АМЖИЛТТАЙ СУРАЛЦАГСАДЫГ ШАГНАЖ, ҮҮРЭГГҮЙ СУРАЛЦАГСАДТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭДГИЙГ ДУУЛГАВ

2016-08-25  

УБТЗ-ын удирдлагууд Гадаадын Зам Харилцааны Их сургуулиудад УБТЗ-ын захиалгаар болон ОХУ, МУ-ын Засгийн газрын тэтгэлгээр төмөр замын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг жил бүр хүлээн авч уулздаг уламжлалынхаа дагуу өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригт уг уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Замын дарга Л.Пүрэвбаатар, Хүний нөөцийн албаны дарга П.Түмэнжаргал, Хүний нөөцийн албаны сургалт хариуцсан инженер Оюунчимэг, гадаадад суралцагч 279 оюутан болон шинээр элсэж буй 80 оюутан оролцож чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн гадаадад төмөр замын чиглэлээр суралцагч оюутнууд өөрсдийнхөө суралцаж буй сургуулиудын талаарх товч танилцуулгыг хүргэсэн юм.

ОХУ-ын Санктпетербург, Москва, Омск, Новосибирск, Иркутск, БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургууль зэрэг нийт 14 их сургуульд дээрх оюутнууд суралцдаг аж. Тэдний танилцуулсанчлан Төмөр замын инженерийн Москвагийн Улсын их сургууль л гэхэд 1896 онд байгуулагдсан ОХУ-ын хамгийн эртний, техникийн их сургууль гэдгээрээ онцлогтой. Тээврийн хэрэгсэл, тээврийн барилгын сургалт, нарийн мэргэжлийн, шинжлэх ухааны ажилтан, давтан сургалтын гэх мэт 60 гаруй чиглэлээр дээд боловсрол, 30 гаруй чиглэлээр дунд боловсрол олгодог. Дөрвөн академи, есөн дээд сургууль, гурван коллеж, ахлах сургууль, ОХУ-ын 22 бүс нутагт салбартай сургууль гэнэ. Одоогоор уг сургуульд 29 бакалавр, нэг магистар, нэг аспирант Монгол оюутан суралцаж байна.

Харин Бээжингийн зам харилцааны их сургууль Боловсролын яамны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний гол их сургууль юм. Хятадын Боловсролын яам, Хятадын төмөр замын корпораци, Бээжин хотын Засгийн газар дэмжиж ажилладаг бөгөөд үүгээрээ бусад сургуулиас давуу талтай. Нийт 2852 багшийн 354 нь профессор, 674 нь дэд профессор эзэлдэг. Одоогийн байдлаар  Бакалаврын 14000 оюутан, докторын 2123болон  мастерийн 5888 оюутан суралцаж буй аж. Түүнчлэн, уг сургууль нь 1954 оноос эхлэн гадаад оюутнуудыг сургаж эхэлсэн бөгөөд хэдийн 100 гаруй улсын 3400 оюутанд хятад хэл болон бусад мэргэжлийг эзэмшүүлсэн байна. Одоогийн байдлаар 80 гаруй улсын 500 гаруй оюутнууд суралцдаг гэнэ.

