150 орчим сая төгрөг залилсан хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочтой “Б”-г Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс, Тусгай ажиллагааны газрын алба хаагчид өчигдөр баривчилжээ.
Тодруулбал сэжигтэн “Б” нь иргэн “Г”-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийсэн гэж хохирогчоос гомдол гаргасны мөрөөр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгасан байна.
Сэжигтэн “Б”-г дайчлан баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн аж. Тиймээс сэжигтэн “Б”-д холбогдох ЭХ-ийн 148,3-т заасан хэрэг дээр нэмж МУ-ын ЭХ-ийн 192 дугаар зүйлд заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.
50 настай “Гандан бороо” хочтой сэжигтэн Б-г энэ сарын 23-ны өдрийн 18.00 цагийн үед БГД-ийн 2-р хороонд байрлах гэрээс нь баривчилсан байна. Мөн уг сэжигтэнд болон өөр бусад хүмүүст залилан мэхлүүлсэн, дарамтлуулж мөнгө болон бусад зүйлээр хохирсон иргэд эрүүгийн цагдаад хандаж болох юм байна.
О.НАНСАЛМАА