Ж.ДАШДОНДОГ ЗОХИОЛЧ БОЛ БАЙНГЫН ЭРЭЛ ХАЙГУУЛЧИН

2016-12-10  

Ж.Дашдондог гуайн тухай бодоход, энэ хүн бол орчин цагийн монголын соён гэгээрүүлэгчдийн нэг гэсэн бодол эрхгүй төрнө. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хэвлэлийн нэгдсэн редакцийг удирдаж байх үеэс монголчууд түүний нэрийг сонсож, бичсэн, туурвисныг нь унших болсон. Тэр бол бүтээлээрээ танигдсан уран бүтээлч. Зохиолчид хэвлэл мэдээллийн байгууллагад голчлон ажилладаг байсан тэр л замыг Ж.Дашдондог туулсан.

Сэтгүүлчийн ажил эрхлэхийн зэрэгцээ зохиол бүтээлээ туурвина. Зохиол бүтээлээрээ уншигч түмэндээ нэр алдар нь түгсэн Л.Түдэв, Д.Гармаа, Д.Содномдорж, С. Надмид, З.Түмэнжаргал, Д.Давааням, Ө.Баасанжав, Ц.Мөнх, Ч.Арьяасүрэн нарын хүүхдийн зохиолчдын армийн шантардаггүй, дайчин эрийн нэг бол яах аргагүй Ж.Дашдондог зохиолч гэж боддог. Маш их уншдаг, бусдыг их судалдаг, өөрийнхээ бичлэгийн хэлбэрийг олохыг байнга эрж хайж байдаг, мэдлэг, мэдээлэл сайтай, туйлын хичээнгүй, нямбай хүн байсныг Монголын Зохиолчдын Эвлэлд ажиллаж байхдаа анзаарсан. Одоо бодоход түүний хөдөлмөрч, уйгагүй, шантардаггүй зан чанар нь түүнийг хүүхдийн уран зохиолын оргил өөд хөтөлсөн.

Хүүхдийн зохиолч үнэд ордоггүй, зохиолч нь доогуур үнэлэгдэж, зохиол бүтээл нь ч хямдхан үнэлэгддэг тэр цаг үеийг санаж байна. Хүүхдийн зохиолыг бүгд л голох маягтай. Зохиол нь чимхлүүр ажил их шаардана. Яг л зураас бүр нь үнэ цэнтэй байдаг монгол зураг шиг. Тийм хүнд хүчир ажил хөдөлмөрөөс тэр шантраагүйд нь түүнд талархая. Тэр бол зохиолч нөхдийн нь хэлдгээр "ясны хүүхдийн зохиолч". Хүүхдийн зохиол бичих шиг амархан юм байхгүй гэж хэлэх зохиолч мундахгүй ч, хүүхдийн сэтгэхүйд тохируулж бүтээл туурвичих хүүхдийн зохиолчийг олохыг, ёстой өвсөн дундаас зүү хайхтай зүйрлэм. Хүүхдийн зохиол бичнэ гэдэг, өөр бусад ямар ч төрлөөр зохиол туурвихаас ярвигтай гэдгийг мэдэх цөөн хүний нэг бол, тэгэхээр Ж.Дашдондог. Түүнд хүүхдийн маш олон чанар шингэсэн. Өөдрөг, сониуч, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг, таньж мэдэхийг хүсдэг гээд. Энэ бүхэн нь түүний зохиол бүтээлд, мөн үйл ажиллагаанд нь тусаж ирснийг ажиглахад хэцүү биш. Тэр бол ухардаггүй хүн. Маш их мэрийлттэй, хариуцлагатай. Ийм л хүн. Тэр Монголын хүүхдийн зохиолчдоос анх удаа "Алтан унага" олон улсын шагналын эзнээр тодорч байсан түүхтэй. Түүнийг Монголчууд нь хараахан үнэлж чадаагүй байхад, олон улсад өндрөөр үнэлж байсны гэрчилгээ бол олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй "Алтан унага" шагнал болсон.

Түүний хувьд, уран зохиолоо агуулгын хувьд төдийгүй, хэлбэрийн хувьд ч анхаардаг байсан. Түүний "Гэр" гэдэг шүлэг бол агуулгын хувьд монгол гэрийг дүрсэлснээс гадна, гаднах хэлбэрийн хувьд яг л монгол гэр шиг харагддаг онцлогтой. Түүний хувьд, маш хөдөлгөөнтэй хүн. Тиймээс, уран бүтээлчийн хувьд, үхэр тэрэг хөлөглөж, зун намрын улиралд явуулын хүүхдийн номын сан аялуулж, эх орны түүхэн болон үзэсгэлэнтэй газраар хүүхдүүдтэй аялахдаа, номоо хамтдаа уншиж, хүүхдүүдийг номонд дуртай болгохоос гадна, эх орондоо хайртай болгох аяныг өрнүүлсэн сайхан санаачилгыг дэлгэрүүлсэн. Энэ санаачилгыг нь Японы нэгэн соёлын сангаас анзаарч, зориулалтын машин түүнд бэлэглэснээр, Монгол хүүхдүүд явуулын номын сантай болсон. Тэр бол гайхалтай шинийг сэдэгч, түүнийгээ хэрэгжүүлэгч нэгэн.

Номын анд, зохиолч Ж.Дашдондог ахдаа Монгол улсын төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе. Таны уншигч од мэт олон, таны бүтээл нар мэт мандаж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

 

 

Утга зохиол судлагч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
П_Наранбаатар:Үнэхээр сод төрөх авяастан, уйгагүй хөдөлмөрлөгч бүтээгч, аугаа хүн мөн 2017-03-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?