Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордны их танхимд нээлтээ хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлэхдээ, "АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр гадаадын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн манлайлагчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 9 дагалдах уулзалтыг Монгол Улс зохион байгуулж буй юм. Өнөөдрийн уулзалтад 43 орны 700 гаруй зочин төлөөлөгчид санал бодлоо солилцохоор ирээд байна. Манай улс хоёр том улсын дунд оршдог, тэр хэрээрээ худалдаа наймаа дамжин өнгөрөх таатай бололцоог бүрдүүлдэг. Тиймээс манай улс бизнесийг дэмжсэн таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана" хэмээн онцлов.
Чуулга уулзалтаар “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын хамтын ажиллагаа”, “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна. Чуулга уулзалтын зохион байгуулалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ажиллаж байна.
Эх сурвалж : http://www.montsame.mn/