Control.mn сайтын сурвалжлах багийнхан өчигдөр орой ЗЦА-ынхантай хамтран шөнийн сурвалжилгад гарлаа.
Бид ЗЦГ-аас гарч Хорооллын эцэс, ТЭЦ 3,4, Яармагийн гүүр гэсэн маршрутаар явсан юм. Хотын төвийн нэг уулзвар дээр 20 секунд зогсоход л 3 жолооч улаан гэрлээр нэвтэрсэн, 4 явган зорчигч явган хүний гарц дээр улаан гэрлээр нэвтэрсэн, аваарын гэрлээ асаагаагүй замын хэсэг дээр удаан зогссон 2 жолооч зэрэг зөрчлүүдийг харсан билээ. Ийнхүү секунд тутамд зөрчил гаргаж байгаа явган зорчигч ч бай, жолооч ч бай замын хөдөлгөөний наад захын мэдэгдэхүүн, соёл байхгүй байгааг бид анзаарлаа. (Бид жолоочийн ямар ямар соёлгүй үйлдэл гаргасныг сурвалжилгын дараагийн хэсэгтээ нийтлэх болно)
Оройн 20.00 цагийн үед зам тээврийн зөрчлийн 380 дуудлага бүртгэгдээд байсан юм. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 15 дуудлага, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8, явган зорчигч машинд мөргүүлсэн 15 дуудлага бүртгэгдсэн байв.
Энэ талаар ЖШУХ-ийн ерөнхий зохицуулагч, Цагдаагийн дэд хурандаа Д.Батсайхан “Сүүлийн үед цас их орж халтиргаа гулгаа үүссэнтэй хобоотойгоор зам тээврийн осол маш их гарч, ослын дуудлага буурахгүй байна. Өвлийн дугуйгаа хийгээгүйгээс болж жолооч нар аюулыг харсан ч машинаа зогсоож чадахгүйд хүрч байна” гэлээ.
Наад захын дүрмээ мэддэггүй биш, мэддэг хэрнээ хэтэрхий яардаг, тэвчээргүй жолооч нар маш олон байгаагаас л энэ түгжрэл, ослууд бий болоод байна. Зарим үед хэт яарснаасаа болж урсгал сөрөх нь ч цөөнгүй. Улсын хэмжээнд он гарснаас хойш 418 хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байгаа юм. Энэ асуудал дээр жолооч нар өөрөөсөө энэ асуултыг асуух хэрэгтэй.
АМЬД ХАРИХ УУ? АРАЙ ЭРТ ХАРИХ УУ?
“Дараачийн ногоон гэрэл асах 20 секундыг хүлээж тэвчихгүйдээ улаан гэрлээр яаран гарснаас болж алтан амиа алдах хүртэл эрсдэл олонтоо тохиолддог. Нэг удаа улаан гэрлээр гараад зам хороочих шиг л болно. Гэвч дараагийн гэрлэн дохион дээр очоод ахиад л зогсоно шүү дээ” хэмээн ЦЗА-ны УСОНХ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад Л.Амаржаргал хэллээ.
Бид замын дунд улаан гэрлээр гарсан Toyota March маркийн машиныг дагасан юм. Машин эхний гэрлэн дохиогоор хэдий амжаад гарсан боловч дараачийн дохион дээр биднийг очиход ялгаагүй л хүлээж байлаа.
Энэ жилийн эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 100 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа юм. Үүнээс 70 хувь нь нийслэлд гарчээ. Харин согтуу жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ онд л гэхэд 84 хүний амь нас хохирсон байна.
Өдөрт дунджаар 40-50 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил бүртгэгддэг бөгөөд ялангуяа баасан гараг болон баярын өдрүүдээр энэ тоо эрс нэмэгддэг байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 жолоочийн ард 10 хүний амь давхар явдаг гэж үздэг. Тэгвэл өдөрт 40-50 жолооч магадгүй нүднээс далд түүнээс олон жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаагийн цаад шалтгаан бол жолоочийн найз нөхөд, хамт олон, гэр бүл байдаг аж.
ЗЦА-ны УСОНХ-ын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад Л.Амаржаргал “Ууж идэж наргиж цэнгэдэг. Гэтэл цаашлаад жолоочийн ямар хариуцлага хүлээхийг хэн ч боддоггүй. Осол гарсны дараа хамт наргиж цэнгэсэн найз нөхөд торгуулийг нь ч төлөлцдөггүй л байхгүй юу. Үүний цаана гэр бүл, үр хүүхэд нь хохирч үлддэг” гэлээ.
Хэрэв баяр ёслол тэмдэглэсэн, согтууруулах зүйл хэрэглэсэн л бол дуудлагын жолооч дуудаад гэртээ хүргүүлэх арга хүртэл байна шүү дээ.
Зам тээврийн осолд холбогдогч жолооч нарын 70 хувь нь 18-35 насны жолооч байдаг аж.
Гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлж, согтуу жолоочийг илрүүлж байхад тэд “Намайг торголоо, цагдаа нар мөнгө хийх гэж шөнө зогсдог, миний ууж идсэн байх нь хэнд хамаатай юм” гэх мэтчилэн эргээд цагдаа нарыг буруутгаж байгаатай бид таарсан юм.
УСОНХ-ын мэргэжилтэн, Цагдаагийн Ахмад Я.Соронзонболд “Тэр жолооч 2 минутын дараа осол гаргаж, хэн нэгнийг гэмтээж болзошгүйг хэн ч мэдэхгүй. Тухайн хүнийг болон бусад хүмүүсийг амь нас эрүүл мэндээрээ хохирохоос, зам тээврийн ослын золиос болохоос сэргийлж байхад “Би ямар буруу юм хийв, ямар шалтгаанаар намайг торгов” гэж бодохгүйгээр “Энэ цагдаа намайг торголоо, миний мууг үзэх гэж ингэж байна” гэх мэтчилэн ухамсаргүйгээр бусдыг буруутгадаг жолооч олон байна" гэв.
Он гарсаар Цагдаагийн байгууллагын алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 26000 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлж, арга хэмжээ авсан байна.
О.НАНСАЛМАА
А.ГАНТУЯА