CONTROL.MN САЙТААС НЭРЛЭЖ БАЙГАА ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ...

2016-12-31  
НЭГ : УЛС ТӨРИЙН ҮНЭЛЭМЖ ; ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ЭЭЛЖЛЭН БАРИНА ГЭДЭГ БОЛ АРДЧИЛЛЫН ШИНЖ ТЭМДЭГ 

2016 оны Монголын улс төрийн хамгийн том үйл явдал бол УИХ-ын ээлжит сонгууль байсан. Анхнаасаа эрх баригч, тоглоомын дүрмийг тогтоогч гэдгээ АН-ын эрх баригчид УИХ-ын анхны чуулганаасаа л харуулж эхэлсэн. УИХ-д 30 гаруй суудал авсан МАН-ыг УИХ-д бүлэг байгуулах эрхээс нь хассан үйлдлээс нь түүнийг анзаарч болно. Тэгвэл УИХ сонгуулийн хуулийг батлахдаа ч дүрэмгүй тоглолтоо үргэлжлүүлж, сонгуулийн хуулийг дур зоргоороо өөрчилсөн нь өнгөрсөн УИХ ямар хурал байсныг илтгэнэ. Сөрөг хүчинтэйгээ сөргөлдөхөөс гадна, өөрийн намын байгуулсан Алтанхуягийн болон Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газартайгаа байнга сөргөлдсөн. АН эрх барих 4 жилдээ эв найрамдалгүй, байнгын зөрчил, тэмцэлтэй байсан нь улс орны нийгэм эдийн амьдралд сөргөөр тусгалаа олсон. Тиймээс ч, УИХ, нийслэл, аймаг, дүүргийн түвшинд олонхи болж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн АН-д Монголын сонгогч түмэн "ҮГҮЙ" гэсэн татгалзсан хариугаа өгсөн. Энэ бол ардчилсан нийгмийн алтан дүрэм.

ХОЁР : ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛЭМЖ ; НУУЦАЛЖ БОЛОХ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ БОЛСОН

Маш их боломж алдсан 4 жил болж өнгөрлөө гэх эдийн засагчдын үнэлгээтэй санал нэгдэж байна. Алтанхуяг нүүрсний үнийг 70 ам.доллар болгож өсгөнө гэж "амбийцлаагүй" бол өнөөдөр нэхэгдээд буй Чалкогийн өрийг аль 2013 онд дарчихсан, улс орны мөнгөний эргэлт сайжирсан тийм л он жил үргэлжилж байх байсан гэж дүгнэнэ. Алтанхуягийн балаг эндээс л эхэлдэг. Тэр нүүрс рүү гар дүрсэн. Алтанхуягийн тарьсан балаг нь, үнэ өсгөнө гээд, хэвийн явж байсан үйл ажиллагааг нь 2 жил тасалдуулсан. Тэгээд үнэ өсөх биш, харин 40 ам.доллараас 28 болж унасан. Ийм эдийн засгийн хохиролтой шийдвэр гаргаж байсан учраас түүнийг огцруулах нь зөв гэсэн байр суурийг хэвлэлийн олон ч байгууллага дэмжсэн. Түүний зэрэгцээ, улсынхаа дээд түвшинд, хэрэлдэж, маргасаар 4 жилийг барсан. Яригдаж, хүлээглэж байсан томоохон төслүүдээ алиныг нь ч хөдөлгөж чадалгүй өнгөрсөн. Эргээд харахад, баахан зээл авсан 4 жил гэж нэрлэж болно. Эдийн засгийн хамгийн онцлох, тэгээд шуугиан, хардалт дагуулсан үйл явдал бол Эрдэнэт Үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49% Монголын талд шилжсэн мэдээлэл. Маш сайн, эх оронч мэдээлэл. Монголыг 40 жил тэжээсэн саалийн үнээ маань Монголынх болсон. Энэ утгаараа онцгой мэдээ. Харин хэн, хэрхэн авсан гэдэг бол тусдаа асуудал. АН-ыг сонгуульд ялагдахад нөлөөлсөн гол фактын нэг бол Эрдэнэтийн 49% -ийг үл таних нэгэн залуу хувьдаа авсан явдал гэж улс төр судлаачид дүгнэсэн байдаг. Эрдэнэтийн 49%-ийн асуудал, сонгуультай дуусахтай хамт өндөрлөөгүй, харин ч цаашид үргэлжлэх магадлалтай гэж Монголын хэвлэлд онцолсон. Сонгуулийн дараа ил гаргахыг хичээсэн, Эрдэнэтийн 49%-ийн хувьчлалыг анх Оросууд дэлгэсэн нь, улстөрчдийн, ялангуяа сөрөг хүчний хувьд бэлэн зууш болсон. Нэгэнт дэлгэгдсэн учраас, нуух аргагүй болж, Сайханбилэг ерөнхий сайд сонгуулийн урд өдөр яаран сандран мэдэгдэл хийсэн. Эрдэнэтийн 49 % -ийг нэг хүн, нэг компани авсан дор бол улс бүгдийг нь 100 % авсан нь дээр, үгүй бол ард иргэддээ тэгш хуваах нь зөв гэдэг байр суурийг ч иргэд илэрхийлээд амжсан.

