“ГЭР ХОРООЛЛЫН ГӨЛГӨР ЗАМ, ХОТЫН ТӨВИЙН ГЯЛГАР ЗАМ ХЭРЭГ АЛГА, ХОТЫН ДАРГА АА”

2016-11-22  

Гэмтлийн эмнэлэгт иргэд ихэвчлэн хувиараа болон 103-аар хүргэгдэж ирж байгаа гэнэ. “Энэ жил эрт хүйтэрснээс болж, явганаас бэртэж, гэмтсэн иргэд их ирж байна. Ялангуяа сүүлийн хэд хоногт энэ төрлийн дуудлага нэмэгдсэн.  Ерөнхийдөө эмнэлгийн ачаалал их байна” гэдгийг үүдний хөтөч сувилагч хэлж байв.

Гэмтлийн эмнэлэг өдөрт 500 гаруй хүнд үйлчилж байгаа аж. Үүний 250-300 халтиргаанаас үүдэлтэй гэмтэж, бэртсэн хүмүүс ирж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд зам тээврийн ослын дуудлага ч бас нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэг оношлогоо бусад эмнэлгийн эмч нар шиг чагнуур тавьж үзэхээс арай өөр. Тийм болохоор нэг хүнд шаардагдах үзлэгийн хугацаа 10-20 минут шаардагдах аж. Хүнд өвчтөн ирвэл шарх цэвэрлэж, боолт хийх. Өвчтөнөө дагуулаад өөр өрөө рүү гүйх гээд асуудал их. Гэтэл өвлийн эхэн сард ийнхүү үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, иргэдийн дийлэнх нь үе мөчний хугаралтай, тархи толгойгоо хагалсан ирж байгаа нь эмч нарын санааг зовоож байгааг нуусангүй. Харин иргэдийн зүгээс хотын даргад “ховлох” зүйл олон байв. “Зам дээр халтирч унах нь энгийн үзэгдэл боллоо. Аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо зам талбайг цэвэрлэхгүй байна. Унаж, гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардал гаргаж өгөх газар ховор байна. Гэр хорооллын зам, ялангуяа сургууль, цэцэрлэг рүү явдаг зам явахад тун хэцүү болсон. Машинаар явах битгий хэл явган мацахад ч хэцүү, шил толь шиг гөлгөр болчихсон. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх замдаа хөл, гараа хугалсан иргэд олон байна. Хотын төвийн цас, мөсөө цэвэрлэхийн хажуугаар гэр хороолол руу анхаарлаа хандуулаач. Давс, хужраасаа цацаач” гэж хотын даргаас гуймаар байна. Нийслэлд аюулгүй амьдрах арга алга” гэж гомдоллох хүн цөөнгүй байв.

ӨДӨРТ 250-300 ХҮН ХАЛТИРГАА ГУЛГААНААС БОЛЖ БЭРТЭЖ БАЙНА

Сурвалжлагынхаа төгсгөлд бид, ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн их эмч Ц.Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

 Хүлээн авах тасгийн ачаалал ямар байна. Өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?

Манай эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлдэг иргэдийн тоо өдөрт 250-300 хүрч байна. Энэ нь эмч нарын ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Өмнө нь ихэнхдээ 200 орчим хүнд үйлчилдэг байсан.  Ойрын өдрүүдэд ачаалал их байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хальтиргаа, гулгаанаас болж гэмтэж бэртсэн байдалтай ирж байна. Мөн авто ослын дуудлага нэмэгдэж байна. Эмнэлэг ачаалалтай байгаа болохоор тэр бүгдийг тасагт хэвтүүлэх боломжгүй байна. Зайлшгүй хэвтэх шаардлагатай хүнд өвчтөнүүдээ тасаг руу хуваарилаад, хөнгөн бэртсэн хүмүүсийг зөвлөгөө өгч, эмчилгээ бичээд дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж байна.

Ирж байгаа хүмүүс хэдээс хэдэн насныхан байна. Ямар оноштой, зовиуртай хүмүүс ирж байна?

Өндөр настан болон бага насныхан түлхүү унаж бэртэж байна. Өглөө, орой ажил, сургууль тарах, эхлэх үед иргэд гэмтэж бэртэх нь их байна. Мөн хөдөөнөөс зам тээврийн осолд орсон, хөлдсөн осгосон, хуруу гараа хөлдөөсөн дуудлага цөөнгүй байна.  Манайд ирж байгаа дуудлагад тархи толгой, гавлын ясны бэртэл гэмтэл нэлээд байдаг. Харин ойрын өдрүүдэд эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор яс, үе мөчний гэмтэл түгээмэл байна. Тухайлбал, явганаас унаж бэртсэн тохиолдолд гараараа тулж унаснаас үүдэлтэй гарын бугуйнаас доогуурх яс хугарч гэмтдэг. Мөн хөлийн шагайны яс, дотор болон гадуур хавчуур яс нэлээд гэмтэж бэртдэг. Зарим иргэд өөрсдөө гэрээрээ эмчлэх гээд, бариач энэ тэрээр бариулаад дордуулаад ирэх нь цөөнгүй байдаг. Тиймээс унасан, бэртсэн гэмтсэн даруйдаа ГССҮТ-д мэргэжлийн эмч нарт хандах хэрэгтэй. Дур мэдэн эмчлэх, дутуу боох зэргээр хугацаа алдаж, өвчнөө  хүндрүүлэхгүй байх нь чухал гэдгийг хэлмээр байна. 

Эмч нарын хүрэлцээ хэр байна. Нэг эмч өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?

Манай эмнэлэг өдрийн  ээлжид таван эмч ажиллаж байна.  Оройн ээлжид мөн тооны эмч ажиллаж байна. Нэг эмчид өдөрт 30-50 хүн үзэж байна. Өдөрт нийтдээ 300-500 хүнд үйлчилж байна. Үүний дийлэнх нь буюу 250-300 нь хальтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтсэн хүмүүс байна.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?