Д.ГАНБАТ: НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГТАЙ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛНА

2017-01-05  

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа. Сайд Д.Ганбат “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байна. Дэд бүтцийн салбар, тэр дундаа зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад баяртай байна” гэлээ. Тэрээр ноён Такаока Масатог Элчин сайдаар томилогдон, ажиллаж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцлаа.

Монгол-Японы Засгийн газар хооронд агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн өрсөлдөх чадвар бүхий зангилаа төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Энэ хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын арилжааны нислэгийн үйл ажиллагааг шинэ нисэх буудалд шилжүүлэх, нисэх буудлын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай байлгах арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэлж байв.  Мөн тэрээр Япон Улс, БНХАУ хоорондын агаарын тээврийн салбарын зах зээлд Монгол Улс оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-аар дамжин Япон Улс руу нислэг үйлдэхэд Японы талаас нислэгийн 5 дугаар эрх авахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такаока Масато хоёр орны зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөн хүрээнд танилцуулсанд талархаж, цаашид харилцан уялдаа холбоотой ажиллаж, зам, тээврийн харилцаагаа улам өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат Японы тал Монгол Улсад хэрэгжих төмөр зам, авто замын томоохон төслүүдэд зах зээлийн зарчмын дагуу төслийн санхүүжилт хийх, барилгын ажилд оролцох зэргээр хамтарч ажиллах бололцоотой гэдгийг хэлсэн юм. Ингэхдээ төмөр замын сүлжээг цогцоор нь буюу аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт, үүнээс үүдээд тээвэрлэлтийн тоо нэмэгдэх боломж, ОХУ-аар дайраад Японы боомтод хүрэх, коксжих нүүрсийг экспортлох, мөн Сайншанд – Хөөт – БНХАУ-ын Бичигт боомтод хүрэх зэрэг олон боломжуудыг нийтэд нь тооцож, эдийн засгийн үр ашгийг нарийн тооцоолох шаардлагатай байгааг онцоллоо.

 

 

Эх сурвалж : ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?