Ж.БАТСУУРЬ : СУРГАЛТЫН ЗЭЭЛИЙГ ЖИЛИЙН 5 ХУВИЙН ХҮҮТЭЙГЭЭР ОЛГОНО

2016-10-28  

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар улсын хэмжээн дэх бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг асуусан асуулга болж БСШУС-ын сайд Ж.Батсуурь хариуг өглөө.

Сайдын танилцуулгатай холбогдуулж гишүүдээс салбарын хэмжээний асуудлуудыг тодруулсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Социализмын үед цэцэрлэг сургуулийн хангамж хүрэлцээтэй байсан. Эдгээр сургуулийн барилга өнөөдөр хаана байна вэ" гэсэн асуудлыг тодруулахад салбарын сайд Ж.Батсуурь, "Ерээд он гараад нэлээд олон цэцэрлэгийг компаниуд нэр дээрээ авсан байдаг. Орхон аймагт 3 барилгыг зориулалтын бусаар ашиглаж байсныг буцаан авч 1000 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан" хэмээв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Сая орон нутагт ажиллах үеэр багш нар сургуулийн амралтын хугацааны цалин хангамжийг тооцож олгодог болмоор байна. Хүүхдүүд амарсан ч багш нар бэлтгэлээ хангаж байдаг. Цэцэрлэгийн багш нар өглөө эрт ирдэг, орой оройтож тардаг. Иймд нэмэгдэл тооцож олгох хэрэгтэй байна" гэхэд салбарын сайд Ж.Батсуурь, "Ажлын өдөр бүр 2 цагаар тооцож цэцэрлэгийн багш нарт нэмэгдэл олгож байгаа. Зарим цэцэрлэгийн менежерүүд олгохгүй байгаа асуудал байж магад. Сургууль амарч байгаа зуны амралтын хугацаанд болон 3 удаагийн улирлын амралтаар багш нарт нэмэгдэл олгодоггүй нь үнэн. Үүнийг олгох шаардлага байна уу гэдгийг судална" гэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн боловсролын зээлийн сан хэзээнээс зээл олгож эхлэхийг лавлахад салбарын сайд Ж.Батсуурь, "Ирэх долоо хоногийн даваа гарагаас оюутнууд зээл авах эрх нь нээгдэнэ. Арилжааны банкаар зээлийг олгоно.  Зээлээ аваад сургуулийнхаа данс руу шилжүүлнэ. Энэ нь жилийн 5 хувийн хүүтэй зээл байх юм. Магадлан итгэмжлэгдсэн дотоодын их дээд сургуулийн оюутнууд зээлд хамрагдаж болно" гэсэн тайлбарыг хийв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой болгоход хэт анхаарч, хүмүүжлийн талыг нь орхигдуулаад байгаад яам анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. 

Энэ үеэр сайд Ж.Батсуурь гишүүдийн асуусан асуултад хариулахдаа салбарын яам нэг цэцэрлэг, сургууль анхаарлын гадуур өнгөрөөгүйгээ гэдгээ хэлж байв. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүд өөрийн тойрог дахь сургууль цэцэрлэг, дотуур байр, соёлын төвтэй холбоотой хүндрэлтэй асуудлуудыг сайдын чихэнд хүргээд, шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ГАна:Еоооо за ашгүй дээ зээлээ яг хэзээ хийх юм бол гэж бодоод байсан юм 2016-10-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?