Д.ЦЭНД : УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ГЭДЭГ БОЛ ХҮН СУДЛАЛ

2016-11-19  

Монгол улсын гавьяат багш, төрийн соёрхолт, эрдэмтэн судлаач Д.Цэндийн нэрэмжит "Оюутны эрдэм шинжилгээний бага" хурлыг МУБИС-ийн Уран зохиолын тэнхимээс З дахь жилдээ зохион байгууллаа. 50 жил сурган хүмүүжүүлэх ухаанд зүтгэж, мянга мянган багш нарыг сургасан гавьяат багш Д.Цэндийн үйл хэрэг Багшийн сургууль, Багшийн дээд сургууль, тус сургуулийн уран зохиолын тэнхимтэй салшгүй холбоотой. Д.Цэнд багш Монголын хамгийн анхны үндэсний сурах бичгийг зохиосон гавьяатай. Тэр бол "Монголын уран зохиол" сурах бичгээрээ Монгол улсын төрийн соёрхол хүртсэн цорын ганц утга зохиол судлаач юм. Тэр төрийн соёрхол хүртсэн анхны багш юм. Д.Цэнд тус сургуулийн уран зохиолын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тиймээс тус тэнхимийн хамт олон Д.Цэнд багшийн алдрыг дурсах зорилготойгоор жил бүр Д.Цэнд багшийнхаа нэрэмжит "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал" зохиодог болсон нь энэ.

Тус бага хурлаар оюутны эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг шинжлэн, багш, оюутнуудын хамт хэлэлцдэг сайхан уламжлал тогтсон. Энэ удаа нийт 11 оюутны судалгааны өгүүллийг оюутан багш нар хэлэлцлээ. Тус бага хуралд, тус тэнхмийн эрхлэгч Энхбаяр, Д.Оюунбадрах, Хөвсгөл, Энхээ багш нараас гадна, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн судлаач Ч.Дагвадорж, Ч.Жачин, Ү.Хүрэлбаатар, зохиолч Ш.Ванчаарай, Цэнд агсны гэргий Ч.Лиза эмч, охин Ц.Энхтуяа, Ц.Энхболд, Ц.Энхбат, Ц.Энхгэрэл, Ц.Энхбаяр болон үр ач, оюутан залуус өргөнөөр оролцлоо.

Хурлын үеэр, Судлаач Ч.Дагвадорж, - Оюутан залуусын илтгэлийг сонслоо. Эрмэлзэл байна. Гэхдээ, судалгааны ажил хийхдээ зохиолоос гадна, зохиолчийг ч судлах шаардлагатай. Би Монголын Зохиолчдын Эвлэлийн Шүүмж судлалын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Уран бүтээлчилтэй ойр байсан. Нэгэн удаа яруу найрагч Д.Пүрэвдорж, - Цэнд ээ, чи миний тухай, миний уран бүтээлийн тухай нэг л дуугарч өгөхгүй байна шүү гэж анхааруулах маягаар үг чулуудтал, Д.Цэнд гуай, - Пүрэвдорж оо, утга зохиол судлал гэдэг чинь юу таарснаа судлах шүүмжлэх биш шүү дээ. Энэ чинь бас хүн чанарын асуудал шүү гэж хэлээд, Пүрэвдоржийг дуугүй болгож билээ. Энэ яриаг би сонсож суусан. Тэгээд бодохнээ, утга зохиол судлал гэдэг бол сонголт юм байна даа гэдгийг ухаарч суусан. Тиймээс, өнөөдрийн бага хуралд илтгэл тавьсан оюутнуудад хандаж хэлэхэд, бүтээлээс гадна, хүнээ судал гэж хэлье гэж сургамжийн үг хайрлалаа.

Бага хурлын төгсгөлд, эрдэмтэн багш Д.Цэндийн нэрэмжит ОНЫ ШАГНАЛ-аар тус тэнхимийн эрхлэгч, Д.Цэндийн шавь Д.Оюунбадрахыг шагнасныг Д.Цэндийн гэргий Ч.Лиза гардууллаа. Ч.Лиза, - Миний ханийн хамтран зүтгэгчид, найз нөхөд, шавь нар нь энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг жил болгон зохион байгуулж буйд нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?