АНГИЙН АНДАА ДУРСАХУЙ

2017-01-03  

А.Мөнхжаргал гэж толгойгоо үргэлж илсэн, нүдээрээ инээмсэглэсэн, цагаан царайтай хүүгийн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд тодхон хадгалагдан үлджээ. Хүнтэй хэрэлдэж, маргалдах, гар зөрүүлж байхыг нь огт санахгүй юм. Тоондоо сайн хүүхдийг хичээлдээ сайн гэх ойлголт төрсөн тэр үед, тооны төрлийн хичээлд нэг их онцгойроогүй ч, арван жилээ сайн дүнтэй төгсөж, Багабанди ерөнхийлөгчийн гэх тодотголтой Одессийн Политехникийн дээд сургуульд эдийн засагчаар суралцаж төгссөнийг бодоход, тоогоороо л "хоолоо олж идэх" учиртай байж. Ангидаа сагс, хөлбөмбөг, ширээний теннис сайн тоглодог, ялангуяа дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээрх гурван зураасны хөлбөмбөгийг тоглохдоо гаргуун байсныг санах юм. Одоогоор бол компьютерийн тоглоомын цаасан эхлэл байжээ. Мөн аквариумын загас тэжээдэг, түүнийгээ харилцан солилцдог, тэрүүхэндээ хөөрхөн "наймаа" хийчихдэг байжээ, Мөнхөө маань. Түүндээ ангийнхаа олон ч хүүхдийг уруу татсандаа. Ангийн маань 40 хүүхдээс 28 нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад суралцаж байсан учир бие биен лүүгээ тэмүүлж, Одесса, Ленинград, Киев, Воронеж, Волгоград зэрэг хотуудад зочилсон нь олон. Түүний суралцаж байсан Одесса бол Хар далайн эрэг дээр орших үзэсгэлэнтэй хотын нэг байсан. Сургуулиа төгсөж ирснээс хойш, амьдралынхаа зам мөрийг хөөцгөөсөн, бид бүгдээрээ. Мөнхжаргал маань мэргэжлийнхээ дагуу төрийн байгууллагад, тэр дундаа татварын албанд үнэнчээр зүтгэсэн. Хөрөнгөтэй байснаас хөгжилтэй, олонтой нэгэн байсан нь дээр гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Түүн шиг Мөнхжаргал маань амьдралын энэ л зам мөрийг сонгосон. Хэдхэн сарын өмнө 10 жилийн сургууль төгссөний 40 жилийн ойг анги хамт олноороо тэмдэглэхэд, Мөнхөө маань ирчихсэн, энд ч нэг хэсгийг, тэнд ч нэг хэсгийг цуглуулан хөгжөөж байсансан. Шинэ оноо дөнгөж угтаад л, найзыгаа хорвоог орхисон тухай муу мэдээг сонсоод үнэмшсэнгүй. Саяхан л эрүүл саруул, хөгжилдэж байсан анд нөхрийн минь зүрх нь зогссон гэнэ. Ум мааний бадми хум. Хөгжилтэй, гэнэн цайлган зан чанар, гэгээн дүрээ зүрх сэтгэлд үлдээгээд биднийгээ орхин оджээ, Мөнхжаргал минь. Мөнхжаргалынхаа эхнэр, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Анд минь амгалан тайван нойрс доо. Ангийн андыг минь тэнгэр таалах болтугай.

 

 

5-Р ДУНД СУРГУУЛИЙГ 1976 ОНД ТӨГСГӨСӨН 10-ИЙН "В" АНГИЙН ХАМТ ОЛНООС
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?