ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН ДАРААХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2017-01-11  

15 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгохоор боллоо

Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг  50 хувь хямдруулан олгохоор боллоо.  Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.

“Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо

Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан  үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо. 

“Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад  хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм.  Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн зургаан сарын турш гадаад, дотоодын иргэдэд үйлчлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнг 1.4 орчим сая хүн үзэж, төслийн хүрээнд 4-5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр авсан зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулна гэж төслийн багийнхан тооцжээ.   

  “Чингис хаан” шинэ зууны бүтээлч төсөлд 2.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд уг зээлийг 2 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байгаа юм.

 ҮАБЗ-ийн зөвлөмжид заасан хууль, шийдвэр хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо

Энэ сарын 10-нд болсон Үндэсний аюулгүй байдлын өргөтгөсөн хуралдааны зөвлөмжид

·  Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах

·  Төрийн захиргааны төв байгууллагууд төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх,

·  Агаар, орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох

·  Орчны бохирдлыг бууруулахад иргэд байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон.

Зөвлөмжид заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Товч мэдээ

-Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

-Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын  ажиллах журам болон “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга