МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ГИШҮҮД,
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮД, УЛС ТӨРИЙН НАМУУДАД
ИЛ ЗАХИДАЛ
Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр даяар олноо зарлан тунхаглахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн тухайн үеийн Ардын их хурлын депутатуудад гүн хүндэтгэл, талархал илэрхийлж баяр хүргэе.
Манай шинэ Үндсэн хууль нь дэлхий дахинаа өрнөсөн их өөрчлөн байгуулалт, социалист, капиталист хоёр системийн хүйтэн дайны сөргөлдөөний үр нөлөөллийн амаргүй цаг үе дор бүтээгдэж, шилжилтийн гэж болох өнгөрсөн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг муугүй зохицуулж ирлээ.
Гэсэн хэдий ч асар хурдтай хөгжиж байгаа энэ цагийн олон олон харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгаа нь амьдралд улам бүр мэдрэгдэж байна.
Бидний Монголчууд улс төр, эдийн засгийн төвлөрсөн тогтолцооноос хос шилжилт хийж ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгохдоо өмнөх бүхнээ үндсээр нь үгүйсгэн, урьдчилан мэдэх бололцоогүй, огт амьдралдаа мэдэхгүй шинэ нийгмийн тогтолцоонд орсноор хожмын өдөр бий болж болох сорилтууд, шинээр нутагших нийгмийн харилцааг урьдчилан таамаглах бололцоогүй байсан гэдгээ дор бүрнээ ухааран дүгнэх нь юу юунаас чухал байна.
Тэртээ үед өнөөдөр ямар байхыг мэдэж байсан мэтээр ярьж тайлбарлах, эсхүл Үндсэн хууль маань өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулж чадаж байна, харин хуулиа сайн судалж хүчин чадлыг бүрэн ашиглах хэрэгтэй гэх зэргээр ярьж хэлж, ухуулж байгаа хүмүүс бол аж ахуй, үйлдвэрлэл эрхэлж байгаагүй, нийгмийн гүнд орж ажиллаж амьдраагүй хүмүүс, энэ Үндсэн хуулийг өөрийнхөө хэсэгхэн хугацааны хөнгөн тансаг амьдралынхаа суурь хэмээн дээдлэн шүтэгчид, эс бөгөөс Монголчуудыг талцуулан сулруулж, толгойгүй төртэй, тогтворгүй бодлоготой, тулга тойрсон хэрүүл дунд нь хуваан захирах гадны бодлогын гар хөл бологсод юм.
Үе үеийн парламент Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, Монгол ардын нам, Ардчилсан намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдах бүрт Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах том зорилгын төлөө нийлж байгаагаа зарлан тунхагладаг ч хэрэг дээрээ бизнесийн нэг шийдэл төдийхний ард Үндсэн хуулийн өөрчлөлт замхран арилдаг нь ёс тогтоод байна. Энэ нь дэлхий дахинаа ноёлж буй олигархын дарангуй засаглалуудын үзэл санааны дархлаа хүчтэй байгаагийн шинж юм.
Аливаа улсын Үндсэн хууль бол байгалийн хууль биш бөгөөд бусад хуулиудын адил хүмүүс л хэлэлцэж баталдаг, түүнийгээ цагийн явцад засаж, цэгцлээд явдагнийгмийн хууль юм.Хоёр зууны заагт дэлхий дахинааПеру 1992, Гватемал 1993, ОХУ 1993, Украин 2007, Канад 2008, Фижи 2009, Гондурас 2009, Нигер 2009, Румынд 2012 онд тус тус засаглалын хямрал үүсч, Үндсэн хуулиа өөрчилсөн байдаг. Үндсэн хуулиар засаглах нь зөвхөн оршин тогтнохын төлөө төдий бус хөгжин дэвжих ард түмний эрмэлзэл байх ёстой. Нөгөөтэйгүүр нэг нийгмийн харилцааны хүрээнд 1924 онд батлагдсан Үндсэн хуулийг 1940, 1960 онуудад өөрчилж, засвар оруулж байсан нь цаг үеийн шаардлагаар шинээр зохицуулах харилцаа гарч тухай бүрд нь өөрчлөлт хийж байсны тод илрэл юм.
Энэ бүхнийг иш үндэс болгон үндсэн хууль, улс төр, геополитик, нийгэм судлаачдын харьцуулсан дүгнэлтүүдэд үндэслэн үндэсний дэвшлийн зорилгын үүднээс Монгол улсын Үндсэн хуулинд дараахь өөрчлөлтүүдийг нэн даруй оруулах шаардлагатай байна.
ҮНДСЭН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗОРИЛГО
Нэг. Улс төржилтийг саармагжуулах
Хоёр. Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх
Гурав.Хөгжлийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах
Дөрөв. Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, тогтвортой тогтолцоо бүрдүүлэх
Тав. Хяналт шалгалтын үндсэн хуулийн институт байгуулах
Зургаа. Нийгмийн өмнө хүлээх иргэний үүргийг хуульчлах
Эх хуулиндаа өөрчлөлт оруулж, төрөө түвшитгэн түмэн олныхоо амьдралыг бодох цаг болсныг УИХ-д суудал бүхий Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намуудад сануулахын хамт, МУ-ын ҮХ гэж товчлогддог Монгол улсын Үндсэн хуулиа Эцэг хууль ЭХ гэж товчилно болгон өөрчлөхийн төлөө хамтран зүтгэхийг улс төрийн намууд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд, нийт ард түмэндээ хандаж энэхүү захидлаар уриалж байна.
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН
НАМЫН ДАРГА БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