, усан сангийн ус ч халуун бүлээн юм. Бид хэдээс өөр хүн ч тэнд байсангүй, хоёр ачтайгаа хэсэг тансаглав. Харанхуйтай зэрэгцээд гэрэл гэгээ нь ч асчихна лээ. Пукетийн анхны үдшийг ийнхүү ая тухтай бас завгүй  өнгөрөөв... Өглөө цайндаа орчихоод ач хүү бид хоёр далайн эрэг явж зураг хөрөг авлаа. Буцаж ирээд хүүхдүүдтэйгээ усан санд хэсэг сэлцгээв. Европ ч юм уу, америк ч юм уу хижээлдүү хэдэн амрагч энд бидэнтэй хөршилж байлаа. Тэднийг алсханаас, өөрсдийгөө ойрхоноос ийн

зураглав... Хэсэг амарч байгаад хөнгөн цайлчихаад буудлаасаа гарцгаалаа. Тоёото жип биднийг онгоцны буудал хүргэх гэнэ. Зочид буудлынхаа үйлчилгээнд үнэ хөлс нь багтаж. Ач нар маань ээж, эмээтэйгээ ачаагаа аваад тэр жипээр явж хүү бид хоёр ирсэн шигээ алхав. Эднийхний дүрэм журмаар бид хоёрын нэг нь илүүдсэн юм. Онгоцны буудлаас экспресс автобусанд сууж дараагийнхаа зочид буудал, далайн торгон эрэг рүү очих гэнэ. Уржнан жил хүүхдүүд энд ирж бидний сая буусан тэр зочид буудалд амарч байсан болохоор эндхийн орц гарц, зүг чигийг сайн мэдэх юм. Замд буй албан газрын байр байшинг ч хүү надад танилцуулж явав. Онгоцны буудал, хил гаалийн байгууллагуудын оффис, ажилтан ажилчдынх орон сууц энэ гудамжийг тэр чигээр эзэмшдэг юм билээ гэж би өмнө бичсэн дээ...  Тайландын нийслэлд, бусад хот суурингуудад нь ч албан байгууллага, сургууль соёлын газар, пүүс компаниуд үүдэндээ Эзэн хааныхаа зургийг хүндэтгэлтэй залж шүтэн бишрэх нь бараг хууль байх. Хэдэн жилийн өмнө Бумрунград эмнэлэгээр ороод гарахад эмнэлгийн үүдэнд ч энэ эзэн хааны аав, тэр үеийн Эзэн хаан Адулятедийн босоо том хөрөг байж л байсан. Онгоцны буудал руу алхаж явахдаа нисэхийн гаалийн үүднээ эцгийгээ үе залгамжилсан шинэ Эзэн хаан Маха Важиралонгкорнтай ийн зургаа авахуулав.

Олон улсын онгоцны буудалтайгаа залгаа шахуу орон нутгийнх нь аэропорт байх аж. Тэндээс бид автобусанд сууж дараагийнхаа амарч аялах далайн эргийн зочид буудалд хүрэх юм...  

                                                                                   Үргэлжлэл бий                   Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?