Хүчирхийлэл үйлдэгчийн дийлэнх нь өсвөр насандаа хүчирхийллийн зуршилтай болсон тохиолдол элбэг байна. Тийм учраас Дорнод аймагт өсвөр насныханд чиглэгдсэн хүчирхийллийн мэдлэг боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Улмаар 2 жил үргэлжилсэн хөтөлбөрийн үр дүнгээр хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж хүчирхийллээс татгалзаж эхэлсэн гэж хэрэгжүүлэгчид дүгнэлээ.
Хүүхдүүд өсвөр насандаа үе тэнгийнхээ хүүхдийг шоглох, өдөх байдлаар хүчирхийлэл үйлдэх анхан шатны зан хандлагатай болдог байна. Улмаар энэ үзэгдэл нь даамжирсаар хожим гэр бүлээ, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч болдог байна. Тиймээс өсвөр насныханд чиглэгдсэн зорилтот хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрт 2 ерөнхий боловсролын сургууль хамрагдсан бөгөөд багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд, эцэг эхчүүдийг хүчирхийллийн талаарх мэдлэг боловсролтой болгоход гол анхаарлаа хандуулсан байна.
Гэхдээ зөвхөн ямар нэгэн хөтөлбөрийн дор биш ерөнхий болосвролын сургуулиуд сургалтын хөтөлбөртөө хүчирхийллийн талаарх мэдлэг боловсрол олгох ажлыг тусгаж өгөх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдэд хүчирхийллийн талаарх боловсролд сургах нь математик монгол хэлээс тэргүүн зэрэгт тавигдах ёстой юм.
ДОРНОД АЙМГААС А.ИЧИНХОРЛОО МЭДЭЭЛЛЭЭ