БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа нар өнөөдөр гэр хороолол, орон сууцны дундах гэрэлтүүлэг, камерын Нэгдсэн системийн төвийн хөрөнгө оруулалт, зарцуулалт, үр дүнтэй танилцлаа.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгддэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд 80 цэгт 240 камер суурилуулсан. Мөн 2013 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 558 сая төгрөгийн хөрөнгөөр 1, 7, 12, 13, 14, 19 дүгээр хорооны нийтийн зориулалттай орон сууцны барилга орчмыг хянах 175 цэгт 175 камер суурилуулж нийт 415 камертай болсон. Эдгээр камерын ашиглалтыг сайжруулах, хэвийн ажиллагааг хангах, олон улсын жишигт нийцүүлэхээр дүүргийн 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгөөр “Теле камер” хяналтын төвийг Цагдаагийн 1 дүгээр хэлтэст нэгдсэн төв байгуулж 24 цагийн турш хянаж байна.
Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Хатанбаатараас тодруулахад
-Тус дүүрэгт камержуулалт хэр хангагдсан байдаг вэ?
-Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүрэгтэйгээ хамтраад гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр 2011 оноос хойш гудамж талбайг камержуулж ажиллаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр камер тавих төсвийг шийдвэрлээд 2012-2013 онд дүүргийн хэмжээнд 240 ширхэг камер тавьсан. 2014 онд гэмт хэрэг зөрчил их үйлдэгддэг зургаан хороог сонгож аваад 175 ширхэг камер нэмж байршуулсан. Одоо яг дүүргийн хэмжээнд 415 камерыг хянан ажиллаж байна.
-Камер ашиглаж гэмт хэрэг илрүүлэлт хэр ахицтай байна?
-Алба хаагчид камерыг 24 цагаар хянадаг. Электрон эргүүл буюу камераар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Гэмт хэргийг газар дээр нь халуун мөрөөр нь илрүүлэх, дуудлага мэдээллийг түргэн шуурхай дамжуулах дээр маш ач холбогдолтой байгаа. Бусад дүүрэгтэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт сайн. Улсын дундаж болох 61 хувиас дээгүүр буюу 76.5 хувьтай байдаг.
-Камерийн арчлалт, засвар хийгээд төсөв хөрөнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Камеруудыг анх тавихдаа ашиглалтын зардлыг нь тооцоогүй байсан. Олон жил ашиглаад ирэхээр камерын дуран бохирдох ч юм уу, утас тасрах зэрэг гэмтэл гараад эхэлдэг. Тэгвэл дүүргийн Засаг даргад ашиглалтын зардлыг шийдвэрлэж өгөх талаар санал оруулаад энэ онд дүүргийн урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ажлын төсөвт камерийн ашиглалт, үйлчилгээний зардлыг шийдвэрлэж өгөхөөр тусгасан байгаа.
-Хувийн хэвшил, аж ахуй нэгжийн камеруудыг энэхүү системтэй холбох боломж байгаа юу?
-Аж ахуй нэгжийн дотор болон гадна тавьсан камерийг цагдаагийн байгууллагын хяналтын төвтэй холбох, хяналт тавиад явах боломж бий. Энэ талаар Нийслэлийн хэмжээнд яригдаж байгаа төдийгүй судалгааны түвшинд явж байгаа.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа
“Бид шинэ мөрийн хөтөлбөрөө батлаад он гарсанаас хойш “Нэг өдөр нэг байгууллага” гэсэн аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр би Засаг даргын хувьд цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээрээ ажиллаж байна. Ер нь ямарваа ажилд хүндрэлтэй тал нь төсөв хөрөнгө байдаг. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр нилээд их хэмжээний хөрөнгө оруулалтыг дүүрэгрүүгээ татсан. Ялагуай гэмт хэргээс урьчилан сэргийлэх, Баянголчуудаа амгалан тайван байлгахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан нь одоо үр өгөөжөө өгч байна.
Бид цагдаагийн хоёрдугаар хэлтсээ байртай, есөн мотоцикл, хоёр фургон машин, 400-гаад станц, камертай болгосон. Ингэж өнгөрсөн дөрвөн жил маш сайн хөрөнгө оруулалтуудаа хийгээд авсан учир ирэх дөрвөн жилд менежментийг нь сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх дээр анаахрч ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.
Нөгөөтэйгүүр манай цагдаагийн байгууллагад камерын арчлалт хамгаалалтыг хийхэд төсөв мөнгөний асуудал тулгарч байсан. Тиймээс энэ жил бид дүүргийнхээ төсөв хөрөнгөнд энэ зардлыг суулгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх камерын арчлалт хамгаалалтыг Баянгол дүүрэг өөрөө хариуцахаар оруулж өгсөн. Энэ маань цагдаагийн байгууллагын ажлыг их хөнгөвчилж байгаа. Нөгөөтэйгүүр бид шинэ дрон хэрэглэж үзье гэж бодож байгаа. Дулаан цагт тодорхой машин явах боломжгүй газруудад дронийг нисгээд түүнийг энэ камерынхаа төвтэй холбоод явбал цагдаагийн хүн хүч, шатахуунаас эхлээд олон зүйлийг хэмнэх юм. Мөн цагдаагийн алба хаагчдаа ч гэсэн GPRS-тэй болгох юм бол хяналтыг сайжруулах давуу талтай гэж үзэж байгаа.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч дарга Э.Батбилэг
Баянгол дүүргийн хэмжээнд 2012 оны жилийн эцсийн тооллогоор 3500 гэрэлтүүлэг тоологдсон байсан. Өнгөрсөн жилүүдэд дүүргийн хэмжээнд нийт гэрэлтүүлгийн тоогоо 45 хувиар нэмэгдүүлсэн. 4.3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2592 гэрэлтүүлгийг суурилуулсан. Нийтийн эзэмшлийн зам талбайг 15 хувиар, орон сууцны гэрэлтүүлгийг 51 хувиар , гэр хорооллын гэрэлтүүлгийг 100 хувиар нэмэгдүүлж ажилласан байгаа. Мөн гэр хорооллын гэрэлтүүлгийн Нэгдсэн удирдлагын хяналтанд 100 хувь холбосон. Ингэснээр гэрэлтүүлгийн ашиглалт эрс сайжирсан үзүүлэлттэй яваа.
Дашрамд сануулахад, Баянгол дүүрэг 2013-2016 онд төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 23 хороонд гэр хороолол болон орон сууцны хороолол дунд 2592 ширхэг гэрэлтүүлгийг шинээр суурилуулжээ. Мөн гэр хорооллыг алсын удирдлагатай 100 хувь гэрэлтүүлгээр хангаж 12400 айл өрхийн гаднах гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна. Дүүргийн гэрэлтүүлгийг 2012 оны жил эцсийн тоон үзүүлэлттэй харьцуулахад нийтийн эзэмшлийг 15 хувь, орон сууцны хорооллыг 51 хувь, гэр хорооллыг 70 хувиар гэрэлтүүлгийг тус тус нэмэгдүүлжээ. Дүүргийн хэмжээний гэрэлтүүлгийг 45 хувиар нэмэгдүүлж хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.ЧИМЭГ