Ирэх сарын 5,6 -ны өдрүүдэд УБТЗ-ын ерөнхий хороо хуралдана. Ерөнхий хорооны Монгол талын дарга нь Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл.
Тэрбээр Монголын талыг удирдаж, тус хуралд оролцоно. Тус хурлаар УБТЗ-ын шинэ бүтэц зохион байгуулалт, төсөв, орлого зарлагын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна. Мөн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах тухай асуудал ч тус хурлын хэлэлцэх асуудалд багтжээ. Энэ нь Монголын талын хувь нийлүүлэгч солигдсонтой холбоотой юм байна.
Өмнө нь Монголын талын хувь нийлүүлэгч нь Төрийн өмчийн байсан. Төрийн өмчийн хороо тодорхой хугацаанд татан буугдсан байсан тул оронд нь Зам тээврийн Яам Монгол талын хувь нийлүүлэгч болсон учиртай. Тиймээс шинэ хувь нийлүүлэгчийн анхны хурлыг хуралдуулах нь зүйтэй гэсэн саналыг Монгол талаас хурлын хэлэлцэх асуудалд оруулжээ. Тус хурлаар, өмч хөрөнгө, хөрөнгө оруулалтын тухай асуудлыг хувь нийлүүлэгчийн үүргийн дагуу хэлэлцэх магадлалтай.
Мөн УБТЗ-ын ойрын ирээдүйн асуудлыг ч хэлэлцэх шаардлага үүссэн. Монголыг тойрон, Бээжин- Москва хурдны гал тэрэгний зам тавигдах гэрээ хэлэлцээрийг тус хоёр улсын ерөнхий сайд баталгаажуулан Петрград хотод үзэглэсэн нь, УБТЗ-ын ирээдүйн хөгжилд туйлын хамааралтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ц.ХИШГЭЭ