Цагаан сарын баярт зориулан Монголын үндэсний музейн цуглуулгад хадгалагдаж байгаа 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг Цагаан сарын баярт зориулан “Хөөрөг, даалин” үзэсгэлэндээ багтаажээ.
Үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров, болон харь орноос гаралтай тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн олон хөөргүүдийг дэлгэн тавьжээ.
Үүнээс гадна монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөгнүүд байгаа юм.
Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байна.
Даалингийн тухайд Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон зэрэг даалингууд үзэсгэлэнд тавигджээ.
Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш XVI зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар XVII зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас ирсэн боловч Монголчууд өөрийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж эхэлсэн. Эхэндээ харь газрын түүхий эдээр хийсэн хөөрөг хэрэглэж байсан бол яваандаа эх нутгийнхаа үнэт чулууг өөрийн хүсэл таашаалд нийцүүлэн хөөрөг урлуулах болсон төдийгүй нүүдэлчин ахуй байдлаас үүдэн хөөргөндөө “Даалин” хэмээх монгол хүний ур ухаан шингэсэн, уран нарийн хийцтэй, утга бэлгэдэл төгс уутыг, уламжлалт хавтаганы соёлд тулгуурлан бүтээсэн түүхтэй.
П. ОЮУНСҮРЭН