Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд багш, дасгалжуулагч нар оролцсон юм.
Зуны XXXI олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой мэдээллийг өглөө.
Хэвлэлийн хурлын эхэнд УИХ-ын гишүүн А.Сүхбат : Манай хоёр дасгалжуулагч бөхийн дэвжээн дээр гарч зохисгүй үйл, танхайн хэрэг гэж үзнэ дээ. Ийм үйлдлийг гаргалаа. Риогийн олимпийн наадамд төр засгаас 8 тэрбум гаруй төгрөг шийдэж, урьд хожид байгаагүй өндөр ач холбогдол өгсөн. Тамирчдыг бэлтгэл хангагчтай нь гаргасан. Саяхан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бичиг ирлээ. Хариуцлага тооцох тухай. Хэрвээ 9-р сарын 1-ээс өмнө хариу ирүүлэхгүй бол энэ асуудлыг хүлээж авсанд тооцно гэсэн бичиг. Үүнээс хойш Монголын чөлөөт бөхийн холбоо 2 удаа хуралдсан. Бүдүүлэг, танхай алдаа гаргасан хоёр дасгалжуулагчдаа хариуцлага тооцож байна. Ард түмнээсээ уучлалт гуйя.
Д.Сумъяабазар : “Г.Мандахнаран сайхан барилдсан. Медаль аваад алдсаныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тамирчинтай холбоотой асуудал дээр тусд нь шийдвэр гаргасан байгаа. Хоёр дасгалжуулагчтай холбоотой шийдвэрийг мөн гаргасан. Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос нууцлалын зэрэгтэй бичиг ирүүлсэн. Энэхүү хэргийн эцсийн шийдвэр гартал олон улсын ямар ч тэмцээнүүдэд, аль ч насны ангилалд оролцуулахыг түдгэлзүүлж байна. 9-р сарын 1-ний дотор өөрийн байр сууриа бичгээр мэдэгдэнэ үү! гэсэн албан бичиг энд байна. Тэр бичгийг олон улсын спортын арбитрын шүүхэд өгөх юм билээ.
Мөн МЧБХ-ноос ажлын хэсэг байгуулж Г.Мандахнарангийн барилдааныг судлахаар болсон. Хэрэв медалиа эргүүлж авах боломжтой бол олон улсын арбитрын шүүхэд хандана.
Ингээд та бүхэндээ МЧБХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар танилцуулъя. Риогийн олимпийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр зохисгүй зан, үйлдэл гаргаж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг бүдүүлэг алдаа гаргасан тул Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг олон улсын болон дотоодын бүх тэмцээн уралдаан, ямарваа нэгэн чөлөөт бөхийн үйл ажиллагаанд орох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч байгааг үүгээр мэдэгдэж байна”. гэсэн юм.
Үүний дараа Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд мэхийн ард түмнээсээ уучлалт гуйлаа.
Үүгээр энэ хэвлэлийн хурал өндөрлөсөн боловч дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, мандахнаран нар үргэлжлүүлэн мэдэгдэл хийсэн юмаа.
Дасгалжуулагч Ц.Цогтбаяр : Манай удирдлагууд олимпийн бэлтгэлд гарчихсан байхад нэг ч удаа эргэж ирээгүй, асууж сураглаагүй. Г.Мандахнарангийн барилдаан булихаатай болно гэдгийг манай чөлөөт бөхийн холбооны удирдлагууд мэдэж байсан. Эрэгтэй тамирчид барилдаж эхлэнгүүт л хаяад яваад өгсөн. УИХ-ын гишүүн А.Сүхбат хурал дээр “Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдал гэж байна” яаж биднийг доромжилж байгааг ойлгохгүй байна. Энэ уучлал гуйж болохгүй юм байгаа юмаа.
Дасгалжуулагч Б.Баяраа : Укбекстаны бөхийн бүх барилдаан бол луйвар байсан. МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх барилдаан эхлэхээс өмнө “энэ булхиатай шүүлтийг ялан давсан ийм барилдаан болно” гэж бичиж байсан. Мэдэж байсан ш дээ. Бид нар уучлалт гуйна гэдэг булхиатай шүүлт, бузар бүхний өмнө сөгдөхтэй адил. Би энэ спортод 26 жил зүтгэж байна. Олон амжилтыг бий болгосон та бүхэн мэдэж байгаа. Хамгийн сүүлд шавийнхаа төлөө зүтгэсэн энэ зүтгэлийг минь хормын төдийд үгүй хийж байгаад гомдолтой байна.
Г.Мандахнаран : Миний хувьд маш бухимдалтай стресстэй өдрүүд үргэлжилж байна. Дарин дээр нь давс гэгчээр миний төлөө зүтгэж ирсэн хоёр дасгалжуулагчийг минь эрхийг хоёр жилээр хасчихлаа. Олимпоос ирээд сэтгэл санаа маш хүнд байсан үед манай холбооны удирдлагуудаас нэг нь ч мэнд ус асуугаагүй. Спортын арбитрийн шүүхэд хандах ажлын хэсэг байгуулсан гэж байна. Би энэ хүмүүсийг миний төлөө явна гэдэгт итгэлгүй байна.
А.САЯН