Ц.НЯМДОРЖ : ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙГААД ТОХИРООНД ОРСОН ГЭХ ХАРДЛАГА ИХ БАЙНА

2016-12-07  

Яахав хардаж л байг. Надад тохироонд орох ямар ч шаардлага байхгүй. Шалгалтын явцтай танилцах, гаргаж ирсэн материалыг нь судлах гээд цаг хугацаа шаардсан ажил байна. Ялангуяа, Эрдэнэтийн 49%-ийг худалдаж авсан гэх хөрөнгийн эх үүсвэр нь миний анхаарлыг их татаж байгаа. Тиймээс ямар мөнгөөр худалдан авчихваа гэх мэтээр анхаарал татаж буй учир холбогдох материалуудтай танилцаж байна. Энэ хугацаанд намайг өдөр шөнөгүй балбаж байна. Зохиол их бичиж байна. Тэр зохиолоор бол би өнгөрсөн долоо хоногт хоёр хэрэг үйлдчихлээ шүү дээ. Эхнийх нь, Эрээний хилийг хаа гэж Ц.Нямдорж захидал бичжээ гэж. Эрдэнэтийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмэх гэтэл Нямдорж эсэргүүцжээ гэж. Ийм л зохиол бичиж байна.

Ц.НЯМДОРЖ : ГАНЦ ЭРДЭНЭТИЙН ТУХАЙ ЯРИАД БАЙГАА ЮМ БИШ, МОНГОЛД БИЙ БОЛСОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОЛИГАРХИ БҮЛГИЙН ТУХАЙ БИ ЯРЬЖ БАЙНА

Эрдэнэт УБҮ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ хийгээд амыг нь хаачихсан бололтой. Тэгтэл, олон нийтийн телевиз гэх тодотголтой МҮОНТР 2016 оны 7 сараас - 2017 оны 7 сарыг хүртэл Эрдэнэт Үйлдвэртэй 500 сая төгрөгийн гэрээ хийсэн байна. Энэ бол гэрээ нэртэй халхавч. Эрдэнэтийн хувьчлалын 49-ийн талаар муу юм битгий гарга гэсэн хаалтын гэрээ байхгүй юу. Би бол худалдагдахгүй ээ. Өдий хүртэл худалдагдаагүй юм насны эцэст улс төрийн карьерийн нэлээд хожуу үед ирчихээд нэр нүүрээ барж яах вэ дээ. Би зөвхөн Эрдэнэтийн асуудлыг яриад байгаа юм биш, Монголын эрхтэн дархтануудын хүрээлэлд бий болсон зохион байгуулалт бүхий шинж тэмдэг агуулсан олигархи тогтолцоо биежсэн тухай ярьж байна. Энэ тогтолцоо өнгөрсөн 4 жилд биежсэн. Яагаад би зөвхөн сүүлийн 4 жил гэж хэлээд байна вэ гэвэл, би чинь тэр 20 жилд чинь хуулийн сайд байсан. Тиймээс, би энэхүү эрүүгийн шинж чанар агуулсан бүтэц байхгүй байсан гэж хэлж чадна. Яагаад гэвэл, би мэднэ ш дээ. Одоо миний яриад байгаа бүлэглэлд чинь Монгол Улсын Их Хурал нь өөрөө яалт ч үгүй татагдан орсон байна. УИХ хүссэн шийдвэрийг нь гаргаж өгдөг юм байна. Засгийн газар нь татагдан орсон байна. Монгол банк татагдсан, хууль хяналтын байгууллага нь халхавч хийж хамгаалдаг томилгооны системд орсон байна. Ерөнхий том дүнгээр нь харах юм бол, 1990-ээд оны үед Орос улсад яг ийм үзэгдэл бий болсон байдаг. Ельциний үед оросын еврей гаралтай олигархууд Орос орны бүх баялагийг цөлмөсөн. Путин гарч ирээд, үүнийг нь таслан зогсоож эхлэхээр, тэд тэсэлгүй гадаадад дүрвэцгээсэн. Зарим нь Англи улсад нас барсан. Манайд бол сүүлийн 4-5 жил яг тэр Ельциний үеийн Орос оронд үүссэн үйл явдал өрнөж байна.

