Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан энэ сарын 27-нд болно.
Энэ хуралдаанаар Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тайлбарлах юм байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид агаарын бохирдлын гамшгийн бүс тогтоож, нүүлгэн шилжүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
НИТХ-ын АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулах асуудлаар НИТХ-ын ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах тухай шаардлага хүргүүлжээ. Энэ дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй НИТХ-ын VII хуралдааны товыг зарласан байна.