Туушин зочид буудалд дараалан болсон хэвлэлийн бага хурлаас ийм сэтгэгдэлтэй гарцгаалаа, сэтгүүлчид. 14.00 цагаас зарласан хэвлэлийн бага хуралд тус холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, А.Сүхбат, Болд болон бусад гишүүд оролцож, олимпийн үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын зохисгүй үйлдэлд ард түмнээсээ уучлал гуйлаа. Мөн хоёр дасгалжуулагчдад шийтгэл оногдуулж, шигшээ багийн тамирчныг дасгалжуулах эрхийг нь 2 жилийн хугацаатай түдгэлзүүлснээ мэдэгдэв.
Мэдэгдлийг Д.Сумьяабазар уншиж танилцуулсны дараа, их аварга Д.Дагвадорж уучлал гуйж, удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар босож, нийтээрээ уучлал гуйлаа. Олуулаа зогсож байгаад, нэг зэрэг тонгойж уучлал гуйх нь Солонгос, Японы сериалыг санагдуулам үйлдэл болов.
Тэднийг гарч явахтай зэрэгцэн дасгалжуулагч Ц.Цогтбаяр орж ирэн -Хөөш, Д.Сумьяабазар аа, Д.Дагвадорж оо, та хоёр миний амьдралаар тоглох нь уу гэж хашгирсаар үлдэв. Түүнийг бүчсэн хэвлэлийнхнийг хараад, - Хэвлэлийн бага хурал хийж болох уу? гэсээр МЧБХ-ны УЗ-ийн хурал хийсэн байрыг эзэллээ.
Тэр, -Дагвадорж бидэнтэй мэндэлдэггүй. Олимпийн тосгонд ч мэндлээгүй. Олимпийн бэлтгэлд гарсан үед , нэг ч удаа эргэж тойроогүй. Бид шударга үнэний төлөө тэмцсэн. Мандахнаранг ялсан тамирчин бол бүх даваагаа луйвардаж ялсан. 5.59 минутанд торгууль өгсөн бол зөвшөөрнө. Цаг дууссан хойно Мандахнаранг торгосон. Ийм шударга бус шүүлтийг багш, дасгалжуулагч бид нар эсэргүүцсэн. МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх барилдааны дүнг урьдчилан мэдэж байсан байгаа юм. Монгол хүн байна даа, яагаад хэлж болоогүй юм бэ? Одоо эд нар гомдол гаргахгүй гэж байна. Шударга үнэний төлөө явахгүй нь, гэж Цогтбаяр хэллээ.
Түүнийг үгийг залгаж, Г.Мандахнаран, -Би маш их дарамттай Риогоос ирлээ. Тосоод уулзах хүмүүсээс нэг нь ч гэсэн давж заалдана гэж хэлсэнгүй. Шударга үнэний төлөө тэмцэнэ гэх МЧБХ-ны нэг ч удирдах хүнтэй таарсангүй гэж гомдлоо барлаа. Хаанаас ч юм бэ, орж ирсэн Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан Тэгшбаяр, - Шийтгэлээ танилцууллаа. Тэмцэнэ заргалдана гэж хэлсэнгүй. Шударга ёсыг огоорч байна. МЧБХ давж заалдаад, ялагдах юм бол багш дасгалжуулагч нартаа арга хэмжээ авах ёстой. Буруу шүүлтээс хувцсаа тайлав уу, хувцсаа тайлснаас буруу тайлав уу? гэдгийг нягталж тогтоох ёстой. МЧБХ-ны удирдлага ялзарчээ гэж хэлээд амжив. Түүнтэй зэрэгцэн суусан Ц.Цогтбаяр, -Энэ ахыг хэн гэдгийг нь би мэдэхгүй гэж хэлээд авав. Ямар ч байсан нэг иймэрхүү зүйл ярьсан хэвлэлийн бага хурал болов. Хурлын хоёр дахь хэсэг илүү сонирхолтой боллоо гэж хэвлэлийнхэн дүгнэв.
Ц.ХИШГЭЭ