Галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр хүлээн авч уулзан “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр хэлэхдээ “Аюул ослоос хүний амийг аварсан энэ сайхан мэдээг сонсоод цагдаагийн алба хаагчдаараа бахархах сэтгэл төрлөө. Ард олныхоо аюулгүй амьдралын манаанд цагдаагийн мянга, мянган алба хаагчид 24 цагийн турш нүд цавчилгүй зүтгэж яваа. Эх орондоо, өргөсөн тангарагтаа үнэнч байж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйл хэргийг нэр төртэй биелүүлсэн Г.Ганбаяртаа баярлалаа” гэв.
Мөн өнөөдөр түүнийг Нийслэлийн засаг дарга С.Батболд хүлээн авч эр зоригийг үнэлэн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Мэдээж цагдаагийн алба хаагч нь хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг. Тэр дундаа онц байдалд өөрийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварна гэдэг маш сайшаалтай хэрэг юм.
Залуухан дэслэгчдээ ажлын амжилт хүсье. Цаашид мэргэжилдээ улам чадваржиж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаална гэдэгт итгэж байна” хэмээлээ.
Ц.ХИШГЭЭ