ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2016-12-28  

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хийсэн юм.

Энэ талаархи Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хийлээ. Байнгын хороод хамтарсан хураалдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн зарим нэр томьёог жигдэлж, дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Г.Занданшатар, Г.Мөнхцэцэг нар Байнгын хорооны дарга, ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг "Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ" гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан төслийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг "2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөн найруулах, төслийн 48 дугаар зүйлд “дахь хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, хүч хэрэглэхээр завдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх” гэсэн агуулгатай 48.1.5 дахь хэсгийг нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 45 нь буюу 88.2 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?