ХАМГААЛАЛТГҮЙН УЛМААС “ХАР МОРЬТ САХИУС” АЛДАГДЖЭЭ

2016-10-18  

Өнөөдөр цагдаагийн ерөнхий газраас сүүлийн үед бүртгэгдсэн томоохон хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Хөвсгөлийн нутгийн иргэдийн олон зуун жил шүтэж ирсэн “Хар морьт сахиус” энэ оны аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Дамчолин” хийдээс алдагдсан билээ.

Энэхүү сахиус 1750-аад онд Төвдөөс залж авчирсан түүхийн хосгүй үнэт өв юм. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Энэхүү хулгайн гэмт хэргийг Хөвсгөл аймгийн иргэн “А”,“Б” нар үйлдсэнийг тогтоож, алдагдсан эд зүйлийг бүрэн бүтнээр нь хураан авжээ. Одоо уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж. “Дамчолин” хийд дохиолол хамгаалалтгүй байсны улмаас энэхүү хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон хэмээн албаныхан үзэж байна. 

Гурван дээрэмчдийг хайж байна 

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд онц ноцтой зэвсэгт дээрмийн хэрэг аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг гол зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлж, цагдан хорих арга хэмжээ авсан байна. Энэ хэрэгт нийт долоон иргэнийг сэжиглэн шалгаж, голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг гэмт хэргийг зохион байгуулсан, уриалан дуудсан байж болзошгүй учраас цагдан хорих арга хэмжээ авчээ. Мөн энэ хэрэгт холбогдсон гурван этгээдийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. 

21 сая төгрөгийг нь дээрэмджээ 

Сүүлийн үед Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг үндсэрхэг гэх нэршилтэй төрийн бус байгууллагууд гэмт хэрэг үйлдэх хандлага ихэсжээ. Тодруулбал, “Даяар монгол”,” Хөх монгол”, “Ногоон хас”, “Босоо хөх монгол” гэх нэр бүхий таван төрийн бус байгууллагын нийт 16 гишүүн гэмт хэрэг үйлдэж, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Эдгээр шалгагдсан гэх хэргээс дурдвал, тавдугаар сарын 16-ны өдөр “Шулуун цагаан” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Ц-г “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын гишүүд болох Б, Т, Б, Б нар “Иргэдээс гомдол ирсэн, чамайг шоронд хийнэ” хэмээн айлган сүрдүүлж 30 мянган юань болон 21 сая төгрөг бэлнээр гаргуулан авч “Өртэй байсан тул өрөө төлсөн” гэх бичиг хүчээр бичүүлэн авсан байна. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж буй юм байна. “Хас монгол-ын залуус үйлдэл дээрээ баригджээ Монгол улсад хөрөнгө оруулж буй гадаадын компанид ашиг олсон бол хувь өгөх ёстой хэмээн дарамталсан гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсээр байгаа аж. 

Жишээлбэл, “SB” компанийн захирал Э гэх иргэнийг аравдугаар сарын 13-ний өдөр “Хас монгол” төрийн бус байгууллагын С, Л нар Туул голын эрэг дээр аваачиж 200 сая төгрөг өг хэмээн дарамтлан, биед нь зэвсгийн чанартай зүйлээр халдаж. хохирогчийн биед байсан хоёр сая төгрөгийг авчээ. Мөн 18 сая төгрөг шаардан авахаар очиход нь Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид үйлдэл дээр нь барьсан байна. Энэхүү хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149-р зүйлийн 149.3-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн “ШШГЕГ”-ын харьяа 461-р ангид цагдан хорих арга хэмжээ авчээ.

Иргэд ийм төрлийн гэмт хэрэг гарсан ч мэдээлэл өгдөггүйн улмаас гэмт хэрэгтнүүдийн хууль бус үйлдэл даамжирсаар байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэхийг холбогдох албаныхан хүсэв.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?