УТГА ЗОХИОЛ СУДЛААЧ Ч.ЖАЧИН : ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР БАГШ МИНЬ

2017-01-07  

1973 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн ороод намар нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг бригадад хадлан дээр хоёр сар шахам ажиллаад, буцахын сүүлэн дээр гараа гэмтээж мөн л хоёр сар шахам гэмтлийн эмнэлэгт хэвтэж хичээлээсээ хоцорсон юм. Эмнэлгээс гарангуутаа л боодолтой гараа сойчхоод сургуульдаа очиж хичээлдээ алдаг оног суугаад, эхний хагас жилийн шалгалтыг өгөх санаатай хөөцөлдөхдөө утга зохиолын тэнхимийн багш, нутгийн ах –Даваасамбуугийн Дашдорж багшид учир зовлонгоо хэлж, багш намайг дагуулж багш нартай танилцуулснаар ганц нэг хичээлийн дүн гарах янзтай боллоо. Явсаар Ж.Надмид багшаас дүн гуйх ээлж ирлээ. Тэгэхэд На багш, “Хичээлд суугаагүй чи байтугай, суусан заримынх нь дүн гарахад хэцүү болоод байна” гэсэн утгатай үгийг нүднийхээ шилний дээгүүр харж байгаад ноцтой нь аргагүй хэлж билээ. Ингээд л улирахгүй сурна гэсэн зорилгоосоо ухарч нэг жилийн чөлөө аваад нутаг буцсан юм. Хожим бодоход На. багш ингэж хэлээгүй бол би яаж ийж дүнгээ гаргуулаад нэг дундуур зэрэгхэн сураад л сургуулиа төгсгөх байсан байх.

Нэг жил өнжөөд 1974 оноос эхлэн Улсын багшийн дээд сургуульд нэгдүгээр курсээс нь эхлэн суралцахад олон сайхан багш, тал талаас дэмнэж чухамдаа л шинжлэх ухааны туяат оргилд авирах мэт он жилүүд үргэлжилсэн юм. Тэр үед бидэнд хичээл заасан Ж.Надмид багшийн цэгцтэй үг, чамбай хандлага, М.Базаррагчаа багшийн эрдэм мэдлэг, Ц.Өнөрбаян багшийн хичээл заах хосгүй ур чадвар, Цэндсүрэн, Цагаан багш нарын уран зохиол уншсан цараа зэрэг, багш бүр л биднийг бишрүүлдэг байсан. Энэ олон сайхан багш нарын нэг нь Д.Дашдорж багш. Дашдорж багш, аман зохиол, уран зохиолын хичээл заасны дотроос Д.Нацагдоржийн уран бүтээл, тур дундаа “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийг задлан заасан нь одоо ч сэтгэлд тод байна. Багш маань ядуу бүсгүй Цэрмаатай хамт Гурван сайхан уулын өвөрт хамт байсан шиг л тийм сэтгэгдлийг бидэнд үлдээсэн дээ. Дашдорж багшийн салшгүй нэг найз нь Д.Цэнд багш.

Дашдорж багш нэг өдөр одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургууль, тэр үеийн Санхүүгийн техниккумын арын хашаанд байсан манай гэрт Д.Цэнд багшийн хамт ирснээр Д.Цэнд багштай би хэд гурван үг солих хэмжээний танил болсон нь их л завшаантай хэрэг болсон юм. Цэнд багш бол миний ажигласнаар хичээл заахдаа ч, бичиж туурвихдаа ч, найзалж нөхөрлөхдөө ч, тэр ч байтугай идэж уухдаа ч ямар ч зовлон, маяггүй ёстой амьдралыг жаргалтай дэлгэр туулсан хүн шиг санагддаг юм. Багш архи уусан ч согтохгүй, шартахгүй, юу ч бичсэн баллахгүй, дарахгүй, хүнийг дээр доор гэж ялгахгүй, нэг л янзаараа. Багшийн энэ сайхан чанар өчүүхэн надад олон ч удаа харагдсан. Зарим нэгийг дурсъя.

