ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ЦАХИМ ЖИШИГ ШҮҮХ БОЛГОХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

2016-12-09  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хэрэгжүүлэх “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах нь” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулах” мэдээллийн технологийн төсөлд зориулан тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

4 сая ам.долларын өртөг бүхий энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр мэдээлэл технологийн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Үндсэн хуулийн цэцийн Тамгын Газрын дарга Д.Баянбилэг, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Су Ён нар  гарын үсэг зурлаа.

Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан хэлсэн үгэндээ, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй Мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллахаар 2015 онд “Санамж бичиг”-т  гарын үсэг зурж, улмаар Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах талаарх өөрсдийн баялаг туршлагаасаа хуваалцан  идэвхтэй хамтран ажиллаж  ирсэнийг онцлон тэмдэглэв.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс эхлээд гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг бүртгэж, боловсруулах програм хангамжийг нэвтрүүлж, үүнд орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах юм.  Мөн Үндсэн хуулийн цэцийг цахим жишиг шүүх болгож, иргэдийн үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг  бие даасан, хараат бус, хөндлөнгийн нөлөөнөөс ангид байлгах зарчмыг мэдээлэл, технологийн ололт амжилттай хослуулан хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэдгийг тэрээр цохон хэллээ.

Хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён У Сун оролцож үг хэллээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?