УЛСЫН НАЧИН Ч.ГАНЗОРИГ УРАМТАЙ БАРИЛДСААР ТҮРҮҮЛЛЭЭ

2016-12-12  

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын даян аварга Ц.Чимэд-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнгөрсөн ням гарагт бөхийн өргөөнд болж өнгөрлөө.

Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан нараар манлайлуулсан хүчит 224 бөх барилдсан юм. Бөхийн барилдаан нэгийн даваанаас л сонирхолтой болж энэ цагт сайн барилдаж буй арслангууд сумын заануудад тахим өгсөн юм.

Нэгийн давааны үргэлжлэлд Увсын сумын заан С.Ширчинхүү Сүхбаатар аймгийн арслан О.Баярхүүг наагаад, аймгийн начин Р.Бэхбат аймгийн арслан Ш.Пүрэвгардийг, аймгийн начин Баатарболд цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг, аймгийн начин Б.Чинбат аймгийн арслан Б.Даваа-Очирыг давж шуугиан тарилаа.

Барилдааны хоёрын даваанд барууны манлай улсын арслан Р.Пүрэвдагва сумын заан Н.Ширчинхүүгийн дархан бусгаанд өртөж тохойлдсон нь гол дуулиан боллоо. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн гарын шавь энэ залуу сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд 3 удаа түрүүлж байсан шилдэг билээ. Мөн энэ даваанд Ц.Чимэд-Очир аваргын нутгийн залуу аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ улсын залуу начин Б.Чимэдванданг илүүрхэж хаясан нь бөхийн өргөөнд цугласан олны талархлыг ихэд хүлээж байсан. Давааны төгсгөлд Булганы аймгийн начин Батдорж малгайгүй туг тойрсон нь бөх сонирхогчдыг багагүй хөгжөөсөн юм.

Гурвын даваанд улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Г.Батнямыг, улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн начин Га.Бат-Эрдэнийг, улсын харцага Ш.Уламбаяр аймгийн нэмэх начин А.Батсуурийг тус бүр амлаж даваагаа ахиулсан. Харин улсын начин Б.Бадамсүрэн, улсын начин Д.Амарсайхан нар аймгийн заан Б.Эрдэнэбаяр, аймгийн арслан Г.Ганцоож нарыг амлаж барилдаад дийлсэнгүй. Хэнтий аймгийн арслан Г.Ганцоож шинэхэн начин Д.Амарсайханыг дунгуйлдаж татаад хялбархан давсан нь түүний бэлтгэл жигдэрснийг илтгэж байсан юм.

Давааны төгсгөлд аймгийн цолтой 22 бөх үлдэж хоорондоо нугарч барилдсан. Аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү бяртай аймгийн нэмэх начин Д.Аззаяаг давхар тохоод давсан бол Архангай аймгийн арслан М.Бадарч Говь-Алтай аймгийн арслан Т.Сайханжаргалыг дийлсэнгүй. Ховдын аймгийн арслан О.Хангай аймгийн арслан Ш.Отгонтөгстэй нугарч дэвжээний захад тахимдаад суулгачихав. Энэ хоёр хүчтэн намраас хойш гурав дах удаагаа таарч байгаа нь энэ бөгөөд тус бүрд нь Ховдын арслан илүүрхээд байна.

Дөрвийн давааны эхэнд улсын харцага Н.Батзаяа аймгийн арслан Т.Сайханжаргалд унасан бол нөгөө харцага Ш.Уламбаяр аймгийн арслан Г.Ганцоожоор даваагаа ахиулсан. Энэ даваа начин цолтнуудад халгаатай байсан бөгөөд улсын начин Ж.Чулуунбат, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Л.Шинэбаатар, Ч.Чимэддорж нар учраагаа дийлсэнгүй. Энэ даваанд улсын арслан Н.Батсуурь улсын харцага, Ш.Уламбаярыг, улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг тус бүр амлаж хялбархан давцгаасан. Улсын шинэ харцага Д.Бат-Эрдэнэ нутгийн начин Л.Лха-Очирыг амлаад эсэргүүцэл багатай өвдөгдсөн нь түүний дэмжигчдийн урмыг ихэд хугалсан.

Өнөөдөр залуу харцагыг түрүү үзүүрт хүрч барилдахыг хүлээсэн олон хүн байсан. Энэ давааны төгсгөлд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан О.Хангай нар тунасан бөгөөд хурц арслан хонгодоод давсан. Хоёр бөхийн барилдаан тун ойролцоо газардсан ч О.Хангай арслан бусад бөхчүүд шиг маргасангүй шууд тахимаа өгсөн.

Зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурь цол амжилтын эрэмбээр гоц мөргөж, улсын заан Б.Пүрэвсайхан улсын начин Ч.Ганзоригийг, улсын харцага Т.Баасанхүү аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүг амлаж, улсын начин Лха-Очир аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар тунасан. Улсын заан Б.Пүрэвсайхан улсын начин Ч.Ганзориг нарын барилдаан өрсөлдөөнтэй болж Ч.Ганзориг начин хагалж татаад мэхээ даалгасан юм.

Долоогийн даваанд улсын арслан Н.Батсуурь начин Б.Ганзоригийг амлаад улсын начин Л.Лха-Очир хурц арслан Б.Эрдэнэхүү нар тунасан. Арслан начин хоёрын тун өрсөлдөөнтэй болж Ч.Ганзориг начин суйлахад нь Н.Батсуурь арслан хөмөрсөн ч бага зэрэг түрүүлж газардсан юм. Тунасан хоёрын барилдаанд улсын начин Л.Лха-Очир илүүрхэж энэ намраас хойш анх удаагаа түрүү үзүүр булаацалдахаар шалгарсан.

Наймын давааны барилдаан шуурхай болж улсын начин Ч.Ганзориг баруун талдаа зайлж дунгуйлдаж давснаар анх удаагаа улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүллээ.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Худлаа шаагаал:Ганзориг гэдэг нэртэй 2016-12-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?