ИРГЭД НҮҮРСЭЭ ЗЭЭЛЭЭР АВЧ БАЙНА

2016-11-16  

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, сүүлийн 10 жилд болоогүй хүйтрэл болно хэмээн Цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүд хаана боломжийн хямдхан нүүрс байна хэмээн эрэлд гарч байна. Харин түлээ, нүүрсний үнэ нэмэгдсэн учраас жижиглэнгээр худалдаж авахаас өөр аргагүй боллоо гэж иргэд ярьж байгаа юм. Ингээд манай сурвалжлах баг нүүрсний цэгүүдийг зорилоо.

Чингэлтэй дүүргийн Хайлаастын уулзварт байрлах захаар нүүрсний үнийг судлахад :

Налайхын 180 мянган төгрөг (портер нүүрс)

Багануурынх 135 мянгаар зарагдаж байна.

Харин шуудайтай нүүрс 2000-3000 төгрөгийн хооронд зарагдаж байлаа.

Ийнхүү явж байхад иргэд худалдаж авахаас илүү түлээ нүүрсний ханшийг сонирхож байв. Иргэдийн ярьж буйгаар "Боломж нь олдвол хямдхан нүүрс олчих санаатай явна. Даанч алгын чинээ ууттай нүүрс нь 3000 төгрөг гээд байх юм. Хоногийн хоолоо яая даа гэж байгаа бид чинь ийм жижиг шуудайтай нүүрсийг 3000 төгрөгөөр авлаа гэхэд маргааш дахиад л авах болоод байна. Амьдрал ч хэцүү байна" гэж халаглан ярьж байсан юм. Ингээд нүүрсний борлуулалт болон, худалдан авалт ямар байгаа талаар нүүрсний худалдаачин Н.Гантулгаас дараах зүйлийг тодрууллаа. 

Энэ жил нүүрсний үнэ ямархуу байна вэ? Иргэд аль газрын нүүрсийг илүү худалдан авч байна вэ?

Нүүрсний үнэ жижиглэнгээр бол нэг их өссөн юм алга. Шуудайныхаа хэмжээнээс хамаараад янз бүр байна. Тухайлбал, 15 килограммтай нүүрс гэхэд л 2000, жаахан том нь 3000 төгрөг байх жишээтэй. Гэхдээ Налайхын нүүрс ховор байна. Налайхын нүүрс шаталт сайтай, хог шороо байхгүй болохоор илүү үнэтэй байдаг юм.  Багануурын нүүрс маш их хогтой ирдэг учраас хүмүүс худалдан авах нь бага байдаг. Ер нь бол худалдан авалт урд жилүүдийнхээс муу байна. Талхныхаа мөнгийг яах вэ гэж байгаа хүмүүс чинь өдөртөө нэг шуудай нүүрс авч 2-3 хоног арай ядан хүргэдэг.

Зээлээр өгөөд ганц хоёр хоногийн дараа мөнгийг нь авчихдаг юм. Сүүлийн үед хүмүүс зээлсэн нүүрснийхээ мөнгийг ч өгч чадахгүй байна.

Ингээд нүүрс худалдан авч буй иргэдтэй уулзахад “Амьдрал хэцүү байна. Хоногийн талхаа яах вэ, хөлдөж үхэх үү гээд амь наана там цаана байна. Ядаж байхад нүүрснийх нь уут нь жижгэрээд улам л хэцүү болоод байна” гэв. 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны замын дагуу нүүрс зарж буй Ганаа хэмээх 18 орчим насны залуутай цөөн хором ярилцлаа. 

-Өдөрт хичнээн шуудай нүүрс зарж байна вэ?

Худалдан авалт муу байна. 50 шуудай нүүрсийг 3 хоногт зарж чадахгүй байна. Өдөржингөө даарч зогссон ч гэсэн 10-аад шуудай нүүрс зарж байна. Өнгөрсөн жил өдөрт 50 орчим шуудай нүүрс зардаг байсан.

- Нэг Портероос хэдэн шуудай нүүрс гардаг юм бэ?

60 шуудай гарч байгаа. Налайх, Багануураас ирэхдээ хэмжээ нь бага ирээд байх шиг байгаа юм.

Ийнхүү нүүрсний худалдагчтай ярилцаж байтал тус хорооны иргэд бололтой хэдэн хүн “Уржигдар авсан нүүрснийхээ мөнгийг өглөө шүү. Одоо ахиад 5 шуудай нүүрс авъя” хэмээн өөр хоорондоо өр, авлагаа барагдуулж байсан нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулж байлаа.

Ийнхүү иргэд нүүрсээ зээлээр авч байна. Харин энэ тал дээр төр засгийн ямар бодлого байна вэ. Ядаж ажилгүйдлийн түвшин гэж ярихаасаа түрүүнд нүүрсний үнийн талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. 10 хүн тутмын 3-нь нүүрсээ зээлж байхад бид ажилгүйдлийн түвшин, оффшор данс, улсын өр төлбөр гэх мэт дээдсийн асуудалд хэт их анхаарлаа хандуулж, иргэдээ мартаад байх шиг. 

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нацагням:Иргэд нь нүүрсээ өндөр үнээр авч байхад Хятад руу хямдхан гаргаж байгааг юу гэж ойлгох вэ? 2016-11-16
ain:uneheeer zeeleer avdiimu 2016-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?