Цөлжилт, бэлчээрийн доройтлын тухай сүүлийн үед их ярих боллоо. Үүнд нөлөөлж буй гол шалтгааны нэг нь малын тоо толгой хэт их өссөн явдал. Гэтэл малчид өнөөдөр малаа дэлхийн зах зээлд борлуулах ямар ч боломж алга.
Зарим аймгийн 10 гаруй сумын малд тарилга, туулга хийсэн. Гэтэл манайхаас ямар ч улс малын мах авахгүй гэж байна. Мал эрүүл бол малын гаралтай бүх бүтээгдэхүүн эрүүл байна. Урд нь мал эмнэлгийн салбар босоо тогтолцоотой байсан. Малын эмчийг хүн төрөлхтний эмч гэсэн үг ч бий. Иймд төрийн бодлогоор малын эрүүл мэндийг хамгаалах ёстой. Өнөөдөр өвдсөн л бол бараг хавдар гэдэг болсон. Энэ нь баталгаа нотолгоогүй хүнстэй л холбоотой. Малчид өөрсдөө л малдаа тарилга, туулга хийж байгаа. Учир нь малын эмч дуудах зардал, үйлчилгээний хөлс гээд чамгүй мөнгө зарна.
Тэгэхээр Хятадад үйлдвэрлэсэн ивамек тарилгыг өөрсдөө хямдхан олж ирээд л малдаа тарьдаг. Ивамекийг мал таргалуулдаг тариа гээд л нэрлэчихсэн. Уг нь малын паразит устгадаг энэ тарилгыг 50 кг-д нэг гр тунгаар тарих ёстой. Тэгээд ямар тарилга хэдий хугацаанд, ямар тунгаар хийх анхны мэдэгдэхүүн ч алга. Тарилга хийсэн малын мах, сүүг дор хаяж 14 хоногийн хугацаанд хэрэглэх ёсгүй. Доз нь хэтрүүлж тарьсан бол энэ хугацаа нь уртасна гэсэн үг. Гэтэл гэнэт ченжүүд ирэх эсвэл мөнгөний хэрэг болохоор өнөө малаа зарчихдаг.
Ингээд Улаанбаатарт хүнсний захын лангуун дээр байгаа мах гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаагүй л байгаа шүү дээ. Төрөөс нэгдсэн цогц бодлого хэрэгжүүлж байж мал аж ахуйн салбар Монгол Улсын эдийн засагт үр шимээ өгнө.
Өнөөдөр мал аж ахуйн салбарт стандартгүй болсон тул гадаад орнууд манайхаас мах, малын гаралтай бүтээгдэхүүн авахгүй байна. Одоо бүр дотооддоо борлуулахад хүртэл хэцүү болж эхэллээ. Өнөөдөр хүн бүр аюулгүй хүнс хэрэглэхийг зорьдог болсон шүү дээ. Шинэ цагийн нэгдлийн загварыг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх шаардлага бий. Шимтэй ургамал бэлчээрлэн түүж идэж байгаа монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн баячууд л идэх ёстой юм.
Өнөөдөр малчид малаа маллана, эмчилнэ бас тариа ногоо тарьж байна. Ийм замбараагүй байж болохгүй. Аливаа зүйл стандарт норм, дүрэм журамтай байдаг. Тэр замбараагүй байдал нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хэмжээнд хүрсэн байна. Малаа цөөлөх нь бэлчээрийн доройтлоос хамгаалах арга мөн. Манай дотоодын зах зээл жижигхэн. Яах аргагүй гадаад зах зээлд гаргаж байж л монголчууд малын тоогоо бэлчээрийг зохистой хэмжээнд барьж чадна. Малчид маань өнөөдөр чанартай цөөн малнаас өндөр ашиг шим хүртэхийг эрмэлзэх болсон. Олон малтай малчид өглөө үүрээр басч өдөржин шогшиж, орой харуй бүрийгээр морио аргамжиж гэртээ ороод унтмар аядна. Гэтэл чоно нохой хотыг нь эргэж хонь мал үргэж тэр тоолонд гэрээс гарч орсоор үүр цайлгана. Шөнө нойр муутай, өдөр нь хэдэн малынхаа хойноос хоолтой, хоолгүй давхиад өнгөрдөг. Тэгээд сохорсон, доголсон муу малаа өөрсдөө түүж иддэг. Ийм байхад малчид урт насалж чадахгүй. Малчдын энэ байдлыг л төр хүлээн зөвшөөрч тэтгэвэрт гарах насыг нь 55 болгосон байх. Нэг багт 100 үхэр байхад 30 ширхэг вакцин очсон байгаа юм. Үнэндээ манайхан ингэж л домнох төдий л байна.
Энэ бол төрийн бодлого биш. Тэр вакциныг үхэрт хийх гэж л байгаа бол хангалттай хүрэлцээтэй олгох ёстой. Жалгаар нэг тарсан малчид өнөөдөр нэгдсэн зохион байгуулалтад орж мал сүрэг, нутаг ус бэлчээрээ хамгаалахаас өөр арга байхгүй.
Д.БУЯНЖАРГАЛ