МОНГОЛ УЛСЫН 40 ГАРУЙ ОЮУТАН ЛАОСЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙГАА

2017-01-11  

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхон өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд зочиллоо.

Эрхэмсэг ноён Сиалункон Сэнг Утхон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг хүлээн авч, хоёр орны болон төрийн албаны төв байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

 Уулзалтын эхэнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жил уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс БНАЛАУ-ыг Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, түүний дотор хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү үр дүнтэй хөгжиж байгааг тэмдэглэн хэллээ.

Лаос Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сард тус улсад айлчилсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид тус улсын яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад “Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог”, “Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг дүгнэх тухай”, “Төрийн албан хаагчдын сургалтын стратеги” зэрэг сэдвээр лекц уншсан  билээ.

Уулзалтын үеэр Элчин сайд, ноён Сиалункон Сэнг Утхон Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Лаосын Төрийн албаны комиссын хамтын ажиллагааны талаар, бусад салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Элчин сайд, ноён Сиалункон Сэнг Утхон Монгол Улс Лаосын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ирсэн бөгөөд Монгол Улсад суралцаж байсан 40 гаруй оюутан Лаосын төрийн байгууллагуудад өндөр алба хашиж байгааг тэмдэглэн хэлээд, цаашид Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас Лаосын “Найрамдал” эмнэлэгт дадлага хийлгэх, Монгол эмч ажиллуулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт, Засгийн газар, яам, орон нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. 

Элчин сайдтай уулзах уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга-Салбар зөвлөлийн дарга Д.Очирбат, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга, Д.Баатарсайхан, зөвлөх О.Нямдаваа нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?