Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сард батлагдаж, 2014 оны нэгдүгээр сараас уг хууль хэрэгжиж эхэлсэн. Гэвч Засгийн газар төсвийн хэмнэлт хийх зорилгоор Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн юм байна.
Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод хандан “Тахарын албаны чиг үүрэг Дотоодын цэрэгт шилжиж байна гэсэн үг. Хуулийн төсөлд үүнийг сайтар тусгаж, анхааралдаа аваарай” хэмээн хэллээ.
Тахарын ерөнхий газар нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах зэрэг чиг үүргийн дагуу ажилладаг байсан юм.
А.ЦЭРЭНДУЛАМ