“Эрдэнэт” үйлдвэрийн талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээлэл хийсний дараа тус үйлдвэрийн удирдлагууд “Ц.Нямдорж гишүүн ташаа мэдээлэл” өгсөн хэмээн залруулга хийсэн билээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ “Надад Эрдэнэт үйлдвэрээс ашиг олох сонирхол байхгүй, Нямдоржийн мэдэгдлийн ард Эрдэнэт үйлдвэрийг бодсон, ард түмнийг бодсон нэг ч үнэр байхгүй, энэ бол цэвэр улс төржилт” хэмээн мэдэгдсэн билээ. УИХ-ын чуулганаар өнөөдөр төсөв хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тайлбар хийлээ.
Тэрбээр “Би Их хурлын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч асуудал ярих эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн татвар төлсөн мэдээллийг Татварын ерөнхий газар болон бусад газруудаас мэдээлэл авсан. Гэтэл Ц.Элбэгдорж намайг “Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа” гэж байна. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихсан юм уу хаашаа юм. Юу яриад байгаа юм. Энэ асуудлын талаар Засгийн газарт байхгүй мэдээлэл хүртэл надад байна. Нотлох баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдож.
Зургадугаар сарын 23-нд Ташкентад гурван улсын төрийн тэргүүний уулзалт болоход Худалдаа хөгжлийн банкны О.Орхон очиж эцсийн цэг тавьсан. Одоо мэдэн будилаад байх хэрэггүй. “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн мэдээллийг надад биш намын бүлэгт Татварын ерөнхий газар гаргаж өгсөн. Үүнд 8 сарын байдлаар 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол 9-р сарын байдлаар 54 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна гэж Татварын ерөнхий газраас тайлан гаргаж өгсөн. Харин өнгөрсөн жил 323 тэрбум төгрөг төлж байсан. “Эрдэнэт” 70 тэрбумын урьдчилгаа төлсөн мэдээлэл байгаа. “Оюутолгой” 144 тэрбумыг төлсөн бол энэ жил 278 тэрбумын татвар төлсөн байна. Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна. Хуйвалдааны бүлэг ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад улсыг самарчих гээд байгаа учраас би юм яриад байгаа юм.
6-р сарын 13-нд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээс татгалзах хуралд Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан ороод танилцуулсаар байгаад тэр шийдвэрийг гаргуулсан юм байна лээ. Хуулийн зөвлөх нь Пүрэвтүвшин, нэгдүгээр орлогч Орхон гэдэг хүн ороод сайд шиг танилцуулж байгаад энэ шийдвэрийг гаргуулсан” гэлээ.