ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТУНХАГЛАСНЫ 105 ЖИЛИЙН ОЙН ТҮҮХТ ӨДӨР

2016-12-29  

1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Халхын болон өвөр Монголын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. 1911 оны 10 дугаар сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, Манжийн хааны байр суурь суларсан нь Монголчуудад таатай боломж болсон.

Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр Засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Түр Засгийн газар Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах үүрэгтэй байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод Монгол, Хөх нуур, Барга, Алашаа зэрэг бүх Монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ. Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг Богд хаанаар өргөмжилж, Шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаанаа залсан нь тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Богд хаан анхны зарлигаараа таван яам бүхий Засгийн газар байгууллаа. Нийт Монгол даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөлөө. Хөлөнбуйрын Баргууд 1912 оны 1 нэгдүгээр сарын 2-нд Манж түшмэдийг хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлэв. Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912 оны 8 сарын 7-нд Ховд хотоо чөлөөлсөн юм. Дарьганга хошуу 1912 оны 3 дугаар сард Богдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн орлоо. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.

Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр тэмдэглэдэг байжээ. УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-ийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр, нийтийн амралтын болон баярын өдөр болгосон юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?