МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

2017-01-12  

УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Төв банкны тухай хуульд Монголбанкны Хяналтын зөвлөл нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд тэднийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр заажээ.

Тус Байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавартай болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжсэн байна.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшсэн Д.Даваасамбуу нь 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техникум, 1974-1979 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд, 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх, 2001-2008 онд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009-2012 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багшаар ажиллаж иржээ.

Ингээд санал хураалт явуулан Байнгын хорооны саналаар Ж.Ядамсүрэнг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын, Ж.Үнэнбат, Х.Ганбаатар, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Ч.Энхбаатар, Д.Нямаа нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4 хувь нь Д.Даваасамбууг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилохыг дэмжив. Харин Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Б.Цэрэнбалтав, Ч.Чимидсүрэн, М.Энх-Амгалан, Л.Дондог, Б.Лхагважав, Л.Ариунаа нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4-51.9 хувь нь дэмжсэн юм.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?