ГУРАВ : СОЁЛ, ШАШИН ; ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛ БА 10-Р БОГДЫН ХОЙТ ДҮР

Ард иргэд, улс төрчид, эрх баригчдыг 2 хэсэгт хуваасан үйл явдал бол яах аргагүй Далай ламын айлчлал байлаа. Хятад улсын зүгээс сануулсаар атал, Далай ламыг Япон улсаар дамжуулан Монголд айлчлуулсан. Шашны байгууллага дангаараа хийж чадахгүй учраас Монголын төр оролцсон гэдэг нь тодорхой болсныг гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил үгүйсгэж чадаагүй. Тэр урд хөршөөсөө уучлал гуйсан. Хятадын засгийн газрын зүгээс, хоёр орны найрсаг харьцаа, итгэлцэл, цаашдын түншлэлд цав суулаа гэж айлчлалыг дүгнэсэн. Харин манай зүгээс уучлал гуйхаас өөрийг хийж чадаагүй. Далай лам Монголд айлчлах хугацаандаа, гадаа хэдий хүйтэн байсан ч хэрэг зорилгоо биелүүлээд буцсан. Тэр 10-р Богдын хойт дүрийг тодруулсан. 10-р Богдыг тодруулсныг Монголын сэхээтэн хэсэг талархан угтсан. Ялангуяа эрх чөлөө, үндэсний үзлээ дээдэлдэг хэсэг нь зөв гэж үзсэн. 10-р Богдын хойт дүрийг тодруулснаар Монгол улс дэлхийн шашны урсгалын төв болох боломжтой гэдэг үндэслэлийг ч дэвшүүлсэн. Гэхдээ үүнийг хэн хэрхэн хэрэгжүүлэх вэ? гэдэг бол асуудал. Төвд бол бурхан шашны төв. Хэдийгээр Далай лам Түвдийг орхиод 50 жил болж буй Бурхан шашны төв гэдэг уламжлалаа маш эрчимтэй, бодлоготой сэргээж буй орон бол Түвд. Мэдээж, Далай ламыг дагаж Энэтхэг улсад шашны маш том урсгал бий болсон. Далай ламаас хойш ч , шавь нар нь бурханы үйл хэргийг залгамжлан, тасралтгүй хөгжүүлэх бооомжтой гэж үздэг. Харин монголчууд 10-р Богдоо тодруулчихаад орхивол, дэлхийн бурхан шашны төв болох санааг харэгжүүлэх боломжгүй гэдгийг сануулья. Харин энэ хүүгээ нэгэнт тодруулсан хойно, төрийн хамгаалалтанд авах цаг болжээ.

ДӨРӨВ : НИЙГМИЙН ХАНДЛАГА: АРД ИРГЭД ТЭМЦВЭЛ, УУРЛАСАН АРСЛАН, ГАЛЗУУРСАН ЗААНААС Ч ХҮЧТЭЙ

Эрх баригчидыг ард иргэд сонгодог. Тэд ард иргэдийн төлөө үйлчлэхээ мартвал, тэднийг "хэн ч биш" болгож болно. Ийм сургамжийг ард иргэд, сонгогчид саяхан эрхтэн дархтан байсан АН-д мэдрүүллээ. Тэд МАН-ыг үнэмлэхүй олонхи болгосон. Хэрвээ тэд энэ 4 жилд ажилдаа эзэн болж чадахгүй, улс орноо, ард иргэдээ гэх сэтгэлээ умартвал, МАН-ыг ч гэсэн АН-тай ижилхэн хувь заяа хүлээж буй. Хэрвээ МАН энэ 4 жилд муу засаглаваас, 2020 оны сонгуулийн сонголтоор улс төрийн цоо шинэ хүч гарах үүд хаалгыг цөлийтэл нээх дохиог УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн харууллаа. Түүний зэрэгцээ, улс орныг МАН ч биш, АН ч биш, харин нам дамнасан улс төр, эдийн засгийн бүлэглэл удирддаг гэсэн Н.Алтанхуягийн үг Монголын улс төрд шинэ улс төрийн хүчин төрөх цаг болсныг илтгэж эхэллээ гэж судлаачид дүгнэлээ.

 

 

CONTROL.MN мэдээллийн сайтын редакци

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?