"НАЙРСАГ" УЛААНБААТАРААС " ЖАРГАЛТАЙ " УЛААНБААТАР ГЭВ ҮҮ?

2016-12-23  

Халаасандаа мөнгөгүй хүмүүс өлсөхдөө өөрсдийгөө хуурахаар шийдсэн тухай явган яриа байдаг. Тэд ярилцаад, нэгэнт хоол авч идэж чадахгүйгээс хойш гоё гоё хоолны нэрийг нэрлэж сэтгэлээ хуурахаар шийддэг. Тэгээд бууз, хуушуур, үхрийн чанасан хавирга, банштай цай гэхчилэн хүссэн хоолоо нэрлэцгээдэг. Хэлнэ гэдэг хийхийн хагас гэж манай улсын төрийн тэргүүн нэгэнтээ хэлсэн шиг нэрлэсэн хоолныхоо талыг "зооглохыг" оролдсон. Гэвч хэлнэ гэдэг хийхийн хагас биш гэдгийг тэд мэдэрсэн. Хэллээ, нэрлэлээ гээд ходоод руу нь хоол орсонгүй, харин улам л хонхолзоход хүргэсэн байна. Түүн шиг нийслэл Улаанбаатар хот маань хэдэн дарга нарын хөлжих, дураараа дургих тоглоомын талбар болсоор удлаа.

Э.Бат-Үүлийн үед "найрсаг" Улаанбаатар гэж нэрлэсэн ч, гэмт хэргийн тоо улам нэмэгдэж, амьдрал доройтсоноор юун найрсагтай манатай болсон. Иргэд ч Э.Бат-Үүлийн, өөрийн тойрон хүрээлэгчид, бизнесийн түншүүд, үр хүүхэддээ л найр тавьж найрсаг Улаанбаатар гэж хэлснийг нь хожим мэдэрсэн. Тиймээс ч түүнээс салах нь зүйтэй гэж орон нутгийн сонгуулиар "амбаардан" хөөсөн. Тэгвэл, шинээр томилогдсон Су.Батболд дарга маань бас нэг гоё хоолны нэр хэлье гэдэг шиг "найрсаг" гэдэг үгийг нь "Аз жаргалтай" Улаанбаатар болгон солилоо. Иргэд ажилгүй учраас ядуусын эгнээнд олноор шилжсэн, ажил төрөл эрхэлсэн нэг нь алдагдал хүлээсэн ийм л "аз жаргалгүй" хүмүүс байна гэж тэр харсан учраас "аз жаргалтай" болгоё гэж бодож санасныг дэмжмээр. Харин Э.Бат-Үүлийн адил тохуурхаж болохгүй.

Гэтэл Су.Батболд ядарсан ард иргэдээ, өдрийн хоолноос нь салгаж, тэднийг амь, амьжиргаагаа залгуулдаг ТҮЦ-нээс л өвлийн хүйтэнд хайр найргүй, хүч хэрэглэн салгаж эхлэв. ТҮЦ хураана гэдэг бол газрыг нь чөлөөлж, дээрэмдэх ажиллагаа гэж ТҮЦ эрхлэгчид гомдоллож байна. Тэдэнд туслах, дэмжих хүн алга. Засаг дарга Су.Батболдын гаргасан харгис шийдвэрийг биелүүлэх нэрээр нийслэлийн ЗДТГ-ынхан, цагдаатай хүч хавсран ядарсан иргэдийг өвлийн хахир хүйтэнд гудамжинд хөөн гаргалаа.

Их л харгис дарга юм даа, гэж ард иргэд Су.Батболдын тухай ярьж эхэллээ. Нийслэл газраа мэддэг юм бол, яагаад хавар болтол хүлээж болдоггүй юм бол гэж төрдөө гомдсон, Улаанбаатарын "аз жаргалгүй" болсон иргэд гомдоллож байна. Хаана байна тэр, аз жаргалтай Улаанбаатар гэж яриад байсан, тэр Су.Батболд.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?