Ийм л тодотголтой эмэгтэйг аль хавраас хойш саатуулан хорилоо. Нууц амраг байсан гэх Э.Бат-Үүл нь хотын дарга болж, нөхөр гэх Зориг нь хэн нэгэн алуурчны гарт амь үрэгдээд яг 18 жилийн нүүрийг үзэж байна. Булган бол алуурчныг харсан. Зоригийн амийг хороосон боловч, эхнэрийг нь хүлэх төдий болгоод ванны өрөөнд үлдээсэн гэдэг мэдээлэл олонд хүрсэн. Сургууль соёлыг нь төгссөн мэргэжлийн хүмүүс, - Энэ бол улс төрийн захиалгат аллага огт биш. Ахуйн чанартай гэмт үйлдэл гэж тодотгодог.
Эргэж санахад, энэ бол 1998 оны 10-р сар. Багабанди ерөнхийлөгч байсан цаг. Ерөнхий сайдад Да.Ганболдыг 7 удаа зүтгүүлээд бүтээгүй намар гэдгээрээ алдартай. Гол нь, ГОК-ын ерөнхий захирлаар хэнийг тавих вэ? гэдэг дээр Багабандитай ерөнхий сайдад нэр дэвшигч Ганболд санал нийлээгүй хэрэг. Өөрөөр хэлбэл санал нийлж болохгүй гэж Ганболдыг нөхөд нь шахсан хэрэг. Яагаад гэвэл, ерөнхийлөгч ГОК-ыг мэдэлдээ байлгадаг. Түүний шадар нөхөр Шо гэж алдаршсан Отгонбилэг Эрдэнэтийг удирдаж байсан үе. ГОК-ыг авна гэдэг бол Монгол улсын ерөнхий сайдын суудлаас ч үнэтэй гэдгийг улс төрчид мэдэрсэн байсан. Энэ бол Монгол улсын саалийн үнээ төдийгүй, улс төрчдийн саалийн үнээ болсон байсан. Тиймээс Да.Ганболд "тэнцээгүй" буюу, түүнийг Багабанди зөвшөөрөөгүй. Харин хэл амаа ололцсон хүн бол тухайн үеийн Дэд бүтцийн сайд Зориг байлаа. Түүнтэй С.Баяр тохиролцсон гэсэн яриа ил далд явдаг. Маргааш нь томилогдох байсан түүний амийг урд шөнө нь хороосон тул энэ хэрэг улстөржсөн гэж мөрдөн байцаагчдын зарим нь дүгнэдэг. Дээр хэлснээр, улс төрийн аллага бол, гэрч болох нэг ч хүнийг, тэр тусмаа эхнэрийг нь амьд үлдээдэггүй онцлогтой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр энэ бол ахуйн чанартай гэмт хэрэг болчих магадлалтай юм. Энэ хэрэгт, нэр нь хамгийн их дурдагддаг хүн бол Бат-Үүл. Булган, Зоригтой суухаас өмнө Бат-Үүлтэй нууц амрагийн холбоотой байсан гэж тэр үеийн хэвлэлд ихээхэн бичсэн. Тэгээд, Бат-Үүлийн малгай хэргийн газраас олдсон нь, энэ шуугианыг өрдсөн гэж хэлж болно. Цагдаагийн хурандаа Мөрөн ч гэсэн, Ардчилсан Холбоо эвсэл засаг барьж байх цаг үед энэ хэрэг илрэхгүй гэж тухайн үед цагдаагийн дарга байхдаа хэлээд авсан. Тэгвэл, АН засаг барьсан өнгөрсөн 4 жилд Зоригийн хэргийг илрүүлэхэд бас л ахиц гарсангүй. Харин сонгуулийн өмнө, юунаас ч юм болгоомжилсон маягтай Булганыг саатуулан хорилоо. Хэнтэй ч уулзуулахгүй, ганцааранг нь тусгаарлан, эрэгтэйчүүдийн шоронд хорьсон. УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар тэмцэж байж нэг уулзсан тэмдэглэл бий. Тэгвэл энэ хэрэг нэг тийшээ болох аядсан бололтой. Булган тэсвэр алдсан байх гэж иргэд таамаглаж байна. Магадгүй тэр эсвэл цөхөрсөн, эс бөгөөс туйлдаа хүртэл гомдсон байх гэж ч түүнийг үзэх нэгэн байна. Чухамхүү Булганыг харж үзэх ёстой АН-ын лидерүүд түүнийг гянданд хийж чангаллаа. Тэр үнэний сэжүүрээс дэлгэж эхэллээ гэж ойлгож болох нь. Ямар ч гэсэн Бат-Үүлийг дахин яллагдагчаар дуудлаа. - хууль зөрчиж байна. Хууль зөрчиж байна гэдэг цаанаа захиалгатай байна гэсэн үг гэж хэвлэлийн бага хурал хийхдээ Бат-Үүл гомдоллолоо. Тэр хэрэг илрээсэй гэж өдөр бүр залбирсан гэлээ. -Хотын дарга, нийслэлийн АН-ын дарга бол залбирч байдаг чавганц биш. Тэр залбирах биш, зүтгэх ёстой байсан юм гэж хараат бус судлаачид түүний үйлдлийг дүгнэж байна. Бат-Үүл бол цагдаад дургүй, шүүхэд дургүй гэдэг боловч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг өнгөрсөн 4 жилд хамгийн олон удаа шүүх, цагдаад өгсөн хүнд сурталтнаар тодорсон. Тэр хэвлэлийн эрх чөлөөг ч уландаа гишгэсэн. Улстөрчдөд, тэдний хэлэх үгэнд нийгэм итгэхээ больжээ. Түүнийг нэгэнт дахин шалгах болсон байна. Одоо түүнийг өмгөөлөх, түүний талд зогсох хэвлэл, сэтгүүлчид даанч цөөрчээ. Тэр эрх мэдэлтэй байхдаа цагдаагаар өөрийгээ хамгаалуулж, шүүхээр бусдыг айлгаж байсан. Одоо түүний талд хэн зогсох вэ?!
Ц.ЭНХБАТ