“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч буюу Mongolian Copper Corporation-н талаас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг томилжээ.
Ийнхүү ТУЗ-ийн даргыг төрөөс буюу 51 хувь талаас томиллоо. Д.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг тус тус 4 жилийн хугацаатай томилсон байна. Энэхүү ТУЗ нь хуучин 9 гишүүнтэй байсан бол шинээр 7 гишүүнээс бүрэлдэж байгаа бөгөөд 4-ийг нь 51 хувь буюу ЗГ-аас, 3-ыг нь “Монгол зэс” компаниас томиллоо. Захирлыг томилохдоо компанийн хуулийн 69.1-т зааснаар 66.6 хувиас дээш санал авсан хүнийг томилох юм. Харин "Эрдэнэт Үйлдвэр"-ийн сүүлийн дөрвөн жилийн ашиг, орлого хийгээд үйл ажиллагааг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг мөн гараад байгаа билээ.
“Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийн асуудлыг "Эрдэнэт Үйлдвэр"-ийн жишгээр буюу ТУЗ нь 7 гишүүнтэй, түүний 4 нь засгаас, 3 нь MCC-ээс, ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлыг мөн төрөөс санал болгохоор хувьцаа эзэмшигчид тохиролцсон байна.
ТУЗ-ийн дарга гишүүд нь холбогдох хууль журмаар олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлэх, эрх үүргээ хэтрүүлэх, ТУЗ-ийн шийдвэргүйгээр гүйцэтгэх удирдлагад нөлөөлөх болон бусад зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд эргүүлэн татах хүртэлх арга хэмжээг авч ажиллах юм. Мөн ТӨБЗГ-аас “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчилах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг МУЗГ-т танилцуулж УИХ-аар батлуулахаар тогтоолын төслийн саналыг бэлтгэж байгаа юм байна. У.Бямбасүрэнгийн намтрыг танилцуулъя.
Овог нэр : Ургамалын Бямбасүрэн
Төрсөн он : 1972
Төгссөн сургууль :
1990 онд нийслэлийн 33-р сургуулийг дүүргэсэн
1990-1994 онд "Хүмүүнлэгийн ухааны ИС"
1996-1998 онд Итали улсын "Венецийн их сургууль"
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг :
Дээд, Багш, Англи хэлний орчуулагч, Магистр
Ажилласан байдал :
1994 онд Монгол даатгал ХХК-д Гадаад даатгалын ахлах менежер
1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д Ерөнхий менежер
2005 : ХХААХҮЯ-д Зөвлөх
2007 : МАН-ын МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
2010 : НХХЯ-д Төрийн нарийн бичгийн дарга
2013 онд : “МИГ даатгал” ХХК-д Зөвлөх
2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан
Гавъяа шагнал : Сангийн яамны "Жуух бичиг” “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан” "Нийслэлийн 375 жилийн ойн медаль" "Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн медаль"
Сонгуульт ажил : 2012 онд МАН-аас нэр дэвшиж, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан.
О.НАНСАЛМАА