Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдсан явдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Түүний ярьсныг тоймлон хүргэе.
Э.Бат-үүл : 2000 оны найман сард намайг хийгээгүй хэргийн төлөө Ганц худагт хорьсон. Хүнд гар ч хүрээгүй байхад шууд хорьсон тул миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийн дараа намайг дахин асуугаагүй. Яриа ч үгүй. Гэтэл сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх удаа надаас хурууны хээ болон харьцуулсан шинжилгээ авсан. Үүнийг би прокурорт шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байна. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.
Сонгуулийн дараа надад тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж өдөр бүхэн залбирдаг. Намайг шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захиалагчтай байна гэсэн үг.
А.САЯН