Энэ үеэр Замын дарга Л.Пүрэвбаатар "Та бүхний ажил амьдралын гараа 2030 онтой золгоно. Нэг үгээр хэлбэл, УБТЗ-ын ирээдүйн хөгжил дэвшил та нарын гарт байна. Одооноос өөрсдийгөө бэлтгэж, хөгжүүлж байх хэрэгтэй. Тиймээс энэ байгууллагын цаашдын зорилт, чиглэл юу юм, ямар шат дараалалтай явагдаж байна вэ гэдгийг уншиж, судалж байгаарай. Манай инженер техникийн ажилтнууд ч энэ чиглэлд туслахад бэлэн шүү гэдгийг нэн тэргүүнд хэлье. УБТЗ ХНН 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Энэ хугацаанд техникийн шинэчлэлийг бүрэн хийж дуусна. Техникийн шинэчлэлийн хүрээнд голын даралтыг 25 тонн болгох, зарим хэсэгт хурд нэмэх, хагас автомат хориглолыг радио хориглолтой болгох гээд олон зүйл хийж байгаа. 2030 он хүртэлх хугацаанд УБТЗ-д хийх ажлыг Монгол Улсын төрийн бодлогоор илүү давамгай тодорхойлж байна.  Одоогоор Эрдэнэтээс Хөвсгөл хүртэлх шинэ төмөр зам тавих чиглэл гарсан. Мэдээж Чойбалсан руу өргөтгөл хийж, БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй холбоно гээд 2010 онд "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг"-т тусгасан. Үүнийг та нар судлах хэрэгтэй. Учир нь та бүгд 2050 он гэхэд төмөр замын салбарын удирдах ажлыг хийж байх хүмүүс юм. Хэд хэдэн мега төсөл хэрэгжинэ. УБТЗ-ыг цахилгаанжуулна, хос болгоно. Ачаа тээвэр, зорчигч тээврийн үйлчилгээ шинэ шатанд гарна. Одоо нэр хаягаасаа эхлээд өөрчлөгдөж байна. Ер нь, үйлчилгээ гэдэг зүйл төмөр замын салбарын бас нэгэн салшгүй хэсэг юм гэдийг бодох хэрэгтэй. Агаарын тээвэр, авто тээвэртэй өрсөлдөнө. Гэхдээ бие биенээ харилцан дэмжсэн логистик үүсгэнэ. Үүний эхлэл нь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын терминал юм. Нэгэнтээ л энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулахаар суралцаж байгаа учраас эрдэм шинжилгээний ажлуудаа ч төмөр замын хөгжлийн гарц руу чиглүүлэх хэрэгтэй. Ачаа тээврийн салбарт өрсөлдөгч олон болж байгаа тул онолын судалгаа шинжилгээтэйгээ зэрэгцүүлээд бизнесийн талаас нь ч нарийн судлаж байх хэрэгтэй.  Цаашид бидний бүх ажил автомат чиглэл рүү шилжинэ. Ер нь хамгийн орчин үеийн төмөр замыг та нарт хүлээлгэж өгөх зорилтыг бид өмнөө тавин ажиллаж байна. Тиймээс суралцах хугацаандаа өөрсдийгөө маш сайн боловсруулж, хөгжүүлэх хэрэгтэй. Яаж ажиллаж амьдрах арга ухаанаа олоогүй хүмүүс хүрээд ирвэл хамт олон чинь хүлээж авахгүй гэдгийг хэлье. Сурч чадахгүй, арга барилаа мэдэхгүй, оюутны амьдралаар амьдарч чадахгүй байгаа бол эртнээс өөр арга бодох хэрэгтэй. Сургуулиа орхиод өөр салбарт хүчээ үзсэн нь дээр. Одоо сурч чадахгүй бол ажил мэргэжил дээрээ хэзээ ч амжилт олохгүй. Нөгөө талаасаа УБТЗ-аас жил бүр 300-400 хүн гавьяаныхаа амралтад гарч байна. Үнэхээр чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин болоод ирвэл түүнээс хэрэгтэй зүйл алга. Чадаж байвал бид бүх талаас нь дэмжинэ. Ингээд та бүхний хичээл сурлагад өндөр амжилт хүсье" гэв.

Мөн тэрбээр амжилттай суралцаж буй оюутнуудад шагналыг нь гардуулан өглөө. Үүнд Сибирийн Зам харилцааны их сургуулийг 2016 онд онц дүнтэй төгссөн А. Энхзул Замын захиргааны нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, 2015-2016 оны хичээлийн жилд онц дүнтэй суралцсан Омскийн Зам харилцааны их сургуулийн оюутан Г.Галт, Сибирийн Зам харилцааны их сургуулийн оюутан Б.Баасандэлгэр, Г.Энхбаяр, Б.Буманцэцэг, БНХАУ-ын Вэйхайн хэлний бэлтгэл ангийг онц дүнтэй төгссөн эгч дүүс Э.Урангоо, Э.Сарангоо нар баярын бичиг, мөнгөн шагналаар урамшууллаа.    

Уулзалтын төгсгөлд Хүний нөөцийн албаны сургалт хариуцсан инженер Б.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Уг уулзалтын ач холбогдол нь юу вэ?

-Замын удирдлага төмөр замын мэргэжлээр гадаадад суралцаж буй оюутнуудаа хүлээн авч уулзснаар тэдэнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг сонсож,  мөн ололт амжилтыг нь сайшааж, шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг хүргэдгээрээ өндөр ач холбогдолтой юм. Мөн санхүүгийн болон бусад тусламж дэмжлэгийг ч үзүүлдэг. Энэ жил суралцагсдын сурч боловсрох санаачлагыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ журам батлаж байгааг нийт оюутнууддаа танилцуулж, тэдний сурч боловсроход Замын удирдлага ихээхэн анхаарал хандуулж, дэмжлэг туслалцааг сурлагын чанартай уялдуулан, суралцагсдын хөдөлмөрийн үнэлгээнд стулгуурлан олгох болсныг  танилцуулж буйгаараа онцлогтой.

-Одоогоор УБТЗ-ын зүгээс гадаадад суралцаж буй оюутнууддаа ямар тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлж байна вэ?

-Одоо сурч байгаа 279 оюутны 80 хувь нь Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа.  Эдгээр оюутнууд нэгт төмөр замын мэргэжлийг сонгож, манай ирээдүйн хүний нөөц болох учраас Замын захиргаа ирэх, очих замын зардлын дэмжлэг үзүүлдэг.

-Дээрх тэтгэлэгт хамрагдахын тулд ямар шалгуурыг хангадаг вэ?

-Монгол Улс дахь Оросын соёл шинжлэх ухааны төв дээр ОХУ-ын боловсролын яамнаас шалгалтын комисс ирж олон нийтэд нээлттэй шалгаруулалт зарладаг. Тэр шалгалтад тэнцсэн төмөр замын мэргэжлийг сонгосон хүүхэд, залуус энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой болдог. Цаашид тухайн хүүхэд амжилттай суралцаж чадахгүй бол тэтгэлэг, дэмжлэгийг зогсоодог журамтай.