Ц.НЯМДОРЖ : МОНГОЛ УЛСАД УРЬД, ХОЖДОД ҮЗЭГДЭЭГҮЙ ЛУЙВАР

Манайхан чинь, 2014 онд бас засагт орж, 1 жилийн хамтарсан. Тэр үед хүртэл зохион байгуулалттай шийдвэр гарч байсан. Худалдаа Хөгжлийн банкинд 500 сая долларын үнэт цаасны баталгаа гаргаж өгсөн байна. Систем нь маш хялбар. Шийдвэр нь захиалсан эзэн дээрээ гардаг сонирхолтой шийдэл. Тэр хүн захиалга өгдөг, тэр захиалгыг яам, салбарын сайд нь биелүүлдэг, захиалгын дагуу Засгийн газарт санал оруулдаг, Засгийн газар нь мэдэн будилж дэмждэг, Засгийн газраас оруулж ирсэн саналыг УИХ нь дэмждэг, тэгээд Монгол банк нь тэдгээр хүмүүсийн захиалгаар, хуулиар эрхгүй мөртлөө асар их зээл олгодог. Түүний ард юу байна гэж, ерөнхий том дүнгээр нь хэлэх юм бол, Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн бүс нутгийг өртөөлөн дамжсан уул уурхайн баялаг. Түүн дээр ,Монголросцветмет нэмэгдэнэ. Энэ бол дангаараа, 50-иад лицензтэй аж ахуйн нэгж шүү дээ. Социализмын үед улсын зардлаар хайгуул хийж илрүүлсэн тэдгээр маш том 50 ордын бүх лиценз Монголросцветмет дээр байдаг. Баян-Өлгий аймагт байдаг асар их нөөц баялагтай Асгатын Мөнгөний ордоос эхлээд одоо энэ Бор–Өндөрийн жоншны үйлдвэр хүртэл ордог. Энэ бүх баялаг маань дээрх 49 хувиар дамжаад гээд... би бол шуудхан хэлээд байгаа юм. Энэ бол Монгол улсад урьд , хождод гарч байгаагүй луйвар. УИХ-аар батлагдсан гэрээтэй учраас би ЛУЙВАР гэж хэлээд байгаа юм. Эрдэнэтийн 49%-ийн гэрээг хөндөхөөр бол заавал УИХ-д танилцуулагдах ёстой. Гэрээ ёсоор. Ийм зөрчилтэй. Тухайн үед сонгууль болж байсан учир, УИХ хуралдах ямар ч боломжгүй байсан гэж эрх мэдэлтнүүд хэлэх дуртай. Тийм цаг байсан уу, гэвэл байсан. Гэхдээ хүлээж болох байсан, бас. Эрдэнэтийн Оросын талын эзэмшлийн 49%-ийг хэнд зарах вэ? ч гэдэг асуудал. Монголын засгийн газар эрхээ эдэлнэ гэхэд Оросын засгийн газар яаж ч чадахгүй байсан. Тэгээд тэр Шмидзев гэдэг хүний бичиг ирэхэд засгийн газрын нууц хуралдаан хийгээд корпорацийн хүсэлтээр шийдвэрийг гаргасан байгаа юм даа

1.Зөвхөн Эрдэнэтийн 49 хувь дээр ингээд байгаа юм биш.

2.Дархан төмөрлөгийн үйлдвэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр яг ийм аргаар процесс явагдсан.

Учир юунд байна гэвэл эзэн нэг байна гэсэн үг. Ерөнхийдөө аль ч засаг солигдсон шийдвэрээ гаргуулж чаддаг цөөхөн хэдэн хүн цаад талд нь байж байна аа гэсэн үг. Сонгууль яваад өөрчлөгдөхгүй, засаг солигдоод өөрчлөгдөхгүй. Ийм юманд шилжих гээд байгаа юм. Ингээд байвал энэ улс яаж хөгжих юм бэ. Гарын арван хуруунд багтах цөөхөн айл гэр цөөхөн хүн монголын бүх баялагийг цөлмөөд. Улс төрийн, бизнесийн эдийн засагт хяналт тогтоогоод Монголын бүх салаа мөчрийг эзэгнээд төлөөнийхөө хүнийг тавиад улсаа хулгайлаад байвал энэ улс чинь яаж явах вэ.

Орос оронд гэхэд л дараачийн хүн нь гарч ирээд байх ёстой юмыг нь байх ёстой байранд тавиад хөдөлсөн шүү дээ. Тухайн үед, Орос гүрэн тэр жижигхэн Чеченьд ялагдталаа самуурсан явдал бол, улс орныг цөлмөсний л үр дагавар байсан шүү дээ.

 

 

Б.БАТБААТАР

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?