ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

2017-01-23  

Ардчилсан намын шинэчлэлийн талаар чин сэтгэлээсээ сонирхож буй хоёр эрхэм ярилцана. Нэг нь Ардчилсан намыг шинэ залуу үеийнхэн авч явах нь зөв гэж үзэж байгаа бол нөгөө нь хашир туршлагатай ахмад үеийг илүүд үзэж байгаа талаараа уйгагүй тайлбарлана. Хэн хэнийх нь зөв боловч хэрхэн энэ хоёрыг нэгтгэж ая дангийн олох талаар бодохгүй байгаа нь л тэдний зөрчилдөх эх үндэс аж. Хэрэв энэ үед Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн гишүүдтэйгээ уулзах уулзалт эхлээгүй бол тэдний маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байх биз ээ.

Нэр дэвшигчид өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, намаа шинэчлэх гол бодлогоо танилцуулсаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн ээлж ирлээ. Улс төрд 26 жил зүтгэсэн Ардчилсан хувьсгалын партизан, нөлөө бүхий лидер, хүчирхэг удирдагч хэмээн олонд танигдсан түүний илтгэл мөнөөх хоёр эрхмийн сонирхлыг гойд ихээр татав. Учир нь, тэр мөрийн хөтөлбөрийнхөө оргил хэсэг болох өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсийг хэрхэн Чандмань эрдэнэ лугаа нэгтгэж, ахмад үеийн туршлагыг дунд үеийнхний ажиллах чадвар, залуу үеийн хүсэл тэмүүлэлтэй нь нийлүүлж намаа бодлогын институц болгох талаараа танилцуулсан юм. Намынхаа Үндсэн дүрмийн төсөл, Үзэл баримтлалын онолын эх загварыг хэдийнэ боловсруулж, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 гаруй суманд хүргүүлж нийт гишүүдээсээ санаа оноог нь авахаар ажиллаж байгаагаа ч хэлэв.

Түүний танилцуулсан шинэчлэлийн бодлогоос намын анхан дунд шатны байгууллагыг бэхжүүлж, гишүүдийн оролцоог дээд зэргээр хангана гэсэн хэсэг нь “танхим”-д хамгийн их таалагдав. Учир нь, тэрхүү танхимд яг л энэ үгийг ус агаар мэт хүлээж байсан Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид сууж байсан юм. "Өөрсдийнх нь үнэ цэнийг өсгөж, хэдхэн даргын ханцуй дотроо наймаалцдаг байсан шат шатны намын даргын томилгоо, бодлогын шийдвэрүүдийг өөрсдөөс нь асууж байж шийддэг болгох түүний төлөвлөгөөг тэд нижигнэсэн алга ташилтаараа 100 биш 200 хувь хүлээн авч байгаагаа илэрхийлэх аж."

Жишээлбэл, С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсны маргаашаас эхлээд Нийслэлийн намын хороо, дүүргийн, аймгийн, сумын гэх мэтчилэн намын хороо, үүрүүдийн дарга нарыг эхнээс нь томилох ажил эхэлнэ. Гэхдээ намын гишүүдийнхээ хүлээн зөвшөөрсөн буюу сонгосон хүнийг л шат шатны намын даргаар томилох юм байна. Яг л Ардчилсан нам даргаа бүх гишүүдээсээ тодруулж байгаа энэ жишгээр шат шатны намын дарга нарыг шинээр томилох аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийг ч намын нийт гишүүдийнхээ саналаар сонгодог болох юм байна.

Ардчилсан намын гишүүд ийнхүү 26 жилийн түүхэндээ анх удаа хоосон тунхаг төдий бус бодитой гэхдээ бас цаг үеэ мэдэрсэн шинэчлэлтэй нүүр тулах болсондоо талархалтай хандаж байгаагаа нуусангүй. “Шинэчилнэ” гэсэн лоозонгийн ард заавал шийдэл байх ёстой шаардлагыг тавьж байгаа нь ч тэдний зөв юм. Өөрөөр хэлбэл, Монголын Ардчиллын нүүр царай болсон энэ намыг шинэчлэх ёстой гэсэн уур амьсгал удирдлагуудаасаа эхлээд жирийн гишүүд хүртлээ бүрдээд байжээ. Харин энэ шаардлага, хүлээлтэд нийцсэн мөрийн хөтөлбөр, зорилготой яваа цорын ганц нэр дэвшигч нь С.Эрдэнэ юм гэх итгэл үнэмшил энэ нам дотор ноёлж эхэллээ.

Үүнээс гадна 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдсаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар С.Эрдэнийг томилсон нь оновчтой шийдэл байжээ гэдгийг гишүүд нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. "Түүн шиг хүчтэй чадварлаг, Ардчилсан хувьсгалын партизан л УИХ дахь үнэмлэхүй олонхтой үзэлцэж чадна. 65-ын эсрэг ес байгаа энэ нөхцөлд түүн шиг чадварлаг менежер л тактикийн тэмцэл өрнүүлж, намдаа, нийгэмд ашигтай маневр хийж чадахыг тэр өнгөрсөн хагас жилийн хугацаанд хангалттай харуулсан." Эрх баригчдын хэт эрдүү бардам зангаар гаргасан олон шийдвэр иргэдийн ажил, амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байсныг тэр л засч залруулсан. Энэ нь Ардчилсан намд нэмэх оноо авчирсан. Үр дүн нь Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай харьцуулах юм бол хамаагүй эерэг дүнтэй гарсан. Түүнчлэн ялагдлын шокноосоо гараагүй байсан ардчилагчдад Баянгол дүүрэгт байгуулсан үнэмлэхүй ялалт Ардчилал, Ардчилсан нам хүчирхэг хэвээрээ, олны дэмжлэг хүлээсээр байгааг сануулсан чухал үйл явдал болсон. Үүний дараа Ардчилсан намын даргыг сунгаагаар тодруулах түүний санал, санаачилга ямархан үр дүнтэй ажил болсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм. Намын даргад нэр дэвшигчид орон даяар явж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байгаа нь гишүүдийнхээ урам зоригийг сэргээсэн чухал арга хэмжээ болж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ Хамтын тэтгэвэр, Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хууль зэрэг хүний амьдралд бодит үр өгөөжөө өгсөн олон сайн хууль санаачилсан төрийн түшээ гэдгээрээ нийгэмд танигдсан, намын бодлогыг авч явах туршлагатай хүчтэй лидер гэдгээрээ намдаа үнэлэгдсэн, намын үүр, хорооны амьдрал ямар байдгийг хамгийн сайн мэддэг, жирийн гишүүдийнхээ зовлон жаргалыг сонсдог, мэдэрдэг гэдгээрээ гишүүддээ хайрлагдсан улс төрч юм. Энэ нь түүнийг Ардчилсан намын даргаар сонгогдох магадлалыг өндөр болгож байна.   

 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Аль нэг улс төрийн нам, ямар нэг улсыг шинэ залуу боловсон хүчин гэгч удирддаггүй юм. 2017-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?