1981 оны хавар хотод харж хандах хүнгүй тул ой ч хүрээгүй охиноо аваад Архангай аймгийн төвд суугаа хадам аав ээж рүүгээ явлаа. Дөрвөн настай том хүүгий минь аваад үлдсэн аав, ээждээ охины маань зун болтол аваад үлдэхгүй үү гэж арай ч хэлж зүрхэлсэнгүй, эгч дүү нарын дотроос ч охины минь авч үлдэх завтай хүн байсангүй. Аргаа бараад буцах санаатай онгоцны буудал дээр охиноо тэврээд иртэл хот явах онгоцны билет аль хэдийн дуусчихаж. Одоо яадаг билээ гээд байж байсан чинь Цэнд багш хот явах гээд хүрээд ирлээ. Би ч уухайн тас багштай уулзаад

  • Охин бид хоёр хот явах гэсэн чинь билет байдаггүй. Охин хөхөө санаад уйлаад байдаг. Та авч яваад ээжид нь хүргээд өгөөч гэсэн, багш олон таван үггүй, “Тэгье” гэлээ. Багш охины минь тэврээд онгоц руу орлоо. Энэ нь багшид мөн ч их төвөг удсан хэрэг л дээ. Охин замдаа уйлбал яах билээ, тэгээд ч хаа байсан Харчуудын гудамжинд байсан манайд очиход Долзодмаа гэртээ байгаа ч уу, үгүй ч үү. Мөн ч бөх зүрх шүү.

Тэгтэл онгоцны жолооч намайг өрөвдсөн ч юм уу, яасан юм “Нялх хүүхэдтэйгээ явна гээд байсан залуу суу” гэх нь тэр. Тэгээд л Цэнд багшийн хажууд охинтойгоо зэрэгцэн суугаад охиноо эрхлүүлж гангар гунгар хийсээр хотод ирж билээ.

1991 оны 6 дугаар сарын 22-нд миний бие “Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа” сэдвээр багш доктор Д.Ёндоны удирдсанаар хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалах юм боллоо. Хурал ч ном журмаараа болж, эрдмийн зөвлөлийн гишүүд санал хэлэх болов. Гишүүдээс хамгийн түрүүнд Цэнд багш миний ажлыг дэмжиж гал цогтой, халуун дотно үг хэлсэн юм. Цэнд багшийг үг хэлсний дараагаар санал хэлсэн Д.Цэрэнсодном, П.Хорлоо зэрэг ахмад эрдэмтэд мөн л сайхан үг хэлсэн. Цэнд багш замы нь засчихсан болохоор аргагүй биз ээ. Тэр үед Хамгаалуулах зөвлөлийн хурал дээр хүмүүсийн хэлсэн үгийг томилогдсон ажилтан соронзон хальсанд буулгаж аваад дараа нь сийрүүлдэг байсан. Тэр журмаар Цэнд багшийн хэлсэн үгийг Ч.Туяасайхан бичиж авсныг энд толилуулъя.

Багшийн үг

Цэнд :  - Ч.Жачингийн хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг горилж бичсэн Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа” гэдэг энэ ажилд судлаач, нэгдүгээрт: зохиолчийн зохиол бичих болсон үүдэл санааг илэрхийлэх, хоёрдугаарт: зохиолчийн уран бүтээлд задлал хийж, туурвилзүйн онцлогийг нь гаргах, гуравдугаарт: анхны гар бичмэл, түүний боловсруулсан онцлогийг тодотгох, дөрөвдүгээрт: зохиолчийн гар бичмэлд хэн хэзээ засвар хийснийг олох зорилго тавьсан нь гар бичмэлд хэн хэзээ засвар хийснийг олох зорилго тавьсан нь Нацагдоржийн зохиолын эх бичгийн судалгааг өргөн хүрээтэй хамарч чадсан байна. Нацагдоржийн Хэлхээгүй сувд роман, Улаанбаатараас Берлин хүртэл замын тэмдэглэл, шүлэглэл гэх мэтчилэн 300 гаруй хуудас гар бичмэлийг судалж, “Ондоо хүмүүжил, Хэлхээгүй сувд, Уул усны охин, Харанхуй хад зохиолын эх бичмэлийг шинээр судалсан нь өмнөх судлаачдын судалгааг баяжуулсан шинэ ажил болсон гэж үзэх бүрэн үндэстэй байна. Уг судалгаанд Нацагдорж ардын аман зохиолыг сурвалжилж тэмдэглэхийн хамт түүний уран сайхны онцлогыг гүнзгий судлан  сонирхож байсныг баримтаар нотолж, ингэснээрээ Нацагдоржийн уран бүтээлийн уламжлал шинэчлэлийн холбооны асуудалд шинэлэг санал гаргаж иржээ.

