Мах хэдэн шат дамжлагаар иргэдийн гар дээр очиж байна вэ ?
Хүчит шонхор зах дээр өглөөний 06.00 цагаас эхлэн орон нутгаас мах тээвэрлэж ирсэн малчид махаа ченж нарт борлуулдаг юм. Хэнтий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас ихэвчлэн мах ачиж ирдэг малчид махны үнэ маш хямд байна гэлээ.
Тэд ямааны махыг килограммыг нь 2500, хонины махыг нь 3000, үхрийн махыг 3500 төгрөгөөр ченж нарт бөөндөж байна.
Харин махны ченж нар үүнийгээ Хүчит шонхор захын лангуун дээр Үхрийн цул махыг 5500, Хонины махыг 4500 төгрөгөөр зардаг байна. Манай улсын хувьд үхэр ба хонины махыг бусад төрлөөс харьцангуй илүүгээр жилийн дөрвөн улиралд хэрэглэдэг. Нийслэлийн бүх иргэд энэ захаас махаа авч чаддагүй. Харин бусад зах Хүчит шонхор захаас махаа авч тодорхой хэмжээний нэмэгдэлтэйгээр зардаг аж.
Махны үнийн талаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн малчин Б :
“Юуны түрүүнд махны үнэ унаж байна. Бид нараас хонины махыг 2400 төгрөгөөр авч байна шүү дээ. Бөөнд нь өгч байгаа болохоор хэлсэн үнэд нь тааруулахаас өөр арга алга” гэлээ. Тэд 90 гулууз махтай ирсэн бөгөөд өглөөний 7.30 цагийн байдлаар 10 гулууз махтай үлдсэн байлаа.
Тус захын үхрийн махны лангуун дээр л гэхэд өдөрт 4-5 бүтэн үхрийн мах зарагддаг байна. Махыг өдөртөө авдаг, хонож муухай болно гэсэн юм байхгүй хэмээн махны худалдагч нар хэлж байлаа.
Мөн Булган аймгийн малчин Г : “Махны үнэ ийм бага байхад телевизээр мах өндөр үнэтэй байна гэж яриад байдаг нь ямар учиртай юм бэ. Бид тэгээд махаа 1000 төргөрөөр бөөндөх болж байна уу” хэмээн уцаарлангуй ярьсан юм.
Тухайлбал “Меркури” захын мах хамгийн үнэтэй байдаг бөгөөд Хонь, үхрийн цул мах кг нь 9500, ястай мах нь 7500 төгрөг байв.
Тус зах нь Хүчит шонхор захаас махаа авдаг юм. Хонины махны худалдагч Х : “Өдөрт дунджаар 40-50 кг мах зардаг. Бид өглөө бүр шинэ мах авчирдаг. Хүмүүс ихэвчлэн хаа гуяар нь авдаг” гэлээ.
Харин Баянзүрх захын махны худалдагч нар ялгаагүй л Хүчит шонхор захаас махаа авдаг байна. Үнийн хувьд Меркури захаас 2000-3000 төгрөгний хямд байлаа. Тухайлбал Үхрийн цул мах 6500, ястай мах 5500, хонины цул мах 5500, ястай мах 4500 төгрөгний үнэтэй байв.
Хотын төвд байдаг энэхүү хоёр зах нэг газраас махаа бөөндөж авдаг атлаа харилцан адилгүй үнэтэй байна. Харин малчдаас авсан 2400 төгрөгийн хонины мах Меркури зах дээр ирэхээрээ 9500 болж байгаа нь 1-рт малчдын хөдөлмөрийг үнэлэхгүй, махыг нь хэтэрхий хямд үнээр авч байна. 2-рт түрээсийн мөнгө нэрийдлээр 1 кг тутамд 6000-7000 төгрөг нэмж байгаа нь худалдан авагчдыг ч мөн хохироож байгаа юм.
Ийнхүү махыг хэтэрхий хямдаар авч байна гэсэн малчдын бухимдал, хэтэрхий өндөр үнэтэй зарагдаж байна гэсэн худалдан авагчид хоёрын дунд махны ченжүүд үнийг хий хөөрөгдүүлж, махны бизнесийг гартаа атгаж байна. Малчдыг хохироохгүй, мөн хэрэглэгчдэд таарсан бодит үнийг бий болгоход Хүнс Хөдөө Аж Ахуйн Яам Үүнд хяналт тавих цаг нь болсон.
О.НАНСАЛМАА