- Энэ жил 279 хүүхдээс л гэхэд бараг 53 хувь нь сурлагын үзүүлэлт тааруухан байна шүү дээ. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Эдгээр хүүхдийн дунд төрөхийн болон ар гэрийн хүндэтгэх шалтгаантай чөлөө авсан хүүхэд бий. Нийт 156 хүүхдийн 53 хувь нь үүрэггүй сурсан үзүүлэлт гарч байгаа. Энэ хүүхдүүд яагаад сурлагадаа муу байна вэ гэсэн дүгнэлтийг хийхэд ерөөсөө л залхуу, хичээл хийдэггүй, унтаад хичээлдээ явдаггүй гэсэн шалтгааныг сургуулиудын захиргаа хэлж байдаг. Зарим өдөр гадаад деканы газраас танай монгол оюутнууд унтаад хичээлдээ явахгүй байна хэлж, ярьж өгөөч гэж утасддаг. Тэгэхээр 100 хувь оюутнуудаас өөрсдөөс нь шалтгаалж байна гэсэн үг. Ер нь хувийн сахилга баттай маш их холбоотой. Өнөөдөр хувийн сахилга бат муу хүн маргааш хөдөлмөрийн сахилга бат сайн байна гэж байдаггүй нь амьдрал дээр нэгэнт батлагдсан гэж боддог.

-Үүрэггүй сурсан хүүхдүүдийн талаар шинэ журамдаа ямар заалт оруулж өгөв?

-Уг журмын гол зорилго нь чанартай хүний нөөц бэлтгэх, оюутнуудын хариуцлагыг өндөрсгөх, хариуцлагын тогтолцоог ойлгомжтой, журамтай болгоход оршиж байгаа. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр хичээл давтдаггүй, залхуу хойрго, зорилгогүй, хариуцлагагүй оюутнууд үргэлжлүүлэн сургуульдаа явдаг асуудал бүрэн цэгцэрнэ. Эдгээр оюутны оронд төмөр замын мэргэжлээр хувийн зардлаар гадаадад амжилттай суралцаж байгаа болон Тээврийн дээд сургуульд онц дүнтэй сурч байгаа оюутнуудыг тэтгэлэгт хамруулах боломжийг олгож байгаа.

-Амжилттай сурч байгаа тохиолдолд Замын даргын нэрэмжит тэтгэлэг олгох тухай шинэ журамд тусгасан гэсэн?

-Хоёр болон дөрвөн улирал дараалан онц сурсан оюутанд Замын даргын нэрэмжит тэтгэлэг олгох асуудлыг ярилцаж байна. Уг тэтгэлэгийн хэмжээг мэдээж Замын удирдлагууд хуралдаж байж шийднэ. Хоёр улирал дараалан онц сурсан оюутныг жил бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж байгаа. Дээр нь, шинэ журмаар дөрвөн улирал дараалан онц сурсан оюутанд жил бүр олгодог  стипендийн хэмжээг тодорхой хувиар нэмэх. Харин хичээлдээ муу сурлагатай оюутнуудад өөрт нь заавал мэдэгдэх шаардлагагүйгээр УБТЗ гэрээгээ цуцлах эрхтэй гэсэн заалтыг тусгаж өгсөн.

Мөн энэ журам нь эчнээгээр аспирантурт сурдаг  15, ахисан түвшний сургалтад сурч байгаа 83 ажилтанд ч хамааралтай. Энэ жил сурлагын тэтгэлэг хүссэн 200 гаруй өргөдөл ирээд байгаа.

-Энэ олон оюутантай ажиллахад тулгарч байгаа гол хүндрэл юу байна вэ?

-Хамгийн гол хүндрэл нь үүрэггүй сурч, олон шалгалтын өртэй мөртлөө тэтгэлэг авна гэж гуйж өдөрт ажил хийлгэхгүй суучихдаг оюутнууд, тэдний эцэг, эх байна. Зарим нь өдөрт 3-5 удаа ирдэг. Эцэг эхчүүдийн энэ үйлдэл хамгийн буруу гэж боддог. Хүүхдүүд амархан аргаар, өөрөө хүч хөдөлмөр гаргахгүйгээр асуудлыг шийдвэрлэж болдог гэсэн ойлголттой болж, ирээдүйдээ хариуцлагагүй, сул дорой, хүн болж төлөвших үүд хаалгыг өөрсдөө нээж өгч болохгүй дээ. Тэр хүмүүст ганц л юм хэлдэг. Та нар нойроо хас, хөдөлмөрлө, сайн сур, манай байгууллага ирээдүйн чанартай, сайн хүний нөөцөд хөрөнгө оруулахад хэзээ ч бэлэн байна л гэдэг. Ингээд бүх оюутнууддаа 2016-2017 оны хичээлийн жилд нь сурлагын өндөр амжилт хүсээд, ирэх хавар амжилт дүүрэн уулзацгаахыг ерөөе.

 

 

Б.ДЭЛГЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?