Д.Нацагдорж зохиол бүтээл туурвихдаа товч, дэлгэрэнгүй байдлаар төлөвлөгөө зохиож, туурвин бичих явцдаа түүнийгээ дэлгэрүүлж, дээжий нь олж найруулахад ихээхэн анхаардаг, энэ нь зохиолын зохиомж, өгүүлэмж, дарааллын зохицолд сайн нөлөө үзүүлж бодол сэтгэлээ төвлөрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг байсныг Хэлхээгүй сувд романы төлөвлөгөөн дээр нарийвчлан судалсан нь Нацагдоржийн уран бүтээлийн өвөрмөц онцлогийг гаргахад чухал болж байна. Дөрвөн цаг шүлгийн төлөвлөгөөн дээр хийсэн судалгаа ч үүнийг давхар нотолж байна. Энэ нь уг зохиолд илэрч байгаа зохиолчийн түүхийн ухамсар, үндэсний сэрэл сэтгэлгээний холбоо нь уг зохиолд гүн ухааны бодол бясалгалын аяс шингээж, бүхэлдээ Нацагдоржийн уран бүтээлийн уран сайханы онцлогийг илэрхийлж байгааг баримт түшин тодруулж тавьснаас үзэхэд тодорхой харагдаж байна. Нөгөө талаар, зохиолчийн зохиол бүтээл туурвих явц, зохиолчийн хөдөлмөрийн нарийн чимхлүүр талыг судлаж, Нацагдоржийн бичлэгийн онцлог, өвөрмөц тал, зарим зохиол хувилбартай болсон асуудал, түүнд хэрхэн хандах зэргийг шинжилж судалсан хийгээд үгийн утгыг сонгох, үгийн нүдийг олох талаар зохиолч хичнээн их хөдөлмөр зарж байсан нь өнөөдөр ямар их сургамжтайг дахин дахин сануулан хэлж байна. Энэ бол Нацагдоржийн өв уламжлал гэж хоосон ярих явдлаас бодитойгоор судлах цаг ирсэн өнөөгийн шаардлагад бүрэн нийцэж байгааг тэмдэглэвэл зохино. Энэ мэтээр Жачингийн судалгааны ололт, шинэлэг талын тухай үргэлжлүүлэн ярьж болох байна.

Жачин бол энэ сэдэвт судалгааны ажилд өмнөх судлаачдын оруулсан хувь нэмрийг шинэчлэн баяжуулж, гүнзгийрүүлэн судалж их зохиолчийн өвөөс бүтээлчээр суралцах асуудалд дорвитой жинтэй хандаж байгаа судлаачдын нэг юм. Түүний Нацагдоржийн эх бичгийн талаар туурвисан бүтээлүүд, ялангуяа Зохиолын эх бичигт хийсэн ажиглалт, тэмдэглэл ном, “Хэлхээгүй сувд роман, “Нуугдсан эрдэнэ жүжиг, “Дөрвөн цаг цуврал шүлгийн судалгаанууд, өнгөрсөн долоо хоногийн Утга зохиол (?) сонинд нийтлүүлсэн “Харанхуй хад зохиолын тухай судлаачийн сэтгэгдэл зэрэг олон бүтээлийг үзэхэд манай уран зохиолын судлалд өөрийн гэсэн үзэл барилтай, өвөрмөц сэтгэлгээтэй, ирээдүйтэй бөгөөд найдвар төрүүлэх судлаач нэмэгдэж байгаа нь илэрхий байна. Үүнд бид баярлаж талархах ёстой юм.

Ч.Жачингийн Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа энэ бүтээл зорилгоо хангасан сайн бүтээл болсон учраас хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг олгохыг эрдмийн зөвлөлийн гишүүний хувьд эрдмийн зөвлөлийн хуралд оруулж байгаагаа илэрхийлье.

