ХАЧИГ ЗАЛУУСЫН АМИНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

2016-06-24  

Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ажиллаж байсан залуу өндөр халуурч, таталт өгсөөр эмнэлгийн бараа харж чадалгүй өөд болжээ. Гуч ч хүрээгүй эрүүл чийрэг залуугийн үхлийн шалтгаан ердөө хачигт хазуулснаас үүдсэн байна. Хачигт хазуулж амиа алдсан цорын ганц тохиолдол энэ биш ажээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаад ирсэн танилаасаа энэ талаар сонслоо. Тэрээр хачигт хазуулсан найзыгаа эргэхээр хотод ирсэн аж. Сэлэнгэ аймгийн хил дагуух сумд ялангуяа Алтанбулаг, Бугант нь хачигт халдварын голомт болоод байна. Энэ бүс нутгаас олон залуус хачигт хазуулж ХӨСҮТ-д хүргэгдээд байгаа. “Илааршаад эргээд ирж байгаа нэгэн байхад байнга таталт өгдөг өрөөл татуу болж байгаа ч хүн байна. Хөөрхий зарим нь хачигны хоол болчихлоо шүү дээ. Тиймхэн жижигхээн амьтан ийм их аюул тарьдаг гэж хэн мэдэх билээ” гэж тун ч халаглангуй хэлж байлаа.

Азаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа найзынх нь бие дээрджээ. Өнгөрсөн 5 сарын эхээр хачигт хатгуулаад тоолгүй өнгөрч. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараагаас өндөр халуурч эхэлсэн байна. Тухайн үедээ мөн л ханиаднаас болж байгаа биз гээд тоомжиргүй байжээ. Гэтэл халуун нь огт буухгүй дээрээс нь толгой нь задрах шахам өвдөж, хоолны дуршил буурч, идсэн юмаараа бөөлжөөд эхлэнгүүт байдал бишдэж байгааг ойлгож даруй хот руу ирж ХӨСҮТ-д шинжилгээ өгчээ. Шинжилгээр “халдвар хүнд хэлбэртээ шилжсэн” гэсэн хариу гарсан байна. Ингээд ХӨСҮТ-д хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэж эхэлжээ. Өнгөрсөн хавар вакцинжуулалт явсан хэдий ч ажил төрөлтэй, завгүй байгаад вакциндаа хамрагдаж чадаагүй байна. “Магадгүй бид ганц хоног л алдсан бол найзыгаа алдаж ч болох байлаа” гэж тэрээр хуучиллаа.

-ИРГЭД ХҮНДЭРСЭН ХОЙНО ЭМНЭЛЭГТ ХАНДДАГ-

“Би хачигт хазуулчихлаа” гээд тэр даруй эмнэлэгт ханддаг хүн тун цөөн аж. Хачигт халдвар илрэх нууц үе 14 хоног байдаг тул ямар нэгэн зовиур байхгүй бол явсаар дээрх шиг хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг гэдгийг эмч нар хэллээ.

Мал амьтанд байдаг хачиг тэр бүр хүний амь насанд хор хөнөөл учруулдаггүй. Харин ой модонд явж байгаад хачигт хазуулсан бол хугацаа алдахгүй эмнэлгийн бараа харахгүй бол маш хурдан мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, эрхтэн системийг гэмтээгээд зогсохгүй үхэлд хүргэдэг аюулт өвчин гэдгийг хэлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь газар шорооны ажил хийхээр очсон, ногоо тарьдаг, малчид гээд ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа залгуулахаар яваа 40 ч хүрээгүй эрэгтэй голдуу хүмүүс байгаа аж. ХӨСҮТ-өөс аймаг орон нутгийн удирдлагуудад хандан “халдварын голомт дээрээс нисдэг тэргээр хор цацах шаардлагатай” байгааг бичгээр удаа дараа хүргүүлсэн боловч олигтой ажил хийгээгүй өдийг хүрчээ.

Ингэж ажилдаа хойрго хандсаны уршгаар, басхүү иргэд өөрсдийн эрүүл мэнддээ хойрго хандсаны улмаас өнөөдөр хачигт халдвар гэгч аюулт өвчнөөр өвчилж, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ тулаад байна. Тиймээс хэн хэн нь хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байгааг энд дурдахад илүүдэхгүй болов уу.

Вакциндаа хамрагдахыг уриалж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эрүүл мэндийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байтал үл тоож, хэнэггүй царайлж хачигт хазуулсан бол иргэн та хариуцлага алджээ!

Харин олон хүний амь насанд аюул заналхийлж байхад нам төрийн ажлыг өмнөө тавин ард олныхоо эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлаа умартаж яваа эрхэм удирдлага, эрх мэдэлтнүүд ч мөн туйлын хариуцлагагүй байгааг цохон тэмдэглэе!

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:yamar aimaar ayuiltai amitan be. 2016-06-24
eegii:aimar ym bilee manai dvv hazuulsn odoo emnelegt bn 2016-06-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?