ДАЛАЙ ЛАМЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛААС ХИЙСЭН СУРВАЛЖИЛГА

2016-11-23  

БАГА БАЛЧИР ХҮҮХДИЙГ БОГДЫН СЭНТИЙД ЗАЛАХ НЬ ХАРААХАН ЗОХИМЖГҮЙ БАЙНА

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Далай ламын хэвлэлийн бага хурлыг нээж үг хэллээ.

-Монголын хүн амын дийлэнх нь бурхны шашинтай. Бид шашнаа чөлөөтэй шүтэх эрхтэй ард түмэн. Энэ үүднээс 14-р Далай ламыг Монголдоо урьсан. Айлчлал маш шахуу ч, амжилттай болсон. Оюутан залуус, эрдэмтэн мэргэд, шашны зүтгэлтнүүд, сүсэгтэн олонтой уулзахаар төлөвлөсөн бүх ажлаа хийсэн. Багш маань Монголын ард түмний сайн сайхан, эв нэгдэл, нягтралын төлөө залбирч, айлдвараа айлдлаа. Зөвхөн Монголчуудын төлөө ч биш, нийт даян дэлхийн хүн ардын сайн сайхны төлөө ном сургаалиа айлдсанд сүсэгтэн олон бид баяртай байна гэж тодотголоо.

Түүний дараа, сэтгүүлчдийн асуултад Далай ламын хариулсныг сийрүүлэн буулгаснаа хүргэе.

МАШ ОЛОН ХҮНИЙ ИДЭВХ ЗҮТГЭЛЭЭР МИНИЙ АЙЛЧЛАЛ БҮТЛЭЭ

Монгол улсад би 8 дахь удаагаа айлчилж байгаадаа баяртай байна. Маш олон хүний идэвх зүтгэлийн үр дүнд энэ айлчлал бүтлээ. Айлчлалыг бүтээхийн төлөө зүтгэсэн бүх хүнд талархъя. Би аль ч улсад очсон, нэг л зүйл ярих дуртай. Энэ бол даян дэлхийд энх амгалан тогтоох. Энэ бол Далай лам миний хүн төрөлхтөний төлөө хийж гүйцэтгэх үүрэг, хариуцлага юм. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Тэд зовлонг эс хүсдэг боловч, зовлон оршсоор байна. Түүний утга учир шалтгааныг хайх хэрэгтэй. Шалтгаан нь, ердөө хүсэл, шунал, уур хилэн юм. Түүнийгээ л дарах шаардлагатай. Энэ арга бол бусдыг хайрлах, энэрэх сэтгэл юм. Монгол орон, монголчууд бол бурхны шашинтай. Хэдийгээр нэг хэсэг хугацаанд Монголд шашны үйл ажиллагааг хязгаарлаж байсан цаг хугацаа өнгөрч, өнөөдөр Монголчууд шашнаа чөлөөтэй шүтэж байгаа нь талархууштай. Гэхдээ, сүм хийд бариад, лам хувцаслаад хангалтгүй. Номын эрдэмд шамдах ёстой. Энэтхэгт, Орос болон Монголоос балчир наснаасаа номын эрдэмд шамдаж буй 500-600 хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдийн зарим нь 15 жил тасралтгүй номын дуу сонсож, гэвшийн зэрэгт ч зарим нь хүрсэн. Тэдний олонхи нь эх нутагтаа эргэн ирж, бурхан шашны үйлсийг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт би эргэлздэггүй. Би түвд хүн. Түвд хүн монгол хүний хооронд ижил төстэй зүйл олон бий. Бидний хөх толбоос өгсүүлээд, зан заншил, уламжлалаа харвал биднийг нэгтгэх зүйл бий. Миний хувьд, Түвдээс гараад 50 гаруй жил болж байна. Намайг салан тусгаарлагч гэж үздэг ч, би Түвдтэй холбоотой үүрэгт ажлаа бүгдийг нь өгч, өөрийгөө чөлөөлсөн. Харин Түвд орон бол бурханы орон, Түвдийн ард түмэн бол бурханы шашныг өвлөн дэлгэрүүлэгчид юм. Тиймээс сүсэгтэн олноосоо номын эрдэмдээ шамдан суралцахыг уриалъя.