Зэрэг хамгаалах хурал болсон энэ явдлаас бүр арван нэгэн жилийн өмнө 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр би, Цэнд багшаас Д.Нацагдорж “Дөрвөн цаг” шүлэг бичихээр хийсэн бүдүүвч төлөвлөгөөндөө орос, германаар бичсэн “үндэсний мэдрэхүй”, “түүхэн ухамсар” гэсэн үгс уул шүлэгтэйгээ хэрхэн холбогдсон талаар асууж тодруулахаар хүнсний нэгдүгээр дэлгүүрийн тэнд байсан багшийн гэрт нь очсон юм. Тэгэхэд багш, “Дөрвөн цаг” шүлгийн төлөвлөгөөг үнэхээр сонин баримт байна гээд байгаль орчноосоо монгол хүний л мэдэрч болох өвөрмөц тэр зүйлийг Д.Нацагдорж хэрхэн дүрсэлснийг тодруулах хэрэгтэй юм даа гэсэн билээ. Тэгээд бичгийн ширээн дээрээсээ нэг ном авч, “Чамд өгөх гэж авсан юм” гээд дотор нүүр хуудсан дээр нь “Жачинд. Дурсгал болгон барья. Д.Цэнд 1980.I.14.” гэж бичээд өгсөн нь Д.Нацагдоржийн гар бичмэлийг судлах ажилд минь их тус болсон.

Багшийн өгсөн “С.А.Рейсер. Основы текстологий” гэсэн энэ номоор би “эх бичиг судлал” гэдэг ухааны анхны ойлголттой болж, улмаар эх бичиг судлалын хэд гурван ном үзсэн. Багш надад Нацагдоржийн гар бичмэлийг тэгж, ингэж судлаарай гэж олон үг хэлээгүй боловч “Чамд өгөх гэж авсан юм” гэж эх бичиг судлалын ном өгсөн нь ямар ч сургамжаас илүү намайг эх бичиг судлалын зүг чиглүүлснийг дурсан санахад нэн таатай байна.

Багш минь үнэхээр жаргалтайн дэлгэр хүн байсаан

Ч.Жачин

Зүүн гараас : М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн андууд : Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач Ц.Мөнх, Төрийн соёрхолт шагналт, утга зохиол судлаач Д.Цэнд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач Г.Жамсранжав, төрийн соёрхолт зохиолч Ж.Пүрэв

ТӨГСГӨЛ ҮГ

Аав минь тэнгэрт халиад хэдэн жил өнгөрчээ. Аавын минь ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн МУБИС-ийн Хэл уран зохиолын тэнхим, Д.Оюунбадрах, Д.Батбаатар, С.Энхбаяр, Энхээ нарын багш нарын санаачилгаар жил бүр эрдэмтэн багш Д.Цэндийн нэрэмжит оюутны симпозиумыг уламжлан болгон хийдэг сайхан уламжлал тогтоод 3 дахь жилээ үзлээ.

Энэ сайхан, буянтай үйлсийн хажуугаар, ээж Лиза, ах Энхболд, эгч Энхтуяа, дүү Энхгэрэл, Энхбаяр нартайгаа ярилцаад аавдаа номон хөшөө нэгийг босгоё гэж шийдсэн юм.

Ном нь аавын минь тухай дурсамж өгүүллээс бүрдэх юм. Энэ санаагаа ч аавынхаа найз нөхөд, зохиолч, судлаачид, хамтран зүтгэгчид, шавь нарт нь дуулгасан.

Хамгийн түрүүнд дурсамж ирүүлсэн хүний нэг бол утга зохиол судлаач Ч.Жачин. Тэрбээр "Гурван эрдэнэ" сургуулийн үүсгэн байгуулагч. Монголын боловсролын салбарт хүчин зүтгэгчдийн нэг.

Ч.Жачинг Монголын утга зохиол судлал, эрдмийн ертөнцөд түшиж тулж оруулсан хүний нэг бол аав минь байсан тухай тэр дурсжээ. Монголын утга зохиол, тэр дундаа Д.Нацагдорж судлалаар мэргэшсэн эрдэмтэн, доктор Ч.Жачингийн дурсамж өгүүллийг толилуулья. Аавдаа босгох номон хөшөөнд дурсамжийн өгүүллээ ирүүлсэнд гүнээ талархая.

 

 

Доктор, профессор, төрийн соёрхолт эрдэмтэн багш Д.ЦЭНДИЙН дунд хүү Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?