9-Р БОГДЫН ХОЙТ ДҮРИЙГ ТОДРУУЛАХ НЬ МИНИЙ ҮҮРЭГ

Хутагтууд бол түүхэнд алдартай хүмүүс. Монголд ийм хутагтууд олон мэндэлсэн. 9-р Богд Жавзандамбын хувьд, бид уулзаж ярилцсан. - Таны нас сүүдэр өндөр боллоо. Хаана таалал төгсөх вэ? гэдгээ бодох цаг болсон тухай нь ярилцсан. Тэгээд, таны таалал төгсөх газар бол Монгол орон шүү гэж би хэлсэн. Харин 9-р Богд түүний хойт дүрийг хэрхэн тодруулахыг хэлж өгсөн. Гэрээслэл ч бий. Би бол 9-р Богдын хойт дүрийг тодруулах үүрэгтэй. 9-р Богд бол гайхалтай хүн байсан. Түүний хойт дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрч байна. Хүүхэд бага балчир байгаа учраас үүнийг ярих боломжгүй. 4,5 нас хүрэх үед нь тодруулах ажлыг бодолцох ёстой. 9-р Богдын хойт дүрийг тодруулах ажил маш нарийн ажил. Хүүхэд дэндүү бага балчир учир,Богд Жавзандамбын сэнтийд шууд залах нь учир дутагдалтай байна. Том болохоор нь тодруулъя.

БУРХАНЫ ШАШИНТАЙ ОРНООС ЯПОН, МОНГОЛД Л БИ ХҮРЧ ЧАДАЖ БАЙНА

Хятад улсын зүгээс байнга л мэдэгдэл гаргадаг. Намайг салан тусгаарлагч гэж нэрлэдэг. Би бол Түвдийн улс төртэй ямар ч холбоогүй. Харин шашны зүтгэлтний хувьд, бурханы шашнаа дэлгэрүүлнэ. 9-р Богдыг толруулахад Хятадын зүгээс дарамт ирэх үү? гэдэг бол асуудал. Хятадад Ванчинбогд бий. Бүр 2-ч байгаа. Энэ тоо нэмэгдэж ч болно. Яагаад гэвэл, улс төрийн зорилго агуулж буй учир, хэдийг ч тэд гаргаж ирж чадна. Хятадад нийт 300 сая бурханы шашин шүтлэгтэй хүн бий. Би тэнд хүрч чадахгүй байна. Тэр байтугай, бурханы шашинтай улсаас Япон, Монгол хоёр оронд л хөл тавьж чадаж байна. Энэ удаагийн айлчлалаар цаг агаар хүйтэн байлаа. Дараагийн удаа дулаан улиралд ирвэл, сүсэгтэн олондоо ном хурж өгнө.

ТӨГСГӨЛ : Монголын хэвлэлийнхэн 9-р Богдын хойт дүр, Хятадын засгийн газрын шахалт, Дэлхийн цаг уурын дулааралт, АНУ-ын сонгуулийн дүнгийн талаар сонирхож асуусан хэвлэлийн бага хурлын дараа 14-р Далай лам сэтгүүлчдэд адис хайрлаад, онгоцны буудлыг зорилоо. Тэр ямар ч байсан үүргээ биелүүлсэн бололтой. Их тэнгэрийн аманд буудалласан нь, 9-р Богдын хойт дүрийг олны нүд, хараа хяналтаас ангид тодруулах таатай боломжийг бүрдүүлсэн байх магадлалтай тухай хэвлэлийнхэн ярьцгааж байсан юм. Тэрээр дахин ирвэл, урин дулаан цагт ирье гэдгээ ч мөн хэлсэн юм.

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?